Егөө: Хормойн нэр төр

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

 

 

Я.Төмөр-Очир

 

 

Инээд хандлах ухаанд олон жил гаршсан шог хошин шүлгийн авьяастан Я.Төмөр-Очир Өвөрхангай нутгийн харьяат билээ. Түүний “Би хэн билээ” нэртэй ёгт, егөө шүлгүүдээс “Элдэв тусгал”, “Хошин бадгууд” хэмээх богино мөртийг уншигчдадаа толилууллаа.

 

 

 

Элдэв тусгал

/Шүлэг дууны маягаар/

Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо!

Монголын ирээдүй

            *           *           *           *

Тагтаанд бүргэдийн хүч байхгүй

Ерөнхийлөгч

            *           *           *           *

Хэнтий Хангай Сияаны өндөр сайхан нуруунууд

Их хурлын гишүүд

*           *           *           *

Гангар гунгар дуугарсаар галуу шувуу нислээ

Ган халуунаас зайлж сэрүүн уулыг зорьжээ

Монгол цагаачид

            *           *           *           *

Хурмаст хөх тэнгэр минь

Хур бороогоо хайрлаач дээ

Тэтгэврийн хөгшид

            *           *           *           *

Хаяад явахыг чинь мэдсэн бол

Хайрлаж суусан миний буруу даа

Дампуурсан аж ахуй

            *           *           *           *

Үүл нүүж цахилгаан бадарсан тал

Үер бууж сүр үзүүлсэн газар

Хар зах

*           *           *           *

Арван найман насыг хүрэхээр

Аавынхаа дэргэд тогтохоо байлаа

Ганзагын наймаачин

*           *           *           *

Найгал голын эрвээхэй

Навчаа дагаад ганхаж байна

Согтуу эмэгтэйчүүд

            *           *           *           *

Онцын хөөрхөн хүүхэн гэгч

Зүрхний их хулгайч юм

Хятад бараа

            *           *           *           *

Байн байсаар бүх дэлхийг бүрхэж

Зөвхөн нарыг хэвээр үлдээх октябрь

ДОХ

 

Хошин бадгууд

Уулзалт

Арваа төгсөж сургуулиа дүүргэхдээ

Аялгуут шингэн хонх жингэнүүлж салцгаасан

Арван жилийн дараа ангиараа уулзахдаа

Архайж дархайсан эрчүүд лонх хангинуулж нийлцгээсэн

*           *           *           *

Хороо хувааж уусангүй гэж

Эрчүүд биендээ гоморхдог

Хорвоо хувааж ярьсангүй гэж

Эхнэрүүд хоорондоо тунирхдаг

*           *           *           *

Сүм, лам

Махны агуулах байсан чулуун байшинг

Малгайг нь сольж ганжирлаад сүм болгов

Марксизмаар онолдож байсан нэгийг

Маанийн зургаан үг цээжлүүлээд лам залав

*           *           *           *

Толгой

Ээжээс төрөхдөө гялаан толгой

Идэр залуудаа бараан толгой

Элдэв намын үзэлд төөрсөн будлиан толгой

Элж хөгшрөөд цагаан толгой

*           *           *           *

Нэгэн манаач

Нас нь даанч залуухан

Ажил нь мөн ч сэлүүхэн

Өдөр ном уншиж үүдээ манана

Шөнө нам унтаж зүүдээ манана

*           *           *           *

Боодог

Амралтаараа хөдөө яваа

Аавыгаа дагасан жаал хүү

Борхон хөөрхөн борлонг үзээд

Боодог явна гэж баярласан гэнэ

*           *           *           *

Хормойн нэр төр

Олон эрийн өвөр дамжсан тэр бүсгүй

Од болон хайрын тэнгэрт гялалзагч гэж өөрийгөө үнэлнэ

Хөнгөмсөг эрчүүд түүнтэй учирснаа ид хав болгож

Хөөрхий түүний нэрийг хөсөр хаян үнгэнэ

*           *           *           *

Зочид буудал

Люкс өрөөнд заларч

Факс холбоо залгаж

Секс хүүхэн дуудаж

Икс ажил амжуулна

*           *           *           *

Монгол газрын тос

Ардчилсан төрийн аман дээр

Анхны ерөнхийлөгчийн дээлэн дээр

Америк өрмийн үзүүр дээр

Азийн бар-Монголын ирээдүй дээр байна

*           *           *           *

Гэмгүй цунами

Хэдэн нөхөд дарвиад цунами үүсгэв

Хэтэрч цааш давраад шунами өрнүүлэв

Хэн нэг нь нугараад унами явчихав

Хэл хөл нь сулраад сунами болцгоов  

 

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top