“Сан” гэдэг мөнгөний уутыг Авлигатай тэмцэгчдийн дарга Ч.Сангарагчаа хүртэл сэгсрэлцжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Монголд мөнгөний машинууд хар эрчээрээ уралдаж байна. Машиныг ихэвчлэн төр, засгийн эрхмүүд жолоодож яваа болохоор элдэв “осол аваар” гарна гэж санахын гарз бололтой. Харин тэдгээр машинуудын мөнгөө хуримтлуулах, түгээх схем нь яг ижилхэн ажээ. Төр, засгийн шийдвэрийг зөвхөн өөрсөддөө ашигтайгаар гаргана. Түүнийгээ хэрэгжүүлэхээр ах дүү, амраг садныхаа багийг бүрдүүлэн машиндаа суулгаж аваад давхиж гарна. Маш энгийн, хэнд ч ойлгомжтой гоё схем байгаа биз. Одоо хэдүүлээ нэг жишээ татаад үзье. Газрын тосны газар гэж агентлаг бий. Дорнодын их талаас Хятад руу зөөж байгаа түүхий нефть, бас бус юм хариуцдаг газар. Нефть хэдий хэмжээгээр Хятад руу хямдхан үнээр гарна төдий хэмжээгээр өндөр ашиг олдог төрийн байгууллага гэвэл хүмүүст илүү сайн ойлгогдох байх. Энэ газрынхан дээрх схемээр ажиллаж байна. Тэд дэргэдээ “Урамшууллын тусгай сан” гэгчийг байгуулжээ. Нөгөө “Төрийн сан” гэдэг шиг. “Төрийн сан”-гаас гадаад дотоодын их дээд сургуулиудад суралцахыг сүсэгчдэд дэмжлэг үзүүлж зээд олгодог байлаа. Одоо энэ санг “Хүний хөгжил сан”-д нийлүүлээд байгаа. Тэгвэл “Урамшууллын тусгай сан” нь зөвхөн хар алтны инженерүүдийг бэлтгэхэд зориулагдсан юм гэнэ. Сангийн хөрөнгөө нефтийн уурхайнуудаас хандиваар бүрдүүлдэг юм байна. Нэг компаниас доод тал нь 50 мянган ам.доллар авдаг. Одоогоор энэ санд 5 сая гаруй ам.доллар хуримтлагджээ. Үүгээр АНУ, Канад, БНХАУ зэрэг долоон улсад оюутан суралцуулж байна. Саяхан нэмж 80 гаруй оюутныг гадагш нь суралцуулахаар болов. Ингэхдээ гол нь зөвхөн Газрын тосны газарт ажиллагсад хүүхдүүдээ гадаадад сургах “журамтай”. Өөр газраас хэн ч суралцахгүй. Оюуны чадвараараа гайхуулсан хэний ч хүүхдэд ийм боломж олдохгүй. Сонин байгаа биз. Тус газарт ажилладаг л бол хүүхэд нь нооль сурлагатай нь хамаагүй, гадаад руу ногоон гэрлээр яваад өгнө. Эхний ээлжинд томоохон дарга нарын хүүхдүүд яваад байна. Гэхдээ Газрын тосны газарт хамааралтай эсэх нь хамаагүй болчихжээ. ҮАБЗ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадорж, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Энхмандах зэрэг албан тушаалтан хүүхдээ шургуулж байна. Тэд Газрын тосны газарт ямар нэгэн ажил хариуцдаггүй. Мөн одоо шоронд ороод байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа ч газрын тосны газарт огт падгүй. Гэтэл түүний хүү энэ сангийн хөрөнгөөр Америкт сурч байна. Тэгэхээр Газрын тосны газар нь дан ганц өөрсдийн ажилтнуудын хүүхдүүдэд үйлчлэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл хэтэрхий явцуу хүрээнд хийгдсэн журмаа тэд зөрчжээ. Хуучин төрийн сангийн зээл өгч байхад одоогийн Сангийн сайд С.Баярцогт гурван дүүгээ Америк, Франц зэрэг оронд зээлээр суралцуулаад мөнгөө төлөөгүй байсан. Тэгвэл газрын тосны газарт хамааралгүй дээрх эрхмүүдийн хүүхдүүд ч зээлээ төлөхгүй байх аа. Гаалийн Ерөнхий газар бас нэг ийм сан байгуулаад орон сууц барьж УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ө.Энхтүвшин болон тэдний хань хамсаатнуудыг байраар хангаад дараа нь удалгүй өмч хувьчлалд оруулан үнэгүйгээр өгсөн байсан. Газрын тосны газрын “Урамшууллын тусгай сан” мөн ялгаагүй ийм замаар төрийн эрх мэдэлтнүүдийг тэтгэх “сан”, мөнгө хөрөнгө завших хэрэгсэл болсон нь ойлгомжтой байна. Тус сангийн санхүүгийн дэмжлэгээр гадаадад суралцахаар явсан хүүхдүүдийн нэг онцлог нь ямар ч сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд явцгаасан байгаа юм. Өөр бас нэг гайхалтай зүйл бол тэдгээр суралцагсад цөмөөрөө уул уурхайн мэргэжил сонгоогүй. Манайд өнөөдөр хог болчихоод байгаа хууль эрх зүйч, түүхч, эдийн засагч гэх зэрэг мэргэжлээр сурч байгаа нь инээдтэй бөгөөд тун эмгэнэлтэй ажээ. Дарга нар “Сан” гэдэг мөнгөний ийм уут хийгээд түүнийгээ тал талаас нь зэрэг бариад тийнхүү сэгсэрч байна. Үүнийг нь Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа ч бас сэгсрэлцээд авчээ. “Сан” гэдэг мөнгөний энэ машин том ууттай мөнгөө ачин хурдалж, дарга нар уутыг нь сэгсэрч хэдий болтол хөлжихийг бүү мэд. Арай дэндэж байна аа.   

Б.Отгонбаяр.Zindaa.mn   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top