Гавъяат жүжигчин Сосорбарам нийслэлийн төв талбайд үндэсний өв соёлоо зарлаж, иргэдийнхээ ая тухтай амарч суух дэгжин цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар хандивын тоглолтоо хийгээд амьсгаа өндөртэй явна. Зав чөлөөнд нь Чойномын нэрэмжит театртаа шинэ уран бүтээл хийж байгаа гэнэ. Ер нь зүгээр сууж чаддаггүй хүн л дээ. Бас элдэв шоу нэвтрүүлэгт орж “Өөрийгөө тоож” элдвийг ярин амьтан хүний инээдийг барна. Саяхан мань хүн хоол хийдэг шоунд орж ам халав. Халсан ам сүүлдээ “Би чинь есөн хоног юу ч идэлгүй мацаг барьдаг байхгүй юу” гээд туучихав. Шоу хөтлөгчид ч гайхаж байна гэдэг жигтэйхэн. Инээдээ барьж ядаж байна. Мацаг барих, бясалгах хийх арга ухаанаар сүүлийн үед хүмүүс гойд хичээллэж байгаа болохоор Со гавьяат ч ийм зүйлд цагаа зарцуулж байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Гэхдээ түүний энэ яриаг сонссон зарим нь нөгөө шоу хөтлөгчдийнх нь нэгэн адил итгэл муутай байна. Мацаг баригчид голцуу бие галбир нь гоолиг, туранхай болдог гэлцдэг. Харин Сосорбарам гавьяатын гэдэс улам томорч, харвин зузааран унжиж тун эв хавгүй харагддаг болоод байгаа. Гавъяат маань ч үнэндээ их ярих юм. Яриандаа халаад ирэхээрээ хааяа жаахан дэгэсдүүлээд байдаг болчихоо юу даа. Юу ч идэлгүй есөн хоног мацаг баривал энэ харвин, гэдэс хоёроос гадна гавьяат маань өөрөө ер нь үлдэх болов уу даа. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ, Мацаг барихаар түүн шиг том гэдэгстэй болдог байж болох л юм. Орчлонд тааж боломгүй гайхамшигтай зүйлс алийг тэр гэхэв.
Р.Зоригт. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )