Яармагийн дэнжид 300 ортой найман давхар эмнэлэг сүндэрлэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

 

Хан-Уул дүүрэгт болсон Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн  шав тавих ёслолд С.Ламбаа, Улаанбаатар хотын удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан оролцов.Мөн тус эмнэлгийг барьсан “Нийслэл өргөө”, “ПУМА” констракшны удирдлагууд болон барилгачид оролцсон юм. Уг ёслолын үеэр Ерөнхий сайд С. Батболд “Төр засаг эрүүл мэндийн салбарт, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллаж байна. 10 аймагт тус бүр 50 ортой төрөх эмнэлэг барихаар төлөвлөсөн. Барилгын ажил эхнээсээ явж байна” хэмээв. Эмнэлгийн барилгыг төлөвлөсөн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч хоёр компанид онцгойлон анхаарууллаа.Өчигдөр шаваа тавьсан Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг Яармагийн дэнжид сүндэрлэнэ. Найман давхар 300 ортой эмнэлгийн барилгын ажлыг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар улсын төсвөөс 19 тэрбум төгрөг зарцуулжээ. Уг эмнэлэг Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн дагуу баригдаж байгаа бөгөөд энэ орчмыг эрүүл мэнд, спорт олимпийн цогцолбор болгох юм байна.Дашрамд дуулгахад өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд С.Батболд  Кувейт Улсад айлчилсан. Энэ үеэрээ  16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын тувшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг эх орондоо барихаар яриа хэлэлцээр хийжээ. 
   Түүнчлэн БНСУ-д улсад айлчлахдаа тус улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр ярилцсан байна. Энэ хүрээнд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Үндэсний оношлогооны төв барихаар болсон билээ.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top