Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох талаар гаргасан уриалгаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм. Иргэд амарч, баярлаж цэнгээд байх бус, харин нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12.5 тэрбум төгрөгийн баялаг бүтээж чадна гэсэн тооцоо гарсан байна. Иймээс нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот, сум суурингаа цэцэрлэгжүүлэх, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя гэж төрийн бус байгууллагууд, иргэд цөөнгүй удаа Засгийн газарт ханджээ. Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Энэ дагуу “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг орон даяар хэвшүүлэн, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөрийн харилцааны түншлэгч талуудад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам уриалж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )