Африкт монгол оюутан амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Африкийн нэгэн улсад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэсэг залуусын гарт монгол оюутан амиа алдсан тухай эх сурвалж мэдээллээ. Монгол Улсын харьяат 19 настай Э гэх оюутан эмэгтэй Африкийн Марокко улсын Марракеши хотод Лалын шашны сургуульд анхны жилдээ суралцаж байжээ. Уг хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 17-ны өдөр гарчээ. Э оршин суудаг дотуур байрнаасаа номын санд суухаар гарч, улмаар 24 цагийн турш сураггүй алга болсон гэнэ. Ингээд дотуур байранд нь хамт амьдарч байсан монгол оюутнууд нь тус хотын хууль сахиулах албаныханд мэдэгдэн, түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаагийн албан хаагчид бүтэн өдрийн турш эрж хайсны эцэст оюутан эмэгтэйн цогцсыг тус улсын Марракеши хотын захын дүүргээс олсон байна. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Э өнгөрөгч гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 04.00 цагийн орчим /Марокко улсын цагаар/ автомашины осолд өртөн амь насаа алдсан гэв. Талийгаачийн аминд хүрсэн автомашины жолоочийг цагдаагийн ажилтнууд аль эрт баривчилж, одоогоор хэргийг нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Уг хоёр эх сурвалжийн мэдээллийг үнэн эсэхийг тодруулахаар өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягт хандсан боловч ”Марокко улсад монгол оюутан нас бараагүй” гэсэн тайлбараас өөрийг өгсөнгүй. Эл мэдээллийг дахин тодруулахаар тус яаманд бичгээр хүсэлт гаргасны дүнд тэрбээр өнөөдөр /өчигдөр/ “Африкийн Марокко Улсад Монгол Улсын иргэн 19 настай оюутан автомашины осолд өртөн нас барсан гэсэн мэдээлэл манай Гадаад харилцааны яамны Консулын газарт Марокко улсаас Кувейтэд суух Элчин сайдын яамаар дамжин  албан ёсоор ирсэн” гэж хоёрхон хоногийн дотор хоёр өөр хариулт хэлээд сууж байх юм. Улмаар талийгаачийн ар гэрийнхнийг Марокко улс руу Кувейтэд суугаа Элчин сайдын яамаар дамжин явсан байна. Одоогоор цогцсыг нь чандарлан Монголд авчирчээ. Мансууруулах бодис хэрэглэсэн хэсэг бүлэг залуус монгол оюутны аминд хүрсэн нь үнэн эсэхийг албаны эх сурвалж няцааж байна. Талийгаач охины цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр Э ямар нэг төрлийн согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй нь тогтоогдсон гэнэ. Ер нь Африкт монгол оюутан амь үрэгдсэн мэдээллийг албаны эх сурвалжууд яагаад нууцлах болов. Оюутан охины үхлийн шалтгаан юу байв гэдэг асуултад хариулт өгөх хүн алга.  Мароккод Монголын 17 оюутан Лалын шашны сургуульд суралцдаг  бөгөөд  ихэвчлэн Баян-Өлгий аймгийн харьяат аж. Гэвч тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй байна. Монгол Улсыг гадаадтай харилцуулах гүүр болж буй байгууллага нь ийнхүү ямар ч мэдээлэлгүй байхад хэн энэ асуултанд хариулт өгөх юм болоо.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top