Шүлэг: Хатан Туулын нулимс

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

 

Жамсранжавын Баатархүү

 

1958 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Баатархүү 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж, “Галын үнэр”, “Алтан хөхийн унага”, “Заяа зангидсан уяа” зэрэг түүвэр хэвлүүлжээ. Монгол Улсын зөвлөх инженер, найрагч бөгөөд түүний шүлгүүд нь ардын яруу найргийн арга барилтай, өвөрмөц дүрслэлтэйгээрээ сүүлийн үеийн шүлэгчдээс ялгарч байна.

 

Хатан Туулын нулимс

Үе үеийн найрагчид

Өрсөлдөж магтсан гол сон

Үзэсгэлэнт гоо охиддоо

Билэгшээж шивнэсэн нэр сэн

Гольдролдоо багтахгүй

Хатан тунамал Туул минь

Горьдсон эхийн сүү шиг

Харгих урсгал нь тасалджээ

Өнчирсөн нялх ботгоных шиг

Тогтоол тогтоол нулимс

Өргөн гольдрол омголтож

Харгих чимээгүй дүнсийжээ

 

Сэтгэлд үүр цайх үе

Хором хугацааг ямар

Хорьж цагдах биш дээ

Хорвоогийн шөнө жаргаж

Үүр цайна удахгүй

Хоёр биедээ туньж

Дээл өрөөлдөж яахав

Хорвоод залуу нас

Үргэлж мөнх биш

Эргэ л дээ над руугаа

Эрхэл л дээ ханьдаа

Илэн далангүй сэтгэлээ

Энгээр нь захалж нөмөрье

Үр минь хажууд

Үнэгчилж байна, дүү зүүдлээ байлгүй

Үүрийн тэнгэр хаяалж

Үүр цайж байна, сүү зүүдлээ байлгүй

 

Матрын ангууч

Матар гэж

Марзан зүстэй догшин ан

Матрын ангууч гэж

Маргахын аргагүй эр зориг

Элсэнд гарсан мөрийг

Зэрвэс ганц харах юм

Эрлийн үзүүрээ мухарлаж

Барих матраа товлох юм

Урхинд орсон матраа

Уурганд бугуйлаа гогцоолох юм

Шүдний завсраар чивчрүүлж

Шүлсийг нь асгартал эрүүвчлэх юм

Буйл ногттой орсон буур

Бурантгийн аясыг дагадаг шиг

Эрчит бугуйл ормогцоо

Эрүүндээ их номхон юм

Австралийн матрын анчид

Амь дүйсэн ажил юм

Аргагүй дэлхийн дэлгэцэнд

Дандиг гэхээс аргагүй юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top