Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Монгол Улсын НҮБ-д элссэний 50 жилийн ой тохиож буй энэ жил НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөлийн чуулганаар Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын жинхэнэ гишүүнээр анх удаагаа сонгогдлоо. Манай улс тус комиссын үйл ажиллагаанд ажиглагчаар тогтмол оролцож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд оролцоогоо ихээхэн идэвхжүүлсэн төдийгүй олон улсын статистикийн хамтын нийгэмлэгт өөрийн байр суурийг бэхжүүлэн, НҮБ-ын Статистикийн комиссын сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлж, хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд ийнхүү өндөр нэр хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдлоо. НҮБ-ын Статистикийн комисс 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. НҮБ-ын ЭЗНЗ-ийн энэ удаагийн чуулганаар комиссын 8 гишүүнийг шинээр сонгосны дотор Монгол Улсаас гадна АНУ, Чех, Унгар, Нигер, Танзани, Куба, Оман улс багтаж байна.НҮБ-ын ЭЗНЗ-ийн чуулган Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд энэ дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд хуралдаж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч О.Энхцэцэгийг дагалдан ҮСХ-ны дарга С.Мэндсайхан болон тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од нар оролцож байна. Манай улсын төлөөлөгчид НҮБ-ын ЭЗНЗ-ийн чуулганд оролцож буйн дээр НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга П.Ченг болон албаны бусад хүнтэй албан ёсны уулзалт хийх аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top