Олигархи Л.Гансүхээс шоронгийн хар энерги л ялгардаг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Л.Гансүх сайд маш их зуумтгай хүн юм. Сэтгүүлч А.Баатархуягийг нийтлэл бичсэнийх нь төлөө цагдаад өгөөд байгаа. Саяхан бас сэтгүүлч Г.Дашрэнцэнтэй шүүхдэлцэхээр болжээ. Урьд нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан, “Бурхан халдун” группын захирал Мөнх-Дашийг  намын даргын суудал, одоогийнхоо сэнтийг мөрөөдсөн мөрөөдөлдөө халууран "Ганц худаг" руу илгээж дөнгөсөн гэж Дарханыхан үздэг юм билээ. Дарханы ардчилсан намд болсон хэрэг явдлаас хамаарч Мөнхдашийн ах дээлээ нөмөрсөн. Харин түүнийг шоронгоос суллагдсаных нь дараахан дахиад л цагдаад өгсөн сураг байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Л.Гансүх сайд нэгэн захидлаас болж Мөнхдашийн ахыг дахин шоронд хийх санаатай ажиллаж байгаа ажээ.  Одоо сайдын суудалд заларсан Л.Гансүх сэтгүүлчдийн үгийн өөг л шүүгээд суудаг  ажилтай болсон бололтой. Жаахан эвгүйхэн үг зүйгээд өөрт нь хамааруулан асуудал хөндсөн бол бушуухан шүүх, цагдаа рүү өргөдлөө бариад гүйдэг болжээ. Ерөөсөө түүнээс  шүүх шоронгийн хар энергил ялгардаг болж. Тэр нэр төрдөө Монголоосоо илүү хайртай юм байна. Үнэлж баршгүй нэр төртэй улс төрч бололтой. Өндөр үнэтэй хаус авлаа гэж бичсэнийх нь төлөө сэтгүүлчийг шоронд хийх гэж улайрч байна. Сэтгүүлчдийг шүүх, цагдаагаар далайлгадаг эрхэм сайд маань Таван толгойн ордоос Хятад руу нүүрс зөөдөг хүнд даацын олон зуун автомашин газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж байгааг шал тоохгүй  мөртлөө хаусны асуудлаар шүүхдэлцэж явах завтай байдаг нь тун хачирхалтай. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүн уг нь ийм аймшгийн үзэгдэлд хатуу байр суурьтай хандаж, замыг нь сайжруулах юм яриад явж баймаарсан. Гэтэл хэдэн бор сэтгүүлчидтэй шүүхийн танхимд, цагдаагийн өрөөнд “дуэль” зарлаад харайж явах юм. Иргэний хөдөлгөөнийхөн Таван толгойн нүүрс тээвэрлэлтийн тэрхүү там болсон замыг хаасанд их л дургүй байна лээ. Эх орныхоо баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гээд махийж байхад хааж боогоод хэрэггүй гэсэн юм яриад сууж байгааг нь хараад хүмүүс гайхаж байна. Хятадуудаас хахууль авсан сайд ингэж хэлэх нь аргагүй биз гэх хүн ч цөөнгүй. Иргэдийн ийм хардлагыг энд зориуд дурьдсаныг мань эр шүүрч аваад “Хайран сайхан нэр төрийг минь гутаалаа” гээд дахиад шүүх рүүгээ өргөдлөө бариад харайх уу. Харж л байя. Өөрийнх нь бүтэлгүй, мулгуу үйлдлүүдийн тухай мэдээллүүдэд дорвитойхон хариулт өгчих зангараг байхгүй л юм бол улс төрч гэж цээжээ түхэлзүүлээд юу хийнэ. 

Тэгвэл Л.Гансүхийн хийрхэл үүгээр дуусахгүй бололтой. Тэрээр Дундговь аймагт саяхан очоод сайд хүнд баймааргүй ааш араншингаа дэлгэсэн байх юм. Тэндэхийн Ардчилсан намын гишүүдийг шөнөжин хуралдуулж, намынхаа бодлогыг будаа болтол шүүмжлээд дараа нь сум болгонд таван сая төгрөг, гишүүн бүрд 500 мянган төгрөг өгөхдөө “Ирэх сонгуульд бид заавал ялна шүү” хэмээн шивнэж амжсан байна. Үүнийг авлига биш гэх үү. Мөнөөс мөн. Авлигатай тэмцэх олон улсын конивенцид манай улс нэгдэж ороод бараг арваад жил болж байна. Энэ конивенцид зааснаар бол сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараахыг шууд авлига гэжээ. Л.Гансүх сайд үүнийг олж уншаагүй юм болов уу. Сэтгүүлч А.Баатархуяг  МАН-ын Е.Отгонбаяр сайдтай айлсан нэг сая долларын үнэтэй байранд тухлаж байгааг нь бичсэний төлөө шүүхэдсэн бол одоо өөрийнх нь мөнгө тараасан хэргийг шалгуулах хэрэгтэй боллоо. “Би нэг сая долларын байранд амьдардаггүй, 165,1 сая төгрөгийн үнэтэй байранд байгаа” гэж зарга үүсгэсэн нь ч бас утгагүй байхгүй юу. Ухаандаа маш хямдхан орон сууцтай юм байна л даа. Түүний хямдханд тооцоод байгаа байрыг албан тушаалын эрэмбээрээ хувийн компанитай ямар нэг наймааны дэнсэн дээр ярьж тохиролцоод авсан тухай хардлага тасрахгүй байгаа шүү дээ. Гэтэл цагдаа нарт хүртэл үг зааж өгөөд А.Баатархуягийн нялх хүүхэдтэй эхнэр Уянгыг баривчлуулах ажлыг хэдэн ч удаа зохион байгуулав. Л.Гансүх сайдтан одоо больмоор юм. Улс төрч хүний зангараг, буурь суурь гэж нэг юм бий дээ, уг нь. Шалих шалихгүй иймэрхүү юмаар хөөцөлдөөд байвал хайран "хоолноосоо" салах бус уу. Тийм л нэр төрдөө хайртай, идэж ууснаа нуух гээд байгаа бол чив чимээгүйхэн суугаад, ажлаа л сайн хийхийг хичээдэг байхгүй юу. Үүнийг уг нь ядруухан луйварчингийн хийдэг адгийн муу арга гэдэг. Гэхдээ яая гэхэв. Сэтгүүлчидтэй шөргөөцөлдөөд, шүүхийн хаалга татаад явахаас нь хамаагүй дээр байх. Гэвч эцсийн дүнд ард түмэн идэж уудаг, авлигаддаг улс төрчдийг хүссэн ч, эс хүссэн ч нэг л өдөр яллаж "Олигархи" хэмээн цоллодог аж.

Б.Отгонбаяр.Zindaa.mn      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top