Д.Жаргалмаа: Ард түмэн эрх баригчдыг сонгож алдаа хийсэн

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

 

Нийслэлийн төв талбай морь мал, хүнээр дүүрч хэд хонолоо. Энд Монгол орны өнцөг булан бүрээс  ирсэн төлөөлөгчид уриа лоозон барин жагсаж байгаа. Zindaa.mn сайтын сэтгүүлч  хөдөө орон нутгаас ирж жагсаалд оролцож байгаа хүмүүстэй цөөн хором ярилцсан юм. Тэдэн дунд  “Чамайг үнэнээр нь бичихгүй бол байгаа газарт чинь очиж цохиж унагана шүү” хэмээн сүрдүүлэх нэгэн ч байлаа.  Энэ үеэр АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Уянгатай уулзах гэсэн боловч удаан хүлээлгэсний эцэст тэрээр үдээс хойш хэмээн хойшлуулсан юм.  

Гал үндэстэн холбоог дэмжигч Б.Энхбуянт:

Энэхүү  жагсаалын талаар таны бодол?

Үндэсний  эрх чөлөөний төлөө тэмцэхээр ирсэн.  Мөн Эх орон газар шорооныхоо төлөө, Монгол хүн гэж хэн болохыг мэдрүүлэхээр малчид  морио унаад ирж байна шүү дээ. Одоо техник технологи хөгжсөн байна. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд УИХ-ын гишүүн Сайхансамбуу, Тэрбишдагва, Бат-Эрдэнэ зэрэг хүмүүс бидэнд хариу мэдэгдэл ирүүлсэн нь зөв. Гэхдээ хүн буруутай байж болно. Түүнийгээ засах хэрэгтэй.


Амлалт нэхэх ард түмний холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Жаргалмаа:

Яг одоо нийслэлийн төв талбай дээр болж байгаа жагсаал цуглааны талаар ярихгүй юу?

Өнөөдөр Монголчууд төв талбайдаа нэгдэж байна. Монгол оронд амьдрахад хэцүү болсон.

Танай аймгаас хичнээн хүн ирж оролцож байгаа вэ?

Манай аймгаас 28 хүн оролцож байна.

Та бүхний гол зорилго юу вэ?

Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэхээр ирсэн. Өнөөдөр Монгол хүн эрүүл байх нөхцөл алга байна.Энэ бүхний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх зорилооор ирсэн. Тодорхой хариу гарах  хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ

Жагсагчдын хоол ундны асуудлыг хэрхэн шийддэг вэ?

Холбооны зүгээс гаргаж өгч байгаа.

Ард түмэнгүй төр гэж байхгүй. Ард түмний дунд ялалт ирнэ гэж бодож байгаа. Хойч үе хэцүү болсон энэ үед хамтдаа тэмцье гэж уриалмаар байна. Мөн Засгийн газарт хандаж хэлэхэд ард түмэн чинь та нарыг сонгож алдаа хийсэн. Харин одоо та нар тарах болсон гэдгийг сануулья. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд манай аймгаас төрд гарсан УИХ-ын гишүүд болох Г.Батхүү, З.Энхболд, Д.Лүндээжанцан, Д.Зоригт нар аа: та нар нутаг орноо төлөөлж суусан бол ажлаа хийгээч ээ. Унасан газар, угаасан ус  тань ширгэж, хатаж, сүйтгэгдэж дууслаа. Анхааралдаа аваач ээ гэж хэлье.  

Баянхонгор аймгаас ирсэн төлөөлөгч: А.Одончимэг

-Танай аймгаас хичнээн хүн ирсэн бэ?

-Манай аймгаас 30 хүн ирсэн.

-Цаанаас хүмүүсээ авчрахдаа хэрхэн сонгодог вэ? Өнгөрсөн жил яг иймэрхүү үйл ажиллагаа болсон ч үр дүнд хүрээгүй. Энэ жилийн хувьд?

-Энэ жилийн хувьд цаанаас заасан хүний тоо болох 30 хүнийг авчирсан. Түүнээс биш яг 30 хүн гэлтгүй түүнээс олон хүн ирж оролцох боломжтой. Өнгөрсөн жил ирсэн хүмүүсээс 13 нь ирсэн. Бидний гол зорилго бол амлалт нэхэхэд  оршиж байгаа. Энэ жилийн хувьд тодорхой хариу иртэл жагсаалаа үргэлжлүүлнэ. Энэ жил тийм зүйл гарахгүй болов уу гэж найдаж байгаа. Эцсийг нь хүртэл тэмцэх болно.

Б.Даваахүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top