Монголын томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан Хөгжлийн банк 800 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхтэй боллоо. Өчигдөр сангийн сайд Д.Баярцогт Засгийн газрын нэрийн өмнөөс “Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны гэрчилгээ” болон “Монгол Улсын Засгийн газрын баталгаа”-ны загварыг баталж, тус банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуунд гардуулан өглөө. Ингэснээр Хөгжлийн банк нь бонд буюу Засгийн газраас баталгаажуулсан үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, худалдаалах боломжтой болж байна гэсэн үг. Монгол Улс өмнө нь олон удаа бонд гаргаж байсан ч анх удаа ДНБ-нийхээ 9.8 хувьтай тэнцэхүйц их хэмжээний бонд гаргаж байгаа нь энэ юм. Бонд гэдэг бол банкны хадгаламжтай адилхан үйлчилгээ. Иргэн та засгийн газрын бондыг худалдан авснаар хугацааны төгсгөлд тогтоосон хүүний хамтаар мөнгөө өсгөж авна. Засгийн газрын бонд нь арилжааны банкны хадгаламжийг бодвол хүү багатай ч, эрсдэлгүй байдгаараа давуу талтай.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )