ХЭМЛЭЖ дуусдаггүй ХЭМНЭЛТ

Б.Сэцэн | Zindaa.mn
39 минутын өмнө

Хэмнэлт. Аль ч цагийн улс төрд, ямар нэгэн улстөрч хэмнэлт гэдэг үгийг хэмлэж дуусдаггүй юм. Хуучин цагт ариглаж гамнах, хямгадаж хэмнэх ойлголт бараг номлол байлаа. Юм хомс, түшиг ганцхан тухайн үед ариглахаас өөр аргагүй. Дараа нь шинэ нийгэмд хуучин уухайг хадааж ороод хэмнэнэ гэдгийг амандаа бувтнасаар аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалтай золголоо. Авчиг их өгөгдөл, хиймэл оюун, роботжуулалт манай гадаа дуугаа хадаасаар байдаг...

Ерөнхийлөгч болж суга дэвшсэн У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа төрийн байгууллагын бүх шатанд зардлаа танаж, тансаглалаа багасгахыг чиглэл болгож байлаа. Ерөнхийлөгч болсныхоо дараа ч хэмнэлтээ ярьсаар хөмсөг зангидах болсон. Түүний залгамж Л.Оюун-Эрдэнэ хэмнэлт гэдгийг нь тогтоож аваад “Хэмнэлтийн горим” гэдгийг тогтоол болгосон. Төд удалгүй 2022 оны дөрөвдүгээр сард УИХ-аас “Төрийн хэмнэлтийн тухай” бие даасан хууль баталсан юм. Тэднийг хэмнэлт ярьж байхад цар тахал “айдас” байлаа. Төр цар тахлаар айлгаад улстөрчид нь үүгээр дараагийн замаа зассан. За тэгээд отоон дундаас Г.Занданшатар торойход ч, зодоон дундаас Н.Учрал сугарахад ч хэмнэх тухай ойлголт арилах нь бүү хэл сарнисангүй. Шатахуун олдохгүй үстэй толгойгоо маажсан манай төр одоо “хэмнэлтийн горим” гэдгийг тогтоол болгоод өчигдөр хэвлэлээр баахан “сэвлээ”.

Нэг сонгууль, гурван засаг дамнан "хэмнэлт" гэх үгийг амандаа бувтнахдаа хэмнэхээ хэмнэчхээгүй юм уу?!

Хэмнэлт гэдэг угтаа дарга нарын найр юм. Энэ ч утгаараа 2020, 2024 оны сонгууль найр болсон. Төрийн захиргааны аппаратыг наадам найрын шан болгож төсвийн тодотгол, ашиггүй тендер, мега төслүүд, шахааны бизнесүүд, тусгай сангуудаар төсвийн мөнгийг саасаар байдаг. Жирийн албан хаагчдын цалинг танаж, томилолтыг хязгаарладаг мөртөө том дарга нар нь “бүрэн эрх”, “ажлын шаардлага” нэрээр тансаглалаа үргэлжлүүлж, дэмий тэнэсээр л байдаг. Төрийн эгэл алба хаагчдыг хайр найргүй халж сольдог атлаа захиргааны орон тоо, дэд сайд, зөвлөхүүдийн асар том армийг чимээгүй хадгалсаар үлддэг. Төрийн үйлчилгээний зайлшгүй зардлыг хэмнэснээс болоод иргэнд очих төрийн хүртээмж муудсаар байдаг.

Төрийн албанд 200 мянга орчим хүн ажилладаг гэж тооцъё. Төрийн тусгай чиг үүргийн алба хаагчийг хасвал захиргааны болон удирдах шатны аппаратыг үндсээр нь цомхотгох боломжтой. Даан ч тэгдэггүй. Наадам найрын бэлэг болчихсон учраас тэр. Төрийн өмчит компаниудыг татан буулгаж, хувьчилна гэдэг ч нэрийг нь сольж, эсвэл нэгтгэсэн дүр үзүүлээд төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсээр байна. Яамдын тоо бүр утгаа алдсан. Аппарат бүтэцгүй өнчин сайд нарын тоо нэмэгдсэн. Яамдын хийдэл ихтэй давхарсан олон тооны бүтэцтэй болсон. Цахимжуулалтыг хүртээмжтэй болгоогүйгээс өөрийнхөө паспортыг бариад баталгаажуулсаар байна.

Хэмнэлт гэдэг угтаа дарга нарын найр юм. Энэ ч утгаараа 2020, 2024 онд сонгууль биш найр болсон.

Тэгээд яана гэж, “хэмнэлт, хэмнэлт” гэсээр Царцаа Намжил шиг “доод тив”-д очих юм гэж үү. Уг нь хэмнэлт гэж байгаа бол зоригтойгоор яамдын тоогоо цөөлөөд, захиргааны армийг цөөлөөд, ТӨҮК-ыг хувьчилъя. Цахимжуулалтыг яг бодитой хэрэгжүүлье. Ярилгүйгээр яг одоо, зоригтойгоор. С.Зоригийн хөшөөг зоригтойгоор байранд нь тавьсан шиг ээ зоригтойгоор энэ хэдэн алхмыг хийе. Хүсэхэд хясна гэгчээр Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Сангийн сайд төсвийн тодотголоо зөвтгөхдөө “Төсөв тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа” гэж хэлснийг сонссон уу.

Нам нь сарнисан ч намжир нь арилаагүй ах намынхан ер нь л хэмнэнэ гэж дуулаад найрладаг юм билээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top