Монгол Улсад хэн эх оронч болдог вэ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нар саяхны нэг өдөр мэдээлэл хийсэн. Тэдний хувьд өнөөгийн УИХ-д ард түмний төлөөлөгчийн үүргээ “нэр төр”-тэйгөөр биелүүлж байгаа хамгийн мундаг “эх оронч” гишүүд мөн билээ. Тэд стратегийн орд газрыг хуулийн дагуу ашиглахгүй байгаа талаарх баримтыг дэлгэсэн. Тухайлахад, Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 5.4-т зааснаар “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувь байж болно” гэсэн байдаг аж. Тэгвэл энэ нь манайд огт хэрэгжихгүй байгаа гэнэ. Учир нь юу гэвэл Монгол Улсад ашиглагдаж байгаа стратегийн 15 ордын 14-ийнх нь нөөцийг улсын хөрөнгөөр тогтоожээ. Гэтэл энэ ордуудыг ашиглахдаа дээрх хуулийн заалтыг дагаж мөрдөлгүй үйл ажиллагааг нь эхлүүлдэг байна. Эдгээр ордуудын төрийн өмчид байх ёстой 50 хувийг нь эзэмших нь битгий хэл, ашиглах зөвшөөрлийг нь авахаасаа өмнө ашигт малтмалыг нь олборлон зөөдөг тухай тэд бас дурдсан. Үүгээрээ тэд Засгийн газар, тэр дундаа салбарынх нь сайд хамгийн их буруутай гэлээ. Гэхдээ тэд өөрсдийнхөө бурууг огт ойлгохгүй байх шиг. Мань хашрууд уг нь хамгийн их бурууг өөрсдөдөө хүлээх ёстой хүмүүс. Хэрвээ монголчуудын, Монгол Улсын зол болон баахан ашигт малтмалын ордууд илрээгүй байсан бол тэд яах байсан юм бол. Д.Ганхуяг гэхэд л Монголын ноолуурт хужаа нар ноёрхож байхад амин хувиа хичээгээд л явж байсан эр. Зах зээл эхлэхээс л ноолуурын бизнесээр дагнасан түүний хувьд уг салбарыг өнөөгийн байдалд хүргүүлэхгүйн төлөө тууштай тэмцэх боломж байсан. Тэгээд ч 10 гаруй жилийн өмнө байдал өнөөгийнх шиг байгаагүй билээ. Тэгвэл Ц.Шинэбаярын хувьд Монголын хамгийн том нүүрсний ордуудын нэг Адуунчулууныг соц нийгмийн үед Хэрлэнгийн мөсийг долоох шахам байгаад авчихсан азтай эр. Тэгэхээр түүний хувьд монголчуудын нийтийн эрх ашгаас илүү өөрөө л болсон бол гэсэн сэтгэл дийлж байгаа мэт санагдана. Харин С.Эрдэнийн хувьд хөөрхий минь “Үндэсний удирдагч”-тай хэд хэдэн сонгуульд үзсээр арайхийж нэг юм гараад санаа нь амарч “тэмцэх” гэтэл нөхөд нь дайсныхаа хөнжилд шургачихаад түүнийг үл тоон хаяж орхисон. Гэхдээ мань эр ардчиллын нэрээр дүүргийн Засаг дарга байхдаа хоосон хоцроогүй. Харин ч Баянгол дүүргийн газраас нааш цааш болгон багагүй “хөлжсөн” гэлцдэг юм билээ. Хэрвээ Монгол Улсад газрын энэ их баялаг илрээгүй бол мань баячууд яах байсан бол. Тэднээс харин ард түмэн “идүүлснээ” нэхээд сүйд хийж байхгүй юу. Одоо өөрсдийг нь бус, газрын баялгаа нэхэх олны хандлагыг мэдэрч буйн хувьд олонд таалагдахын тулд л “Эх оронч”-ийн дүрд хувилан тоглож явна бус уу. Бусад эх орончид ч эднээс нэг их ялгарахгүй. Өнөөдөр ард түмэн гээд цээжээ дэлдээд байгаа болгон жирийн та биднийг бодвол 100 саяас дээш үнэлгээтэй ордон мэт тухлаг сууцанд амьдраад том том жийп машин хөлөглөөд л давхиж явдаг юм. Хамгийн их олны төлөө ам ангайдаг Г.Уянгыг л аваад үзэхэд хэдэн жилийн өмнө мань шигээ л нэг хоёр өрөө байртай болохын мөрөөдөл болсон залуу гэр бүлийн жишиг болсон нэгэн байсан гэдэг. Тэгвэл таны төлөө, бидний төлөө гэсээр аль хэдийнэ юм юмтай болж амжсан байгаа нь хачирхалтай биш гэж үү. Ийм л “эх оронч”-доор удирдуулж яваа нь монгол түмний эз үү, эсвэл ... Энэ “эх оронч”-дыг харахаар нөгөө дундад зууны үеийн эмгэнэлт түүх шиг, энэ бидний цагийн эхлэл үед байсан шиг “анархи” нөхдүүдийн хэвшмэл дүр л нүдэнд бууна. Эртнийх нь хаандаа захирагдахгүй гээд харийн хаан дагаад, харин тэр нь тоохгүй болохоор “эх оронч”-ийн гайхамшигт дүрд чадмаг нь аргагүй хувилж чадсан. Харин өнөө цагийнх нь өөрсдөө хамт “тэмцэж” яваад хамт гарч ирсэн ч өөрсдөдөө сандал суудал олж авч чадаагүй учир “эх оронч”-ийн дүрд хувилагсад. Эднийг бусдаас нь ялгаж харах гээд ямар ч арга алга. Тэгэхээр эх оронч гэж эд л лав биш. Тэгвэл энэ Монголд маань Эх оронч гэж байна уу.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )