Н.Энхбаярыг баривчлах операцийг эхлүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

    Эрх баригчдын номер нэг дайсан болоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг зургаан сарын эхээр баривчлахаар төлөвлөсөн гэх яриа улс төрчдийн дунд хурдацтай тарж байна. Энэ бол Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалаас үүдсэн асуудал ажээ.
    Сүүлийн үеэс л гол томоохон хэвлэлүүдээр Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалын тухай мэдээ материалууд нийтлэгдэж эхэлсэн. Энэхүү үйлдвэрийн хувьчлал хуудуутай явсан учраас холбогдох бүх албан тушаалтнууд шоронд орж байна гэх мэдээлэл асар хүчтэй түгэж байна. Тухайлбал, хэвлэлүүдэд бичсэнээр бол Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Билэгт, Нийслэлийн өмчийн газрын дарга асан Ганбаатар, Түүхийн музейн захирал Саруулбуян, сэтгүүлч До.Чулуунбаатар нар хоригдчихоод байгаа. Гэвч эдгээр хүмүүсийн аль нь ч шоронд ороогүй байна. Харин цагдаагаас дуудаж, байцаалт авсан нь үнэн бололтой. Тэгвэл өнөөдрийн хэвлэлүүдээр Шадар сайд М.Энхболд, ХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай энэхүү хэрэг явдалтай холбоотойгоор цагдаад дуудагдаж магадгүй боллоо хэмээн бичиж эхэлжээ.
    Үйл явдлын өрнөлөөс ажиглахад Н.Энхбаярыг Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбон барьж болох гарцаагүй баримт эрх баригчдад олдсон байж магадгүй байна. Түүнийгээ гаргаж тавихын тулд нийгмийн уур амьсгалыг бэлтгэх кампанит ажил явуулж эхэлсэн бололтой. Түүнийг гэнэт барьж хоривол үймээн самуун дэгдэж магадгүй учраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийгмийн уур амьсгалыг баривчилгаанд бэлтгэх томоохон кампанит ажлыг эхлүүлжээ.
    Тухайн үед Н.Энхбаярын доор ажиллаж байсан, түүний гар хөл хэмээн нэрлэгдэж улс төрийн өндөр албан тушаалд ногоон гэрлээр хүрч байсан дээрх эрхмүүдийг цагдаа шалгаж, цаадуул нь өөрийн эрхгүй амьд үлдэхийн тулд Н.Энхбаярыгаа “шургасан” мэт сэтгэгдэл төрүүлэхүйц “Пи Ар” төлөвлөгөө хэрэгжиж байгаа нь илт анзаарагдаж байгаа юм.
    Н.Энхбаяр бол одоогоор хамгийн том сөрөг хүчнийг бүрдүүлээд байгаа улс төрч. Зөвхөн хувь хүнийх нь хувьд түүнийг дэмжиж, санал өгөх хүн нийгэмд асар их байгаа нь мэдрэгдэж байна. Дээрээс нь тэр С.Баярыг унагаах “аймшигтай” мэдэгдлийг өөрийн эзэмшлийн телевизээр хийсэн нь түүнийг ийнхүү эцсийн тулаанд шуудруулав бололтой.  Н.Энхбаярыг авлилгалын загалмайлсан эцэг гэх мэтээр нэрлэдэг ч нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон ажлыг төрд хийж чадсан үндэсний хэмжээний том лидер учраас эрх баригчид түүний баривчилгаан дээр илүү их толгой гашилгах шаардлагатай болсон байж болох юм. Энэхүү үйл хэрэгт МАН төдийгүй, АН-ын тодорхой лидерүүд ч хүчин зүтгэж байгаа гэх мэдээлэл тараад байна.
    Гэхдээ Н.Энхбаярыг барьж хоривол түүний хараан доор олон жилийн турш дэндүү олон бусармаг зүйл хийсэн эрх баригчид өөрсдөө яаж уснаас цэвэрхэн гарах вэ гэдэг нь сонин. Ер нь тодорхой хүрээний улс төрчид Н.Энхбаярыг барьж хорих сонирхлоо аль эрт илэрхийлж байсан ч МАН-ын гол лидерүүд нь “Бид Энхбаярыг хорьж болохгүй” гэж товчхон тодорхойлсон гэдэг.
    Асуудал дэндүү хурдан, бас шийдэмгий өрнөж байгаа энэ цаг үед “Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудал” хэрхэн шийдвэрлэгдэхийг тааварлахад хэцүү юм. Гэвч энэ бол 2003 онд болоод өнгөрсөн энгийн нэг хувьчлалын маргаан биш гэдэг нь дэндүү сайн ойлгогдож байна.

Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top