Банкны бизнес улстөрөөс хэт хамаарсан дүр зураг манайд ноёлоод чамгүй удсан. Үүний сул талыг бодит эдийн засгийн нөхцөл байдлаас харж болно. Уг нь банкны тогтолцоо, хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжаа, даатгалын тогтолцоо гурвын харьцаа харьцангуй тэгшрээд ирвэл эдийн засаг дахь санхүүжилтийн цоргууд жигдрээд ирэх ёстой. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын бизнесийн санхүүжилтийн 50 хувь нь хөрөнгийн зах зээлээс бүрддэг байхад манайх эсрэгээрээ 4-5 хувьд л хэлбэлзээд өдийг хүрч байна. Энэ салбарын эрх зүйн орчин тулгамдсан асуудал болоод байсан бол холбогдох хуулиуд мэндэлснээр эерэг хүлээлт үүсээд байгаа. Тэгэхдээ энэ салбараас их мөнгө даллах хүртэл бас ч гэж хугацаа бий нь тодорхой. Тэгвэл мөнгө хүүлж мөнгө олохын тулд зүрх нь цохилж байдаг банкны систем нь санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын 95-96 хувийг бүрдүүлж ирсэн гэхээр бизнес эрхлэгчид шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа 90 гаруй хувийг арилжааны банкны хүүтэй зээлээр босгож, банкуудын тогтворгүй байдлыг даган зүдэрч ирсэн дүр зураг яах аргагүй буугаад байдаг. Гэхдээ одоогоор бидэнд байгаа санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь банк л байна. Түүнчлэн банкны салбарт хувьсгалын салхи салхилснаас хойшхи нөхцөл байдлыг аваад үзэхэд сонирхолтой дүр зураг ажиглагддаг.
Өнгөрсөн 20 гаруй жилд төрөөс хэд хэдэн банкийг байгуулсан нь монголчуудыг залилан луйвар шамшигдуулалт хийж сургахад хичээлийн гол талбар нь болсон гэж үзэх шинжээч ч бий. Тухайлбал, улсын мэдлийн банкууд зээлийг танил талдаа хахууль авч өгдөг байсан бол тэр нь ужгирсаар зээл авч байгаа нөхдүүд 10 хувийг нь банкны ажилтнуудад өгдөг жишиг тогтоод байсан байдаг. Ер нь бол энэ жишиг ямар нэг хэмжээгээр хадгалагдаж үлдсэнийг хэлэх нь зөв биз. Мэдээж тухайн үед улсаас шинээр байгуулж байсан банкуудын насжилт нь угаас төлөвлөгөөний дагуу бага байсан. Ямартаа л Засгийн газар 1995 онд дампуурсан 4 банкийг нэгэн зэрэг Ард банктай нийлүүлж байхав. Энэ нь төрийн зүгээс хүчиндэж авч байгаа арга хэмжээ гэдэг нь тодорхой. Тэрчлэн 1991-1997 онд улсын мэдлийн арилжааны банкаар дамжин олгогдоод найдваргүй болсон зээлийн хэмжээ 100 сая долларт хүрсэн байсан нь төрийн бодлого харалган байсныг тодхон илэрхийлдэг. Тухайлбал, Монголын ууган арилжааны банкны нэг болох Монгол хоршоо банк 1993 онд их хэмжээний зээлийн эрсдэлд өртөж, төлбөрийн чадваргүй болсон. Энэ нь нэг талаас тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байж болох ч нөгөө талаас банкны үйл ажиллагаа явуулж байсан мэдлэг, туршлага хомс, эрсдлийг үнэлэх арга аргачлал сул байсантай, мөн удирдлагуудын алдаатай бодлого, хяналт шалгалтын дутмаг байдал ч их хэмжээгээр нөлөөлж ирснийг судалгаанаас харж болох юм. Ерөөс удирдлагуудын алдаатай бодлого, хяналт шалгалтын дутмаг байдал байсаар байгаа гэдэг дээр сүүлийн жишээ татахад Анод, Зоос банкуудын дампуурлыг иш татаж болно.
Ер нь банк хямралд орох хүртэлх хугацаандаа ужгирсан их асуудлуудтай явдаг аж. Манай улсын хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэн цагаас хойш 1993-1996 онд,1999-2000 онд, 2008-2009 онд нийт 3 удаагийн банкны хямрал болсныг судалгаанаас харж болно. ОУВС-ийн судлаачдын зүгээс санхүүгийн салбарын тогтвортой байдлыг тухайн жилд төлбөрийн чадваргүй болсон банкны тоо, банкуудын их хэмжээний алдагдал, ДНБ-ны бууралт, гадаад валютын ханшийн огцом өөрчлөлт, хөрөнгийн зах зээлийн индексийн бууралт гэсэн үзүүлэлтийг ашиглан судалсан судалгаанд үндэслэн Монголын банкны салбарын хямралыг 3 үе шатанд хуваажээ.
Эхнийх нь 1993-1996 онд тохиосон гэж үзсэн байна. Энэ хугацаанд 6 арилжааны банк дампуурсан аж. Ер нь бол банкны сектор төдийгүй улс орны хувьд шилжилтийн үедээ байсан ба ДНБ буурч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ өссөн нь банкны системийг хямралын үедээ байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хоёр дахь нь 1999- 2000 онд тохиосон байна. Энэ хугацаанд Баянбогд, ММ Инвест, Монгол бизнес, Сэргээн босголт, Хотш ,Эдийн тэнгэр, Экспорт импортын банкууд төлбөрийн чадваргүй болж дампуурчээ. ДНБ өмнөх оноос 66%-иар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 54,3%- д хүрсэн байна. Тухайн үед Засгийн газраас 100 тэрбум төгрөгийг төсвөөс гарган хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгожээ.
Гурав дахь нь 2008-2009 он: Энэ хугацаанд Зоос, Анод банкууд төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсныг бид сайн мэднэ. Эдгээр банкуудын хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай” хууль батлагдсантай холбогдуулан одоогийн байдлаар 225 тэрбум төгрөгний зардал гарган хохирлыг барагдуулсан. Ямартай ч энэ үед ДНБ өмнөх оноос 1,6%-иар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17,4%-д хүрчээ.
Энд анхаарал татсан нэг зүйл байгаа нь манай улсад банкны хямралууд тохиосон цаг хугацааг харахад эдийн засгийн мөчлөгийн уналттай үеүдтэй давхцсан байгаа юм. Тодруулбал: 1990-1993 он, 1998-2003 он, 2009-2010 оны хооронд тус тус уналтын үедээ байсан аж. Тэгвэл эхний эдийн засгийн мөчлөгийн уналтын дараа буюу 1993-1996 онд нийт 6 арилжааны банк эрсдэлд оржээ. Харин хоёр дахь уналтын үед буюу 1999-2000 онд нийт 7 арилжааны банкны үйл ажиллагаа унасан бол сүүлийн уналтын үед буюу 2008-2010 онд нийт 2 арилжааны банкны үйл ажиллагаа төлбөрийн чадварын эрсдэлд орсон байдаг.
Тэгэхээр нэг талаас авч үзвэл эдийн засгийн мөчлөгийн уналтын үед банкны хямрал болж байсан гэсэн дүгнэлт эндээс гарч байна.Түүнчлэн эдийн засгийн мөчлөгийг түрүүлэгч индикаторын тусламжтайгаар банкны хямрал болох үеийг урьдчилан мэдэх боломжтой гэсэн дүгнэлтийг судлаач хийж байгаа юм. Нөгөө талаас эдийн засгийн гол багануудын нэг банкны секторын дархлааг сайжруулах шаардлага байгаа гэдгийг эндээс харж болох юм. Үүний тулд улс төрийн нөхцөл байдал, удирдлагуудын алдаатай бодлого, хяналт шалгалтын дутмаг байдал зэрэг асуудлыг өндөр түвшинд авч үзэх ёстой юм. Харин одоо банкууд дампуурсны цаадахь нөхцөл байдлыг эргэн харъя.
Төрөөр түрий барьсан нөхдүүд дампуурлыг зохион байгуулдаг уу?
Манай улстөрчид 1997 онд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.доллар зээлж, түүгээрээ Ард, Даатгал банкийг дампууруулсан байдаг. Гол нь эдгээр банкууд өөр дээрээ өнгөрсөн жилүүдэд үүссэн бүхий л найдваргүй зээлүүдийг овоолчихсон байв. Харин дараа нь Хадгаламж банкийг банкны үйл ажиллагаа хийх эрхгүйгээр байгуулаад зогсохгүй Сэргээн босголтын банк гэх банкийг төр өөрөө байгуулсан. Үүндээ дээрх мөнгөний талыг нь зарцуулсан байдаг. Сонирхолтой нь мөнөөх Хадгаламжийн банкны үйл ажиллагаа явуулах эрх хэдэн жилийн дараа буюу 2001 онд олгогдож байсан түүхтэй. Тэгэхээр төрөөр түрий барьсан нөхдүүд мөнгө шамшигдуулах боломжийг хэдэн жил сул ашигласан байж таарсан юм. Уг нь Азийн хөгжлийн банк Сэргээн босголт банкинд хөрөнгө оруулалт хийсэн нь буруу байсныг сэхээрч, тиймээс дампууруулах нь зөв юм байна гэсэн асуудлыг Засгийн газарт тавьж байсан ч, нэгэнт оройтсон байж. Тиймээс их хэмжээний алдагдал хүлээсэн цаг хугацааг үргэлжлүүлсээр байсан түүхтэй. Гэхдээ тэгээд төрийн нэрээр халхавч хийсэн шуналтнууд өөрсдөө цаг нь боллоо гэж үзэхээрээ банкны үүдийг барьсан л байдаг. Энэ бол манайд банк дампуурдаг жишгийн цаад өнгө төрх нь юм.
Төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсан гэж эдийн засагчдын зүгээс тодотгоод байдаг Зоос, Анод банкуудын хувьд юу болж түүхэнд үлдсэнийг бас л тал талаас нь харах л хэрэгтэй. Улсад, харилцагчдад учруулсан хохирол нь бүрэн барагдаж дуусаагүй байгаа энэ банкуудын дампуурлын цаана улстөрийн бүлэглэлийн эрх ашиг байсныг хэлж яригсад бий. Тухайлбал, Анодын удирдлага Н.Даваа нар нь 2008 оны 7-н сарын 1-ний үйл ажиллагааг санхүүжүүлсэн учраас улстөрийн зорилгоор банкийг нь унагасан гэх өнцөг байдаг. Тэгвэл тус банкны Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяртай энэ тал дээр өөрийн бодлоо хэлэхдээ “-Надад үнэхээр тодорхой мэдээлэл байхгүй. Би өөрөө улстөрөөс хол байхыг боддог. Гэхдээ нэг хувийн бодол байдаг юм. Манай банкинд төр барьж байгаа хоёр намын аль нэгийнх нь дэмжлэг байсан бол бид гайгүй явах байсан болов уу л гэж боддог. Нуугаад яахав, төсвийн дансуудыг өөртөө байршуулах, эсвэл гадаадын ямар нэг төсөлд хамрагдах гэхчлэн зарим тохиолдолд улстөрийн лобби хэрэгтэй байдаг. Гадаадын төслөөр техникийн тусламж, хөнгөлөлттэй зээл орж ирлээ гэхэд улстөрийн дэмжлэгтэй банкуудад лобби хийх боломж илүү байдаг юм.” хэмээн ярьснаас харахад ч улстөр болоод банкуудын дампуурал яах аргагүй холбогдож л таардаг.
Дэмжсээр байгаад унагадаг
За мөн Зоос банкны тухайд юу болоод өнгөрлөө. Өдгөө Төрийн банк болж хувирчихсан Зоос банкийг төр дэмжсэн нэрээр татаад унагаж л байсан шүү дээ. Эргэн санахад, Засгийн газраас санхүүгийн хямралд өртөж, байдал нь хүндэрсэн банкуудад төсвийн хөрөнгөнөөс мөнгөн зээлийн туслалцаа үзүүлж, сэхээн амьдруулах арга хэмжээ авах тухай хуулийг 2008 оны арванхоёрдугаар сард баталж, улмаар Монгол банкнаас Худалдаа хөгжил, “Зоос”, “Монгол шуудан” гэсэн гурван банкийг сонгож, зургаан сарын хугацаатай нийт 65 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. “Зоос” банкинд 15, “Монгол шуудан” банкинд 25 тэрбум төгрөгийг 180 хоногийн хугацаатай 9.75 хувийн хүүтэйгээр, Худалдаа хөгжлийн банкинд мөн хугацаагаар 25 тэрбум төгрөгийг 11.5 хувийн хүүтэй зээлдүүлж байв. Харин зургаан сар өнгөрөхөд дээрх банкуудын аль нь ч зээлсэн мөнгөө бүрэн төлөх хэмжээнд хүрээгүй байлаа. Тиймээс “Зоос” зургаан тэрбум, “Монгол шуудан” 19 тэрбумын өртэй үлдэж, зээлийн хүү нь 11.5 хувь болон нэмэгджээ. Есөн сарын дараа гэхэд “Зоос” банк гурван тэрбум төгрөгийг төлж чадахгүйд хүрснээр Засгийн газрын давуу эрхийн дагуу татан буугдаж, өнөөгийн Төрийн банк байгуулагдсан юм. Бас “Монгол шуудан” банкны үйл ажиллагаа ч зогсож, Хадгаламж банктай нэгтгэгдэж байсан билээ. Тэгвэл “Хадгаламж”-ийн хувь заяа юу боллоо!
Монгол, Оросын улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн хамтарсан эзэмшлийнх гэх тодотголыг дагуулж явсан “Хадгаламж” нүд аньсан. Тус банкийг Төрийн банкинд нэгтгэх шийдвэрийг нэгэн нартай өдөр Монголбанк гаргасан. Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар нарын хуйвалдааны үрээр төрийн томоохон компаниудаар баталгаа гаргуулж гадны банкуудаас зээл авсан гэгддэг “Хадгаламж” банк үйл ажиллагааны хувьд үүдээ барих дээрээ тулаагүй байсан ч, төр хүчиндээд шийдчихлээ гэх байр суурийг илэрхийлэгсэд байгаа. Гэсэн ч төр шийдсэн л бол авдаг зангаараа авчихсан. Гэхдээ буруутан нь “Жаст” групп гэгдэж байгаа. Ер нь бол энэ тохиолдолд буруутан зайлшгүй тодрох ёстой. Тэр жишгээр тодорч эсхүл тодруулж байгаа нь нэг талаас ойлгомжтой асуудал. Гэхдээ гэм буруугийн асуудал эцэслэн тогтоогдоогүй байгаа учраас сэтгүүлч би эцэслэн дүгнэлт хийхэд эртдээд байна. Тэгэхдээ бизнесийн зарчимаар бол “Хадгаламж”-ид итгэлцэл дутсан байхыг үгүйсгэх аргагүй. Мөнгөн хөрөнгө, үйл ажиллагааны хувьд өмнөхөөсөө илүү өссөн нь тоон үзүүлэлтүүдээс харагдах энэ банкийг унагах сонирхол төрд давамгай байсныг анзаарахгүй байж болохгүй л дээ. Ерөнхийдөө банк тойрсон асуудлыг цэвэр эдийн засгийн болоод улстөрийн нөхцөл байдалтай уяж харахад иймэрхүү байна. Сүүлд нь тодотгоход Олон Улсын Банкны Хяналт Шалгалтын Базелийн Хорооны зүгээс “Эцсийн эцэст төр тогтвортой банкны тогтолцоо бий болгож удирдан зохицуулах асуудлыг хариуцна” гэх дүгнэлтийг гаргасан байдаг юм. Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлах нь илүүц биз.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )