Шинэ технологи: Борооноос хамгаалах үл үзэгдэгч шүхэр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Шүхэрний хэрэглээнд нэгэн шинэ технологи хувьсал хийж, хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байна. Энэ бол өдгөө бидний хэрэглэдэг даавуун шүхэртэй харьцуулшгүй эд хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Хятадын Нанжин их сургуулийн төгсөгчдийн бүтээсэн энэ шүхэр эзнээ бороонд норгохгүйн тулд даавуу биш агаарын хүчийг ашигладаг онцлогтой аж. Энэхүү шүхрийг лити ашиглан цэнэглэсэн бөгөөд доод хэсэгт нь бяцхан хэмжээний хөдөлгүүр суулгаж өгсөн байна. Бороо орж эхлэхэд толгой хэсгийн сэнс бүхий механизм ажиллаж эхэлснээр доод хэсгээс агаарыг татаж дээд хэсгээр гаргахдаа өндөр даралт ашиглан тойрог хэлбэрээр тасралтгүй цацдаг аж. Ингэснээр хэрэглэгчийг борооноос хамгаалж чаддаг байна.

Шүхэрний их бие нь агаар тул шүхрийг зохион бүтээгчид бүтээгдэхүүнээ “Үл үзэгдэгч шүхэр”, “Агаарын шүхэр” хэмээн нэрлэжээ.

Энэ санааг веб сайтад санаагаа байршуулах замаар мөнгө босгодог “Kickstarter” төслийн үеэр өнгөрсөн 9-р сард гаргасан бөгөөд 10 мянган долларын санаандаа 100 мянган доллар цуглуулж чадсан байна.  

Агаарын шүхрийг 15, 30, 90 минут хүртэл зайгаараа ажилладаг, 12, 20, 32 инчийн урттай гэсэн гурван төрлөөр үйлдвэрлэж худалдаанд гаргах аж.  Багийнхан төслөө энэ сарын 24-нд хаасан бөгөөд “Шүхэрт ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ илүү сайжруулах шаардлагатай тул хаасан” хэмээн мэдэгджээ. Тэд үл үзэгдэгч шүхрийг хүнд бас хэт чимээтэй гэх шүүмжлэлүүдийг засахыг оролдоно гэжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top