Олигархид дургүй олигархи

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлд Улсын баатар цол нь “хүнддэж” эхлэв бололтой. Олны хайртай улс төрчийн рейтингийг цаг үргэлж тэргүүлэн, “Манай Үүл ч яах вэ, мөрөөрөө байдаг юм” гэсэн зөөлөн сэтгэлд “манцуйлагдаж” ирсэн түүнийг энэ цагаас эхлэн “олигархи Э.Бат-Үүл” хэмээн цоллох хэрэгтэй боллоо. Учир нь түүний ясны дургүй Н.Энхбаяр нь түүнд уг “цол”-ыг олгосон юм. Тэгэхдээ бүр дан ганцааранд нь бус, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд С.Батболд нартай эн зэрэгцүүлсэн байна билээ. Үнэхээр ч ардчилсан хувьсгалаас хойш улс төр дэх өөрийн байр сууриа тавьж өгөөгүй түүнийг ер нь яагаад ч олигархи хэмээн нэрийдэж болохгүй байв гэж дээ. “Ардчиллын үед Э.Бат-Үүл тэргүүтнийг албанаас нь буулгаж болохгүй” гэсэн батлагдаагүй хууль түүний төлөө үйлчилдэг ч юм билүү, бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ эд хөрөнгө энэ тэрийнх нь хувьд бол Ерөнхий сайдтай дүйцүүлж олигархи гэж нэрийдвэл жинхэнэ олигархиудын нэр хүндэд сөрөг нөлөө учруулж болох л юм. Сураг дуулах нь ээ, Э.Бат-Үүл гишүүнийг үнэнийг хэлдгийнх нь төлөө олигархи цол өгсөн бололтой. Ямартаа ч Үүл гишүүн маань Н.Энхбаярт дургүй гэдгээ “Олигархийн загалмайлсан эцэг Н.Энхбаяр юу хэлэв” гэсэн нийтлэлдээ онцолсон байсан. Өнгөрсөн 20 жилийн турш ганцаараа “Олигархи төрийг халах хэрэгтэй” гэж чуулганы танхимд зарласан байтал Сүхбаатарын талбайд Н.Энхбаяр түүнийг нь хэлээд эхлэхээр арга ч үгүй байлгүй. Олигархид дургүй олигархи гэж бас байх юм даа.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top