ӨГЛӨӨНИЙ МЭНД

Я.Болор | Zindaa.mn
15 цагийн өмнө

Өнөөдөр 2025.01.09. Энэ оны 9 дахь өдөр бөгөөд он дуусахад 356 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандаж, 17 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 28 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Олон улсын бүжиг дэглэгчдийн өдөр тохиож байгаа бол Японд Аз жаргалын өдөр, Вьетнамд оюутан, сурагчдын баяр, АНУ-д Хууль хүчний байгууллагуудад талархал илэрхийлэх өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Армены анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросян, Америкийн жүжигчин, “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Жонатан Кимбл Симмонс, жүжигчин, найруулагч Жой Лорен Адамс, Бельгийн дуучин Лара Фабиан, Италийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Женнаро Гаттузо, Америкийн дуучин, “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Александр Жеймс Маклин, Их Британийн ханхүү Уильямын эхнэр, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм байгуулагджээ.

2012 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гаргасан билээ.

2017 оны энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1907 оны энэ өдөр Вильнюст Литвийн анхны уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.

1923 оны энэ өдөр Хуан де ла Сиерва өөрийн зохион бүтээсэн нисэх онгоцоороо анхны нислэгээ үйлдэв.

1951 оны энэ өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр албан ёсоор нээгджээ.

1992 оны энэ өдөр Бүгд найрамдах Серби улсыг зарлан тунхаглажээ.

2007 оны энэ өдөр анхны “iPhone” утсыг танилцуулав.

Билгийн тооллын 10. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top