Миний дуунууд хэчнээн цаг хугацаа орон зайг туулж, танд баясал гуниг, ухаарлын алийг нь авчрахыг би таашгүй... эдгээр үгсийг цээжлээгүй атал сэтгэлд Балхжав гэдэг нэртэй сүлэлдэн орж ирэх нь түүний ямархуу зангарагтай уран бүтээлч вэ гэдгийг тодхон харуулна.Спортод босоо аварга гэж байдаг шиг Монголд хэн хамгийн олон удаа уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, сэтгэлд хоногшсон олон сайхан дууны аяыг зохиосон бэ гэвэл ард түмэн дуу нэгтэйгээр UBS телевизийн захирал Балхжавыг нэрлэх биз. Түүний “Миний дуунууд” тоглолт 10 гаруй удаа тоглогдож, тооны машинд цохиж үзээгүй ч уран бүтээлийнх нь тоо 400 дөхөөд байна. Балхаа захирал өглөө гэрээсээ гаруутаа ургаж буй наранд өдрийнхөө ажил үйлсийг даатгадаг. Амьдрал, ажил үйлс нь тэгш яваа захирал ганцхан зүйлд харамсаж явдаг гэнэ. Тэр нь телевизийн найруулагчаар бус, хөгжмийн чиглэлээр номын дуу сонсож, ногоотой шөлийг нь идсэн бол үүнээс ихийг хийх байсан гэж дотны найзууддаа хааяа нэг ярьдаг гэнэ шүү. Харин багадаа сонирхлоороо морин хуурт дурлах болсон нь түүний урлагтай холбогдох замыг заасан гэдэг юм билээ. Аялгуу сайхан дуугаараа ард түмнийхээ сонорыг мялааж, авьяаслаг олон залуусыг урлагийн тайзнаа хөтөлсөн Балхаа захиралдаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )