Төр, засгийн эрхийг хамтарч барьж байгаа хоёр гол намынхан ирэх сонгуульд хэн нэр дэвшихээс болж дотроо хагаралдаад эхэлчихжээ. Учир нь одоогийн УИХ-д сууж байгаа хуучин гишүүд нь ирэх жил нэр дэвших эрх намаасаа авч чадахгүй болохоос үнэхээр айж байна. Тэд өөрсдийг нь мөнгөтэй залуус мөргөж магадгүй учир тийнхүү эмгэнэн гашуудаж буй хэрэг. МАН-аас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Завханд нэр дэвшин сонгогдсон гишүүд төдийгүй, нэр дэвшиж байсан, дахиад ч дэвших хүсэлтэй нөхдүүд хамгийн их айж байгаа гэнэ. Хэнтийгээс сонгогдсон “гурван тэнэг” гэж хочлогдсон нөхдүүд “Их засаг”-ийн “улаан” хэмээх Н.Ням-Осорын хүү Н.Учрал буюу Тимон хэмээх залуугаас айж байгаа юм. Аав нь хувийн нам байгуулан сонгууль бүрд хүч үзээд ганц ч цухуйж чадаагүй учир намаа ИЗН-д нэгтгэн бэлэглэж орхисон. Харин хүүгээ МАН-ыг түшүүлж хөрөнгө мөнгийг хаях шиг болж гүйцээгээгүй хүслээ гүйцээлгэх гэж байгаа хэрэг. Мань залуу ч аавынхаа сууж үзээгүй УИХ-ын гишүүний сэнтийд суухын тулд Хэнтий аймгийг онилчихоод гүйсээр байгаа. Үүнд нь Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гурав хэн нэг нь мөргөгдөх вий хэмээн хялайх болсон гэнэ. Тэгвэл Дорнодын Засаг дарга Ц.Жанлав гэгч эр Ц.Шинэбаярыг хуучин МАХН-аа сэргээхээр явж одсонд баярлан дэвхцэж нэр дэвших бэлтгэлдээ бараг гарчихаад байсан гэх. Гэтэл түүнд Монголын хамгийн баян хүмүүсийн нэг Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр гэх хөвүүн шавар хааж эхлээд байгаа. Тиймээс Ц.Жанлавын шээс бараг гоожиж байгаа юм байх. Сүхбаатарт бол Ч.Улаан “сайд”, Р.Буд хоёр өөрсдийгөө хаалтгүй гэж үздэг ч нутгийнх нь мөнгөтэй залуу болох “Моннис”-ийн Б.Чулуунбаатар болон намынх нь генсек У.Хүрэлсүх нар шаварлан айлгах болоод байгаа. Өмнөх сонгуулиар босс залуу хоёр ахдаа нэг удаа найр тавьсан бол энэ удаа яс үзэхээр шийдсэн гэлцэнэ. Булган аймгийн тухайд Э.Мөнх-Очир дахих нь тодорхой. Ц.Цэнгэл ч ахин нэг үзээд алдана гэдгээ хэдийнэ илэрхийлсэн. Тэрээр нэгэн ярилцлагадаа 2016 онд би өөрийн компанийнхаа нэрийг ашиглаж буй нөхдүүдтэй заргалдана гэсэн байсан. Энэ нь ахин нэр дэвшиж дахин нэг парламентын бүрэн эрхийг дуустал суухаа илэрхийлсэн хэрэг мөн билээ. Харин түүний хүсэлд “Сод Монгол”-ын Ц.Анандбазар гэх залуу шавар хаах магадлал тун өндөр байгаа юм. Мань залуу бол мөнгөтэй ч, нөлөөтэй ч болоод удаж байгаа нэгэн. Завханд ч мөн адил өмнө сонгогдсон Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир гурав хэн нь дахин нэр дэвших эрх олж авч чадахгүй болох вэ гэдгээс айж яваа юм. Тэдний нэгийг жийх хүн нь талийгаач Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг гэдэг залуу. Мань залуу намдаа ч мөнгө хандивлаад Завханд ч бөөн мөнгө хаях болоод байгаа гэнэ. АН-ын хувьд ч ялгаагүй. Өвөрхангайд гэхэд л Р.Бадамдамдин гэх эр хүүгийнхээ хамт аль хэдийнэ сурталчилгаа хийгээд эхэлчихсэн гэнэ. Гэхдээ мань эрд гурван нөхөр нь зайгаа тавьж өгтлөө л удах нь ойлгомжтой. Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд бол АН-аас нэр дэвших хүсэлтнүүд чихэлдэх шиг болж байгаа. Тэдэнд одоогийн сонгогдсон гишүүд нь бас л аллергитсээр. Л.Болд төрсөн нутаг Баянхонгороо зоривол Хан-Уулд Женко болон Шунхлайнхан орыг нь эзлэхээр үзэж тарах нь ойлгомжтой болоод байгаа юм. Чингэлтэйд гишүүн асан Б.Батбаатар хоёр жил хэрэлдэж байж байр сууриа бэхжүүлж авсан ба түүний сонголтонд таарсан нэгэн л нэр дэвших эрх авах болсон нь бас том асуудал үүсгээд байгаа юм. Энэ мэтээр сонгууль угтсан хэрүүл даамжран газар авсаар байна. Энэ дундаас Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын тойргийн гадуур байгаа хашир бурхинууд ашиг олно гэж тооцоолж байгаа нь ч тодорхой болоод байна.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )