Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Монгол Улсад цэргийн цол генерал бий болсон өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд С.Батболд өчигдөр генералуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэгчлэн тэрхүү цэрэг эрсийн мөрөөдлийг бодит биелэл болгож чадсанг генералууд та бүхнээр цэрэг эрс, монголчууд бид үргэлж бахархдаг хэмээн Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдэстнүүдтэй уулзах үеэрээ онцлов. Тэрбээр, арав дахь жилдээ тэмдэглэж байгаа түүхэн өдрийг тохиолдуулан Монголын тэр эрхэм генералууд та бүхэнд хүндэтгэл үзүүлж, ариун, нэр хүндтэй үйлсэд тань өндөр амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөе гэв. 1944 онд шинээр нэвтэрсэн генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээр дарга нарт олгох журам гаргаж анхны 11 хүнд олгосноос хойш эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг 155 хүн хүртээд байгаа ажээ. Монгол Улсын генералууд эх орон, улсын хил хязгаараа батлан хамгаалах, аюулгүй байдал нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд урьдын адил өөрсдийн хувь нэмрийг оруулах болно гэдгээ “Монгол генерал төв”-ийн тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү энэ үеэр илтгэсэн бол, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц генералууд биднийг элэгсэг хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улсын генералуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэлээ. Өнөөдөр Монгол Улсын генералуудаас 34 нь төрийн болон цэргийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа бол 47 генерал нь бэлтгэл болон чөлөөнийхөө амралтыг эдэлж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын генералуудаас Монгол  Улсын баатар 6, Хөдөлмөрийн баатар 2, Гавьяат цолтон 8 төрсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top