Эерэг зүйлийг бодож, амжилтыг харахын тулд өдөр бүр амжилтаа тэмдэглэж занших.Энэ нь өнгөрсөн үеэ дүгнэн цэгнэх болон ирээдүйн сайн сайхан, амжилт бүтээлээ урьдчилан харах арга юм. Хэрэв та энэ тэмдэглэлээ сар сард нэг удаа хийж заншвал далд ухамсраа нэмэгдүүлж, амьдралын бүхий л мөчөө сайхан байлгаж чадна. Ингэхийн тулд өдрийн төгсгөлд тухайн өдөр ямар зүйлийг хийж бүтээж чадсан, ямар сайхан зүйлтэй учирсан зэргээ ялган салгаж, дүгнэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн ажил төрөл ч бус таны амьдралын бүхий л үйл явцад хамаарна. Ажил, сургууль, гэр бүл, сэтгэл санаа,санхүү, эрүүл мэнд, хувь хүний хөгжил болон олон нийтийн үйл ажиллагаа зэрэг бүгд орно. Шинэ дэвтэр гаргаад, хоосон нүүрэн дээр хүснэгт гаргана. Эхний нүдэнд “Амжилт” хэмээн бич. Ингээд яагаад тэр амжилт танд тийм чухал болохыг бодож үзээд дараагийн нүдэн дэх “Шалтгаан” хэмээх гарчиган доор тэмдэглэ.Удаахи нүдэнд “Төлөвлөгдсөн ажил” хэмээн бичээд түүнтэй холбоотой ямар нэг зүйлийг хийх тухайгаа бич. Хамгийн сүүлд “Дараагийн алхам” хэмээн буулгаад, бодож төлөвлөсөн болон биелүүлэхийг хүсч буй зүйлээ бичээрэй. Жишээлбэл, “Амжилт” гэсний доор “Би хурал зохион явуулсан”. Учир нь “Бидэнд шаардлагатай байсан багийг бүрдүүлж чадсан”. “Төлөвлөгдсөн ажил” гэсний доор үүнтэй адил өөр шинэ баг бүрдүүлэх тухайгаа буулгаад, эцэст нь энэ дагуу өөрийн гэсэн ажил эхлүүлэх гэж бичиж болно. Ингээд үргэлжлүүлэн бичээд байх хэрэгтэй. Мөн хамгийн гол нь яг тодорхой цаг хугацааг дурдах нь таныг улам идэвхитэй болгож, өөрийгөө дайчлах замд хөтөлнө. Хэсэг хугацаа өнгөрхөд та юу хийж бүтээсэн, юу амжуулж цаг хугацаандаа өөрийн хүссэнээ биелүүлж чадсан байна уу? гэдгээ дүгнэн харснаар өөртөө үнэлэлт өгөхөд ч мөн туслах юм. Энэ мэтчилэн хамгийн багадаа сардаа нэг удаа хийснээ дүгнэж хийх гэж байгаагаа төлөвлөж бичих нь таны амжилтанд хүрэх зорилгыг байнга сануулж мөрөөдлийг чинь тодорхой болгож өгнө.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )