Хятадууд “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гээд хулхидав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Чанаргүй барилгууд шил даран гарч ирсээр байна. Одоогоор шалгаж тогтоогоод ашиглалтанд хүлээн аваагүй 32 барилга байгаа гэнэ. Японд болсон цунамийн гамшигаас сургамж авч барилгаа чанаржуулах талаар яам, газар, компаниуд олигтой юм ойрдоо хийхгүй нь бололтой. Японд олон барилга нурсан. Гэхдээ харьцангуй цөөн барилга эрсдэлд орсон гэж тэд өөрсдөө үнэлж байгаа. Учир нь япончууд барилга барих өөрийн гэсэн өвөрмөц технологитой. Цунами болоод өнгөрсний дараа дахиад 7,5 баллын газар хөдлөлтийн үеэр 76 давхар барилга найган ганхаж байлаа. Нурж унаагүй шүү. Тэр байшингийн 73 дахь давхарт нь байсан монгол эмэгтэй эх орон нэгтэнүүд рүүгээ утасдаад хэдийгээр айж байгаагаа хэлсэн ч тун бахархалтайгаар барилгынхаа чанарыг өгүүлж байсан юм. Тэгвэл манай барилгуудаас газар хөдлөлтөнд хэд нь тогтож үлдэх бол. Ийм тааврыг нүдээ аньж суугаад тааж хэлэх аргагүй. Саяхан Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Яармагийн дэнжид баригдсан спорт цогцолбор гэхэд л чанаргүй болсон тухай мэргэжлийн хүмүүс  мэдээллээ. Энэ барилгыг баригдах явцад манайхаас мэргэжлийн баг гарч чанарыг шалгаж байх ёстой байжээ. Гэтэл манай дарга нар хятадуудын аманд багтаж унаад энэ ажлаа мартсан байв. Хятадын тал “Манайх буцалтгүй тусламжаар бэлгэнд өгч байгаа барилга болохоор та нар хянах хэрэггүй. Манайх барилгачдаа дотооддоо хянах боломжтой. Санаа зоволтгүй” гэсэн байв. Өөрөөр хэлбэл хятадууд “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэсэн монголчуудын өөрсдийнх нь зангаар хулхидах аргаа олжээ. Мэргэжлийн хяналтынхан одоо энэ барилгыг ашиглалтанд хүлээн авахаас татгалзаад байна. Монгол мэргэжилтнүүд дахин шалгаж нягтлахаар боллоо. Гэвч улсын комисс хүлээж аваагүй спорт цогцолборт олон улсын чанартай тэмцээн явагдаж л байна. Уг цогцолборт нь орж үзэхэд нүд гялбам өнгө үзэмж алаглах боловч харамсалтай нь 5045 хүний суудалтай хэрнээ тамирчид усанд орох нэг ч өрөөгүй ажээ. Дугуй, хөлбөмбөг, усны спортоос бусад бүх төрлийн тэмцээн явуулах боломжтой гэж эрх мэдэлтнүүдийн бахархаад байсан бэлгийн энэ барилгад өөр олон дутагдал байгаа гэнэ. Инженерийн шугам сүлжээ муутайгаас гадна түрүүчээсээ хана туурга нь ан цав гарчээ. Монголчууд маань өөрсдөө хариуцлагагүй, дээр нь хятадуудын бэлгэнд ийнхүү давхар мэхлүүлж байна.  

З.Энхээ.Zindaa.mn        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top