Ажлаа амжилттай, аз жаргалтайгаар хийж, хүсэл зорилгодоо хүрэхийн тулд сэтгэлийн гүн рүүгээ шагайж, өөрийгөө болон өрөөл бусдыг хөглөж явна гэдэг амьдралын нэгэн утга учир билээ.Тэдгээр хүмүүсийн төлөөлөл, Өмнөговь аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Оюунтунгалагтай ярилцлаа. Тэрбээр 2010 оноос өмгөөлөгчөөр ажиллаж иржээ. Энэ хугацаанд олон хүний өмнө тулгарсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж, ажил мэргэжлийнхээ ёс зүйг өндөрт өргөж яваа чадварлаг өмгөөлөгч юм. Улмаар салбар зөвлөлөө удирдан 2023 онд “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгарсан бол Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Өмгөөлөгчийн алдар медаль, Тэргүүний өмгөөлөгч, Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаажээ.
-Та хуулийн байгууллагууд дундаас өмгөөллийн салбарыг хэрхэн сонгох болов?
-Миний хувьд анхнаасаа өмгөөлөгч болохыг хүсээгүй ч өмгөөллийн салбарыг сонгосондоо үргэлж өөртөө талархаж явдаг. Тиймээс ажилдаа үнэхээр хайртай, мэргэжилдээ дуртай. 2008 онд их сургуулиа төгсөөд аймгийнхаа Прокурорын газар туслахаар ажилд орохоор хэдэн хүний хамт шалгалт өгсөн юм. Энэ дундаас манай найз бид хоёр тэнцэж үлдээд, сүүлийн шалгаруулалт буюу ярилцлагад орох болов. Гэтэл шалгалтын комиссын шийдвэрээр найзыг маань тэнцүүлээд намайг хасчихсан юм. Энэ тухайгаа тайлбарлахдаа “Манай прокурорын туслах ажилтан няравын ажлаа давхар хийдэг учраас аж ахуйн ажилд эрэгтэй хүн хэрэгтэй гээд сонголоо” гэж билээ. Энэ үед хүнийг хүйсээр нь ялгаварлаж байгаа хуулийн байгууллагад гомдож байснаа нуугаад яах вэ. Гэвч өөрийгөө хэн бэ гэдгээ харуулна даа гэсэн шар хөдлөөд өмгөөлөгч болох шийдвэрийг гаргаж байлаа. Ингээд хоёр жил Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга байсан И.Олонмөнх өмгөөлөгчийнхөө туслахаар ажиллаж байгаад, 2010 онд хуульчийн болон өмгөөлөгчийн шалгалтаа өгч “өмгөөлөгч” хэмээх халуун ам бүлд багтсан.
-Мэргэжлийнхээ онцлог болоод давуу талыг юунд оршдог гэж та боддог вэ?
-Биднээс үйлчилгээ авахаар ирсэн тухайн хүн сайн хүн үү, муу хүн үү гэдгээс үл хамааран өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн ч бай, хохирсон ч бай тэр бүгдэд өмгөөлөгч хүн ялгаваргүй хандаж, хуулийн бүхий л боломжийг эрэлхийлж, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг нь бидний мэргэжлийн онцлог. Заримдаа найз нөхдийн зүгээс “Чи ийм муухай хэрэг хийсэн хүн өмгөөлж байгаа юм уу, тийм хүнийг юуг нь өмгөөлдөг юм” гэж гайхах, хохирогч тал нь зэвүүцэх, харааж загнах хандлагуудыг гаргадаг ч миний л ажлын чиг үүрэг учраас энэ бүгдэд ач холбогдол өгөлгүй ажлаа хийдэг дээ. Бас нэгэн онцлог нь удирдах албан тушаалтны дарамт шахалт гэж байдаггүй, хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар ажилладаг нь сайхан. Гоёор хэлбэл өөрөө өөртөө дарга /инээв/.
-Ажил мэргэжлээсээ авдаг хамгийн том мэдрэмж?
-Тухайн хүнтэй гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн үеэс л тэр хүний асуудал биднийх болдог. Тиймээс хэрэг маргаанаа үйлчлүүлэгчдээ ашигтайгаар шийдвэрлүүлэх нь үнэхээр гоё бахдам мэдрэмжийг төрүүлдэг. Мөн амжилттай шийдвэрлэгдэх боломжтой гэж таамаглаж байсан хэрэг дээрээ ялагдах мэдрэмж хэцүү. Яагаад ч юм, хэсэгтээ гутраад, утгагүй ч юм шиг санагдаад явчихдаг юм. Тиймээс энэ мэдрэмжийг олон авахгүйн тулд өөрөөс шалтгаалах, чадах бүхнээрээ хичээж ажиллахыг зорьдог.
-Таны хамгийн сэтгэл хангалуун мөч?
-Үйлчлүүлэгчээ цагаатгуулсан, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулсан, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулсан гээд л өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлт, дүгнэлтийг шүүх, прокурор хүлээн авч шийдвэрлэсэн бүх хэрэг буюу өмгөөлөлдөө өмгөөлөгч хүн хамгийн сэтгэл хангалуун байдаг. Дээр нь үйлчлүүлэгчид өмгөөлөгчдөө бүрэн итгэж байгаа байдал. Ийм хоёр талын итгэлцэл, өмгөөлөл, процесс ажиллагаа цаанаасаа л нэг сэтгэл дүүргээд, эцсийн үр дүн нь үнэхээр “cool” байдаг нь сайхан.
-Танд иргэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ. Улмаар шүүх хурал болгон ялалт байгуулна гэж үгүй. Үүний дараа үйлчлүүлэгчдийн хандлага харилцаа ямар байдаг вэ?
-Хууль зүйн зөвлөгөө авч буй иргэдийн ихэнх нь “Манай эхнэр, нөхөр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд байна, гуравдагч этгээд нь утсаар болон чатаар намайг доромжлоод сал гээд байна, эхнэр, нөхөр маань байнга архи ууж, агсам тавьж зодоод, хардаад байна, цаад хүнд нь хуулийн хариуцлага тооцуулмаар байна” гэсэн гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаар ханддаг. Эдгээр гэр бүлийн асуудлуудыг өөрийн өнцгөөс харахад “Анхнаасаа төлөвлөлтгүйгээр гэр бүл болсон, эцэг эх, эхнэр нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, зөвхөн өөрийнхөө тухайн агшны аз жаргалыг илүүд үзэх, нэгнийгээ үл хүндэтгэх, үл сонсох” зэргээс улбаалан хоорондын харилцаа нь хөндийрч, бие биеэ хуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг нөхцөл байдалд хүрсэн байдаг. Зөвлөгөө авахаар ирсэн тэд хэцүү байна гэдгээ олонтаа илэрхийлдэг ч аль алиных нь үйлдэл давхар хүүхдийн эрх ашиг, сонирхлыг маш ихээр хохироож, зөрчиж байгаа гэдгийг төдийлөн мэддэггүй, тоодоггүй нь харамсалтай.
Иймд хүний хоорондын нарийн нандин харилцааг тэр бүр хуулиар зохицуулах боломжгүй учир хүн бүр гэр бүл болж, эцэг эх болно гэдэг бол багадаа айл гэр болж тоглодог байснаас өөр зүйл гэдгийг хатуу ухамсарлаж, гэр бүлийн тогтвортой харилцааг эрхэмлэн, хайр дүүрэн зөв орчинд хүүхдээ өсгөж хүмүүжүүлбэл ирээдүйн гэр бүл, эхнэр нөхрийн төлөвшил, хүмүүжил, хоорондын харилцааны суурь нь бат бөх тавигдана гэдэг утгаар гэр бүлийн асуудалд ухаалаг, хариуцлагатай ханддаг баймаар байна. Таны асуусанчлан шүүх хурал болгонд ялалт байгуулна гэж байхгүй, үнэхээр хичээснийг минь мэдэж байгаа, эрсдэл, нөхцөл байдлыг ойлгож байсан үйлчлүүлэгч нарын маань зүгээс харилцаа хандлага харьцангүй гайгүй байдаг. Маш ховор тохиолдолд бодит нөхцөл байдлыг тайлбарлаад ч ойлгохыг хүсдэггүй, бурууг бусдаас хайж, шийдвэр гаргасан субьектыг буруутган гомдоллох, эсрэг талаа хардах, хэрэг дууссаны дараа тааралдахаараа дуугарахгүй байх, өмгөөллийн үйлчилгээний хөлсөө дутуу өгөх зэрэг хандлага гаргаж байсан.
-Таны өмгөөлж байсан хэргүүдээс сэтгэлд үлдсэн санасандаа хүртэл хамгаалж шийдвэрлүүлсэн ямар хэрэг маргаан байдаг вэ?
-Эргээд бодоход олон л хэрэг сэтгэлд үлдэж дээ. Эдгээрээс 2012 онд онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээд айлаас хулгай хийгээд, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн, 10-15 жил хорих ял оногдуулах санкцтай хэрэгт /шүүхийн шатанд нь/ өмгөөлөгчөөр орж байсан юм. Тус хэргийн яллагдагчийн дүү гэх залуу надтай холбогдоод ах маань шоронгоос суллагдаад удаагүй дахиад хэрэг хийчихжээ, тэр нь хүнд хэрэг гэнэ, өмгөөлөгч авах мөнгөгүй болохоор та өмгөөлөөд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу ахад нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болсон. Хэргийн материалтай танилцахад тухайн хүний хулгайлсан эд зүйлийнх нь үнэлгээ хэдийгээр 200 мянга орчим төгрөг байсан ч онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээд байсан тул зүйлчлэл нь хүндэрсэн байсан. Намайг тус хэрэгт өмгөөлөгчөөр ороход хүмүүс наадах чинь тодорхой хэрэг дээ гэж байсан ч хэрэгсэхгүй болгуулж шийдвэрлүүлсэн болохоор сэтгэлд үлдсэн байдаг.
-Ажил амьдралдаа баримталдаг зарчим буюу ухаарал бэлэглэсэн ямар торгон агшин байдаг вэ?
-“Өөрийнхөө хайртай хүнд хэлэхгүй үг, хийхгүй үйлдлээ бусдад битгий хэлж, хийж байгаарай” гэсэн үг надад их таалагддаг юм. Давхар энэ үгээр амьдралдаа баримталдаг зарчмаа ч илэрхийлж болох байх.
-Та чөлөөт цагаараа юу сонирхдог вэ?
-10 жилийн сурагч байхаасаа их сургууль төгсөх хүртлээ сонины өгүүллэг, зөвлөгөө, гэмт хэргүүдийн сонирхолтой хэсгүүдээс нь хайчилбар хийж, цуглуулдаг байсан. Одоо надад хэдэн хавтас дүүрэн сонины хайчилбар байгаа,гэвч сүүлийн жилүүдэд цуглуулгаа нэмж баяжуулсангүй. Бас түлхүүрийн оосор, бал, явсан газруудынхаа мөнгөн дэвсгэрт гээд цуглуулга бий. Хоббигоосоо эрч хүч авч, тайвшраад сэтгэл цэлмээд орчин солигдох мэт гоё болдог шүү.
-Ер нь өмгөөлөгч хүн хувь хүн, гаднах байдлаасаа ямар хүн байх ёстой гэж боддог вэ?
-Өмгөөлөгч хүн хувь хүн болоод гадна талаасаа бусдын итгэлийг дааж чадахуйц, хариуцлагатай, үнэн мөртэй, ёс зүйтэй, тууштай байх нь чухал гэж бодож байна.
-“Би өмгөөлөгч хүн шүү” гэх мэдрэмж ямар үед төрдөг вэ?
-Өмгөөллийн үйл ажиллагаатай холбоогүй ажлаас гадуур нийгмийн харилцаанд оролцож байх үед хэн нэг хүн зөв биш үйлдэл хийхэд буюу үйлдлийнх нь үр дагавар муу байхаар бол “Би өмгөөлөгч хүн шүү” гэсэн мэдрэмж төрж, тус хүний зохисгүй үйлдлийг нь ярилцаж ойлгуулах, дахин тийм үйлдэл гаргахгүй байх талаас нь хэлж анхааруулах зэрэг зөв нөлөөлөл үзүүлэхийг хичээдэг.
Д.Гэгээ
Сэтгэгдэл ( 1 )
chi zugeer yardag yamaa bna