ТОЙМ | Гуйлга гуйсан долоо хоног

Б.Сэцэн | Zindaa.mn
44 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногийг чухамдаа гуйлга гуйж, бадар барьсан долоо хоног гэж тодорхойлбол зохилтой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хэдхэн хоногийн зөрүүтэй ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, шатахууны нийлүүлэлт тасалдахгүй байгаад талархснаа илэрхийлж, цаашид ч ийм байхыг хүсэн “гуйлга гуйсан”. Сөрөг хүчнийхэн иргэдийн сонголтыг татахын тулд болхидуухан ч улс төрийн акц хийв. “Гуйлга гуйсан” Ерөнхий сайд талбайн арга хэмжээнд оролцож, иргэдийн гуйлгатай нүүр тулсан. Спикер нь “гуйлтаар” боссон төсвийн тодотголыг “гуйлтаар” хүлээн авч, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлав. Монголдоо хэчнээн томорсон ч хөршдөө бол гуйлга гуйхаар, төсөв хэдий тэлсэн ч иргэдийнх нь амжиргаа талбайн гуйлтаар болсныг өнгөрсөн долоо хоног бэлхнээ харуулчихлаа.

Төрийн “гуйлга”

Муу ч, сайн ч монголын төрийн алтан аргамж мянга илүү жил үргэлжилсэн юм. Гэхдээ цагийн жамаар бодит байдал гэдэг юм бий. Өнгөрсөн 70 жилийн түүхийг бүр мартъя. Бид өөрийн толгой мэдэлтэй болоод 40 жил ч хүрээгүй байна. Энэ хугацаанд шатахуунаас хойд хөршөөсөө хамааралтай байсан. Сарын өмнө болсон дугаарлалт ч хойд хөршид байдал эвгүйтсэнтэй холбоотой. Өнгөрч буй долоо хоногт ШХАБ, Дорнын эдийн засгийн чуулган гээд дипломат уулзалтууд ар, араасаа цуварлаа. Монгол Улс гадаад бодлого нь харьцангуй нэг цонхоор явж ирсэн тул ШХАБ-д Ерөнхийлөгчийн түвшинд, Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайдын түвшинд оролцсон.

Яахав бага оврын АЦС, гурван улсын коридор, хийн хоолой гээд том, том "юм" ярьсан ч дипломат утгаараа “бензин” л гуйсан юм шүү дээ.

Уулзалтаар ганц л зүйл хэлсэн нь дотоодын нөхцөл нь сайнгүй байсан ч хөрш улсын тухайд Монгол Улсад тусалсанд төрийн өндөрлөгийн түвшинд талархсан явдал. Тэгээд ердөө энэ байдлаа удаан хугацаанд үргэлжлүүлэхийг хүссэн юм. Яахав бага оврын АЦС, гурван улсын коридор, хийн хоолойн асуудлыг ярьсан ч дипломат утгаараа “бензин” л гуйсан юм шүү дээ. Либерал шошготой, ардчилал малгайтай хэд нь үүнийг шүүмжлээд байх шиг байна лээ. Бодит байдал либерал нь ч, ардчилал нь ч байсан шатахууны тал дээр Оросын хамаарлаас гарна гэдэг гонжийн жоо. Тэгээд ч шатахуун импортлогч орнууд Оросоос л авч иргэддээ дамладаг юм шүү дээ.

Засгийн гуйлга

Засаг найман сарын бөгсөн дээр, есөн сарын эхэнд есийн тооны бэлгэдлээр тодотгол нэртэй тодотголоо рекламдав. Таны мөнгө гэсэн толгойтой энэ реклам чухамдаа ямар ёр бэлгэдэлтэй байсныг Н.Учралын рекламны алба л гадарлах байх. Ямартаа ч бусдынх байж байгаад манийх болдог юм байж. Гэтэл бодит байдал нь үгүй байдаг юм даа. Засгийн газар  2027 оны төсвийн төсөлд нийт зарлагыг 2026 оны батлагдсан дүнгээс даруй 10 их наяд төгрөгөөр тэлж орхижээ. Г.Занданшатарын “бөгсөн” дээр Н.Учралын улаан нүүрэн дээр батлагдсан энэ төсөв анхнаасаа намын хуваариалт байсан нь энэ тодотголоос тод харагдана.

Засгийн газар тодотголоо зөвтгөж есийн тооны бэлгэдлээр төсвийн тодотголоо рекламдсан. "Таны мөнгө" гэсэн толгойтой энэ реклам чухам юу байсан бэ?!

Хэрэв энэ төсвийн тодотгол “шунгаж ороод” батлагдчихвал алдагдал нь 2.3 их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь 2026 оны батлагдсан дүнгээс даруй 1.3 их наяд төгрөгөөр өндөр дүн. Зарлагын бүтцийг харвал урсгал зардал нь л гэхэд 33.6 их наяд төгрөг. Тодотголгүй 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагаас ч давсан хэмжээ. Одон тарааж үнсдэг шигшээ гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийг 6.9 их наяд төгрөгт хүргэж, тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Гэтэл инфляц нөгөө талдаа хоёр оронтой тоонд ороод талийж өгсөн. Төсөв нь данхайгаад, мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд байвал инфляц цаашаа хэд хүрч талийхийг “Балхаа ах” бид хоёр л лав таашгүй нь.

Намын гуйлга

Ардчилсан нам сөрөг хүчин гэдгээ ухаарсан бололтой. Бололтой гэдэг нь цаанаа учиртай юм шүү. Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал намын дарга болсныхоо дараахан спикер болсон. Улс төрийн замналын хувьд суга бөгөөд нуга дэвшсэний дараа Ардчилсан намынхан акц өрнүүлсэн. Намын дарга нь парламентын дарга байж болохгүй. Парламент нь намын аппарат боллоо гэж шүүмжлээд Н.Учрал спикерээ болиод Ерөнхий сайд болох зам нь шуударсан юм. “УИХ-ыг Н.Учралаас чөлөөлье” нэртэй энэ акц явж, явж Н.Учралыг Ерөнхий сайд болгосон юм шүү дээ. Чухам иймийн учир Ардчилсан намын одоогийн акцыг ардчилсан намынхан нь дотооддоо эсэргүүцээд байгаа юм. Дээрээс нь төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэх хуультай. Ээлжит бус чуулган хуралдуулахыг Ардчилсан нам өөрсдөө шаардаж эхэлсэн. Гэтэл парламент ээлжит бусаар төсвийн тодотгол хэлэлцэх гэж байхад Ардчилсан намынхан цэц рүү асуудлыг өглөө. "Зайрмагны цех"-ийнхэн Цэц дээр очоод л жүжиг дэглэгддэг гэж ойлгочихсон бололтой. 

Явж, явж Н.Учралыг Ерөнхий сайд болгосон Ардчилсан нам Н.Учралыг огцруулъя гэж акц хийлээ.

Ардчилсан намынхан төсвийн тодотго гэж шаардсан. Дараа нь төсөв том байна аа багасга гэж акц хийлээ. Ардчилсан намынхан Н.Учралыг крандуулсан. Дараа нь огцруулъя гэж акц хийлээ. Залуу тодотголтой шинэ гишүүд нь энэ акцид нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн. Дараа нь намын дарга нь “хариуцлага тооцно” гэж гяндайсан. Чухам акц нь хаашаа чиглээд байгааг “зайрмагны цех”-ийн дарга л гадарлах байх. Чухам ямар ч байлаа гэсэн дараалсан хоёр сонгууль хүлээж буй энэ цагт Ардчилсан намынхан саналын л гуйлга гуйгаад байгаа юм шүү дээ. Нэгж санал авч байж нэжгээд суудал оногдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top