“Сүмтэй бударын чулуу” дахин мэндэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Ардын уран зохиолч Т.Галсан нэгэнтээ “Р.Чойном бол Нууц товчооны ил задгай үргэлжлэл байв” хэмээн хожуухан боловч зоригтойгоор үнэлсэн удаатай. Энэ үг яах аргагүй үнэн гэдгийг Цагаан морин жилээр гарсан “Сүмтэй бударын чулуу” номноос эхлээд олны хүртээл болсон их найрагчийн 20 гаруй ном гэрчлэх бүлгээ. Д.Ганболд захиралтай Р.Чойномын “Өд” сангаас найрагчийн номнуудыг 2000 оноос эхлэн удаа дараалан хэвлүүлсээр ирсэн бөгөөд саявтар “Сүмтэй бударын чулуу”-ны нэмж засварласан хоёр дахь номыг хоёр ботиор нэн сайхнаар хэвлүүлэн уншигч олондоо өргөн барив. Шүлэг, найраглал гэсэн энэхүү хоёр боть бол уншиж завдаагүй мөр, бадгууд, халуун дотно үгсээр сэлбэгдэн баяжигдсан тул таны таалан унших шилдэг номын тоонд орох нь дамжигггүй. “Чойномын урын санд хадгалагдаж  байгаа гар эх бичмэлтэй нягтлан тулгаж, гоо зүй, яруу сайхны хувьд ноцтой харшлах зүйлгүй бол үгүй болоочийн гал цогтой халуун үгийг өнөө дахин “цензурдахаас” татгалзан, үг, үсгийн алдаа зөрүү, хасагдсан буюу огт мэдэгдээгүй орхигдсон мөр шүлгүүдийг нөхөн сэргээлээ” хэмээн номын оршилд МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой онцлон тэмдэглэжээ. Монголын яруу найргийн мөнхийн од болсон “Сүмтэй бударын чулуу” хэмээх ном хоёр дахь удаагаа уншигч танд очиж байгааг баяртайгаар дуулгая.

Э.Хархүү Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top