Монгол Улсад саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт хэмээх хатагтай морилон саатаад өнгөрлөө. Гэтэл түүнд манай төр засаг, тэр дундаа ардчиллынхан хөл алдан нохой шиг дагаж гүйсээр явууллаа. Гэхдээ түүнийг “Монголын ардчиллын өндөр ээж” хэмээн хүндэтгэсэн юм байх. Үүнийг нь сонссон АН-ын экс дарга М.Энхсайхан эмгэнэн гашуудаж “Ард түмний их хуралдай”-д тайлагнав. Түүнийхээр америк маягийн ардчилал Монголын загвар огт биш, харин Үндэсний ардчилал бол загвар мөн билээ. Эхэндээ “авлигын загалмайлсан эцэг”-ээр өөрөө тодруулсан нэгнийг үзэн яддаг асан түүний хувьд америк маягийн ардчиллыг хуулбарлагч одоогийн Ерөнхийлөгч бол нүдэнд нь, бас шүдэнд нь торсон хог болоод байгааг харж болохоор байлаа. Гэхдээ түүнийг тун удахгүй энэ “хог”-тойгоо хамт өөр нэгнийг хог болгох гээд явж байвал битгий гайхаарай. Монголын төрийг бузар булай, өөрийгөө цэвэр сайхан болгохыг мөрөөдөгч энэ мэтийн хүмүүс битгий хэл, нэрээ байнга эдэнд ашиглуулдаг ард түмэн бид Монголын ардчилалд өндөр ээж нь энэ чех эмгэн биш гэдгийг хэдийнэ мэдэх билээ. Тэгэхээр М.Энхсайхан мэтийн хүмүүст Монголын ардчиллын өндөр ээж энэ хэмээн зааж өгөх үү, эсвэл тийм өндөр ээж гэж огт байхгүйг ухуулах уу. Аль нь зүйтэй бол.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )