Хүүхдийн элэг, бөөрийг гэмтээдэг хортой тоглоомноос болгоомжил!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Стандарт хэмжилзүйн төвийн мэргэжилтнүүдийн судалгаагаар  хүүхдийн хуванцар тоглоом, хуванцар болон цаасан сав баглаа боодолд формальдегид хэмээх химийн бодис агуулагдаж, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол олон удаа илэрчээ. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, ялангуяа хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөр зэргийг гэмтээн архаг хууч өвчин үүсгэдэг хортой бодис юм байна. Учир нь хуванцар  савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис болох формальдегидын  хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс тосны канистрт 1800 дахин,  том цэнхэр саванд 3600 дахин их гарчээ.  Дээрх судалгаа нь одоог хүртэл мөрдөгдөж ирсэн шинжилгээний аргуудаас формальдегидийн байгаа эсэхийг онцлог урвалын аргаар хялбар таних боломжтой. Мөн шинжилгээ хийхэд цаг хугацаа бага зарцуулдаг, багаж тоног төхөөрөмж нь хялбар, ямар ч лабораторид хийх боломжтой, шинжилгээний үр дүн нарийн тодорхой гардаг зэрэг олон давуу талтай.  Тиймээс Стандартчилал Хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэн Монгол улсын стандарт болгон баталсан байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн лабораториос санаачлан Бүгд  Найрамдах Унгар улсын стандарт, ОХУ-ын ГОСТ болон бусад олон улсын стандарт аргуудаас иш татаж "Хуванцар сав баглаа боодол, хүүхдийн тоглоомд формальдегид тодорхойлох спектрофотометрийн арга" МИS 6339 стандартыг боловсруулан гаргажээ. Ингэснээр хүүхдэд учруулах хуванцар тоглоомын аюулыг багасгаж боломжтой болжээ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ хуванцар тоглоом авч өгөхдөө формальдегидийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг нь заавал шалгаарай.

 А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top