МАХН-ын гишүүдэд Ц.Амарсайхан шүүгч дахиад л хууль тайлбарлав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

МАХН-ын 20 орчим гишүүд өчигдөр Улсын Дээд шүүхийн гадаа жагсаж, нэрийг нь бүртгэхийг шаардав. Тэд Сүхбаатарын талбайгаас хөдөлж, “МАХН-ын нэрийг бүртгэхийг шаардаж байна” гэсэн уриа лоозон, намынхаа туг далбааг барьсан байлаа. МАХН-ын гишүүд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригттой уулзуулахыг шаардсан боловч тэрээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа юм. Иймээс тэд Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайхантай уулзав. Шүүгч хэсэг хугацаанд хүлээлгэсэн нь жагсагчдыг бухимдууллаа. Ингээд 30 орчим мунутын дараа Ц.Амарсайхан шүүгч МАХН-ын гишүүдтэй уулзсан юм. Жагсагчдын зүгээс Улсын Дээд шүүх МАН-ын захиалгаар МАХН-ын нэрийг бүртгэхгүй, санаатайгаар удаашруулж байна гэсэн хардлагатай байгаагаа хэлсэн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн шүүх нэр бүртгэх асуудлыг шийдэж чадалгүй УДШ-д шилжүүлсэн. Гэтэл УДШ хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор шийдвэр гаргаж чадаагүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэц ч МАХН-ын нэрийг бүртгэх асуудлыг хэлэлцэхгүй, санаатайгаар удаашруулж байна гэв. Харин шүүгч Ц.Амарсайхан МАХН-ын нэрийг бүртгэхэд Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 гэдэг заалт тээг болж байгааг жагсагчдад дахн тайлбарлалаа. Тэрээр өмнө нь бас л тус намын дэмжигчдэд энэ тухай тайлбарлаж байсан юм. “Хуулийн хүрээнд асуудлыг шийдүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцэд шилжүүлсэн” гэсэн юм, тэрээр. Ц.Амарсайхан шүүгч ҮХЦ-ийн хуралдаанд нэхэмжлэгчээр оролцох аж. Тиймээс “Ямартай ч, танай намын нэрийг бүртгэх байх” гэсэн таатай мэдээллийг тэдэнд өглөө.

Эх сурвалж: Ардчилал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top