Н.Жанцанноров тайлбар толиноос салдаггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Төрийн хошой шагналт Н.Жанцанноровыг хэлдгээ хэлчихдэг, өргөн мэдлэгтэй агуу авьяастай хэмээн олон үнэлдэг. Бодож санаснаа торолгүйгээр л аваад хаячихна. Бас ингээд хэлчихвэл яах бол, таалагдахгүй байх вий гэж эмээхдээ баг зүүдэг урлагийн нөхдүүдээс тэс өөр нэгэн гэдгийг олон хүмүүс хэлдэг юм билээ. Хүүхэд байхдаа хэн шиг ч биш болохоосоо айдаг байсан гэх энэ агуу эрхэм чөлөөт цагаараа нам гүмхэн орчинд юм бодох дуртай гэдэг. Тэрээр бас тайлбар толь унших тун хоббитой. Олон талын мэдээллийг нэг дороос богино хугацаанд амжуулдаг болохоор энэ нь түүнд тун таатай санагддаг гэж байгаа. Удахгүй эрхэм хөгжмийн зохиолчийн вэб хуудас нээгдэх гэнэ лээ. Түүний хүүхдүүд бас урлагийн хүмүүс. Хүү Дамдинцэрэн хөгжмийн боловсролтой. Нэгэн үе загварын ертөнцөд хүч үзээд авсан. Дами өдгөө Японд амьдардаг. Ааваасаа дутахгүй яриа хөөрөөтэй, оюунлаг залуу гэж үнэлэх хүмүүс олон байдаг юм билээ. Морин хуур, түүнээс эгшиглэх  яруу аялгууг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг энэ залуугийн сэтгэлд хамгийн нандин дурсамж бүхий дурдатгалууд олон бий. Анх удаа аав болж, өөрийгөө яг өвчсөн мэт охиноо төрөхөд хорвоогийн хамгийн азтай нэгэн болсноо мэдэрсэн гэж ярина. Нөгөө нь агуу хуурч өнөө Монгол попыг үндэслэгчдийн нэг дуучин Болдын өвөө Жамъян хуурчтай холбоотой сайхан дурсамж гэнэ. Нэрт хуурчийг бие тааруухан гэртээ байхад нь уулзалт зохион байгуулж гэрээс нь очиж авчээ. Ингэхдээ үүрээд гэрээс нь гарч, үүрээд гэрт нь оруулж байсан аж. Бас сүүлийн удаа түүний агуу хуурын эгшгийг тэр үед сонсож амжсандаа өөрийгөө азтай нэгэн гэж бодож явдгаа ярих нь бий.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top