АН-ын дарга Н.Алтанхуяг “Засгийн газрыг огцруулах гэсэн нөхдөө ална” гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

С.Баярын “баруун гар” хэмээн нэрлэгдэж байсан Н.Алтанхуяг АН-ын дарга болсныхоо дараа хамтарсан Засгийн газар байгуулах ажилд өөрийн намын зүгээс идэвхтэй оролцож эхэлсэн. Тэрээр ам бардам “Би энэ хамтарсан Засгийн газарт ямар ч алба хашихгүй. Та нар харж байгаарай” хэмээн цээжээ балбаж явсан юм. Харамсалтай нь АН хамтарсан Засгийн газарт дагаар орсон төдийгүй Н.Алтанхуяг шадар сайдын сэнтийд заларсан. УИХ-ын сонгууль хаяанд ирсэн өнөө цагт зарим гишүүд уснаас хуурай гарахын тулд “Хамтарсан Засгийн газрыг огцор!” гэж олны өмнө гар занган заналхийлэх болжээ. МАН-ын гишүүн Г.Ганбямба, “улаан хацарт” Ц.Батбаяр, Э.Мөнх-Оргил, Тэрбишдагва нар энэ бүхнийг албан ёсоор мэдэгдсэн бол АН-ын гишүүн Фортуна Батбаяр, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар ч дуугүй суусангүй. Тус намын лидерүүд цугласан нэгэн хүлээн авалтан дээр халамцсан намын дарга Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газрын унагаах тухай яриа манайхны дотор гарч болохгүй. Ална шүү” хэмээн шүд зуун хэлсэн дуулдана. Гадаа жанжны талбайд Их хуралдайгийн төлөөлөгчид 15 олигархиудыг нэрлэж, хэзээ хэзээгүй хувьсгал хийхээр зэхэж байхад Н.Алтанхуягийн хэлсэн үг дайран дээр давс нэмсэн үг болов.

Эх сурвалж: Одоо цаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top