Монгол Улсад Сангийн яам байгуулагдсан хийгээд санхүү эдийн засгийн алба үүсэн хөгжсөний 100 жилийн ойг угтан тус яам сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа. Уралдааны материалыг дөрөвдүгээр сарын 15-наас ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд авах юм. Эдийн засгийн хурдацтай хөгжлийн өнөө үед энэ чиглэлийн үнэн бодитой, цэгцтэй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, сэтгүүлч уран бүтээлчдийг дэмжих, тэдний ур чадварыг зорилгоор дээрх уралдааныг Сангийн яам Парламентын сэтгүүлчдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, төсөв төлөвлөлт, төсвийн тогтвортой ил тод байдал, эдийн засгийн өсөлт, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, өрсөлдөх чадвар, инноваци кластер, бизнесийн таатай орчин, татварын орчин, хүн амын орлогын албан татвар гэсэн сэдвээр бичиж болох юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг телевиз, сонин гэж хоёр ангилан шалгаруулах аж. Тэргүүн байр эзэлсэн бүтээлд тус бүр нэг сая төгрөгийн шагнал хүртээх бол, хоёрдугаар байрыг 700 мянган төгрөг, гуравдугаар байрыг 300 мянган төгрөг хүлээж байна. Мөн тусгай байр тус бүр хоёрыг шалгаруулна. Шагнал нь 150 мянган төгрөг ажээ. Түүнчлэн эрдэмтэн судлаачид, оюутан залуусын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлээс 10-ыг шалгаруулах аж. Тэдгээрийг хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулж, шүүгчдийн оноогоор шалгаруулж, байр эзлүүлэх аж. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл нь төрийн албанд ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг цалин хөлстэй уялдуулах, мөнгө болон сангийн бодлогын уялдаа холбоог хангах нь тэтгэвэр даатгалын тогтолцоо, цаашдын хандлага гэсэн сэдвийг хамарсан байх ёстой гэнэ. Илтгэлийг ирэх тавдугаар сарын 15 хүртэл авах аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )