#1 ХЯТАДУУД ҮҮДЭЭ ТҮР “ХААЖ”, МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ДОЛОО ОРЧИМ САЯ ТОННООР ТАСАЛДАХ НЬ
Хятадууд дахиад гэдийвэл, Монголын нүүрсний экспорт тасалдах эрсдэл хажуу дэргэд байна гэдгийг энэ сарын эхээр манай сайт мэдээлж байсан. Тэгвэл БНХАУ-ын тал манайхаас сүүлийн өдрүүдэд нүүрс авахгүй байгаа гэх мэдээлэл байна. Сануулахад, БНХАУ энэ оны эцэст нүүрсний импортоо танах төлөвтэй байгааг тус улсын шинжээчид хоёр сарын өмнө “Coal Mongolia”-гийн индэр дээрээс дуулгаж байсан юм.
Харин Хятадын үндэсний нүүрсний ассоциацын мэдээллээр жилд гаднаас авах нүүрсний хэмжээг 300 сая тонноос хэтрүүлэхгүй байх бодлого барьж буй тус улс оны эхний арван сарын гүйцэтгэлээр 280 орчим сая тонн нүүрс авчихсан байсан. Тиймээс манай нүүрсний үндсэн гол зах зээл эрэлтээ хумих нөхцөл бараг бүрдсэн гэсэн үг. Тэд зөвхөн биднээс нүүрс авдаггүй. Дотоодын нийлүүлэлт гэж бий. Мөн Австрали, Орос гэхчлэн нийлүүлэгчид тэдэнд байгаа. Тэгэхээр тооцож төлөвлөсөн нийт хэрэглээнийхээ 10 хүрэхгүй хувийг хаанаас, хэнээс, хэрхэн яаж авахыг нь заах эрх бидэнд угаасаа байхгүй.
Естой нөгөө дүрмийн дагуу гэдэг шиг оны төгсгөл ойртсон энэ үед БНХАУ манайхаас нүүрс авахаа түр зогсоож байгаа бололтой. Тэгвэл тэдний шийдвэр манайд хэрхэн тусах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Энэ оны сүүлийн өдөр гэхэд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө төсвийн тухай хуулиараа баталгаажуулсныг сануулъя.
#2 ЦЭЦИЙН ДАРААГИЙН ДАРГАД Г.БАЯСГАЛАН, Н.ЧИНБАТ НАР ЯРИГДАЖ БАЙНА
Монгол Улсын Цэцийн дарга Д.Одбаяр Улаанбаатар-Сөүл чиглэлийн "Корэйн эйр" компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн асуудлаар тус улсын хуулиар торгуулийн шийтгэл хүлээсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дагуу Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүн хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр болоод байгаа.
Ийнхүү Цэцийн дарга өргөдлөө өгсөнтэй холбогдуулан Цэцийн дараагийн даргын сунгаа эхэлжээ. Төрийн ордонд нисэж байгаа мэдээллээр УИХ-ын квотоор Цэцийн гишүүн болсон Г.Баясгалан, одоо Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа ахмад гишүүн Н.Чинбатын нэр хүчтэй яригдаж байгаа аж. Г.Баясгалангийн хувьд Баянхонгор нутгийнх гэдэг утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга мөн дэмжиж байгаа сурагтай.
#3 ТЭД БИДНИЙ ТУХАЙ | РИО ТИНТОГИЙН ТОЛГОЙНЫ ӨВЧИН НЭМЭГДЛЭЭ
Дэлхийн хоёр дахь томоохон уурхай “Оюу Толгой” төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанийн толгойны өвчин нэгээр нэмэгдлээ. Монгол Улсын эрх баригчидтай үзэл санаагаа нэгтгэж чадахгүй байгаагийн дээр Захиргааны хэргийн шүүхээс “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө” процедурын хувьд хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаад байна.
Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орохоосоо өмнө саатаж, хууль эрх зүйн ээдрээтэй нөхцөл байдалд орж, үзүүлэлтүүд нь буурч, зардал нь хэтэрч, Засгийн газраас ажлаа шахамдуулахыг шаардаж буй. “Дархан Монгол ногоон нэгдэл” нэртэй Төрийн бус байгууллагын анхлан гаргасан энэ маргаан Ерөнхий сайд нь холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсанд байсан. Харин “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй гэж албан мэдэгдэлдээ дурджээ.
“Шүүхийн шийдвэр олон нийтийн тодорхойлсноор “Дубайн гэрээ”-г цуцлаагүй. Харин Ерөнхий сайд, Засгийн газрын захирамжаар гарын үсэг зурсан хүн нь Засгийн газрыг төлөөлөх чадвартай эсэх, бусад хуулийн заалттай зөрчилдөж байгаа эсэхээр л хандсан. Үүнийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм” гэж “Авинекс Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Солонгоо ярьжээ.
#4 Д.ДАМДИНЖАВ: ПАМФЛЕТ БОЛ ИХ Л ЭВГҮЙ, БАРЬЦГҮЙ, ЗАЛЬЖИН,ТЭГСЭН ХЭРНЭЭ ДУР ТАТАМ, ЗЭВҮҮН ТӨРӨЛ
Улстөрчдийн хөргийг сонирхолтой, ёж егөө хэлбэрээр бичсэн “Гол тоглогч I, II” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч Д.Дамдинжавтай уулзаж ярилцлаа. Бүтээл нь уншигчдын дунд хэдийн танил болж, шуугиан тарьж байгаа ч өөрөө төдийлөн нээлттэй биш нэгэн ажээ. Тийм ч учраас түүний дотоод ертөнцөд зочлохыг хүссэн юм.
-Олон хүн миний номыг их гайхаж, шулуухан хэлэхэд цочирдож хүлээж авч байна л даа. Тэд үнэндээ улстөрчдийг ингэж ил тод, эрээ цээргүй бичиж болдог юм байх даа гэж гайхаж байна. Сэтгүүл зүйд памфлет гэдэг төрөл зүйл байдаг. Энэ нь ёжлол, егөөдөл, адилтгал, зүйрлэлийн аргаар улстөрчдийг шогчлон бичдэг, шүүмжилж болдог хөргийн нэг төрөл юм л даа. Хөрөг гэдэг найруулал, хөрөг, памфлет гээд дотроо олон төрөлтэй. Ярилцлага хүртэл хөргийн нэг төрөлд ордог. Миний хувьд сэтгүүлчээр ажиллаж эхэлснээсээ хойш л ерөнхийдөө далд егөө утгатай, хурц шүүмжлэлт агуулгатай нийтлэл бичдэг байсан. Бүр 2007 онд “Нийгмийн толь” сонинд ажиллаж байхдаа тухайн үеийн Засгийн газрын бүх сайд нарыг нэр зааж байгаад, памфлет гэдэг төрлөөр шүүмжилдэг байлаа. Тэр үед бичсэн миний нийтлэлийн гарчгууд зарим улстөрчийн хоч хүртэл болчихсон явдаг. “Дон жунай”, “Хүнд жингийн коммунист”, “Зөрүүд зүтгүүр”, “Алтан жур” гээд л. Памфлет гэдгийг сэтгүүл зүй судлаач Т.Баасансүрэн гуай “Улс төрийн шог” гэж хөрвүүлсэн. Уншиж байгаа хүнээ байтугай бичиж байгаа хүнээ уйдаадаггүй, шүүмжилж егөөдөж байгаа хүнээ хүртэл хэлэх үггүй болгодог үнэхээр сонирхолтой төрөл л дөө. “Гол тоглогч 1” номонд маань “Нохой шуугиулсан баатар” гэж бичигдэж байсан “Hero entertainment”-ийн захирал Б.Баатар ямар сайндаа “Алаад ч байгаа юм шиг, авраад ч байгаа юм шиг ямар хачин бичдэг нөхөр вэ” гэж байх вэ дээ. (инээв)
-Унаж яваа хүнийг шүүмжлэх, ёгтлох амархан. Харин хүнийг ид мандаж, эрх мэдэлтэй байхад нь ёгтолж, егөөдөж оролдоно гэдэг сэтгүүлчээс эр зориг шаардана биз?
-Үхлээ эрсэн хулгана л муурын сахлаар оролддог гэж үг бий. Миний үйлдэл бол муурын сахлаар оролдож байгаа хулганы л үйлдэл шүү дээ. Гэхдээ ялгаа нь би үхлээ эрээгүй, үнэнийг эрж байгаа юм. Сэтгүүлч хүн үнэнийг бичихдээ олон янзын арга хэлбэр, бичлэгийн төрөл зүйл ашигладгийн нэг нь л энэ шүүмж, егөөдөл шүү дээ. Тиймд арга хэлбэр, төрөл зүйл нь л өөр өөр болохоос биш бүх сэтгүүлч л эр зоригтой ажил хийж байгаа гэж би боддог. Би памфлетуудаа бичихдээ тухайн хүнийг яг одоо хэн байгаад нь нэг их ач холбогдол өгдөггүй. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь “Сүүлчийн гавьяат жүжигчин” гээд л бичиж байсан. Женко Х.Баттулгыг болохоор УИХ-ын сонгуульд ялагдаад, хэрэгт холбогдчихсон байх үед нь “Өнгөрсөн 20 жилд ийм байсан Женко ирэх 20 жилд үүнээс ч том амьтан болно” гэж бичиж байлаа. Үнэхээр ч найман сарын дараа Ерөнхийлөгч болсон доо.
#5 ХӨНДҮҮР СЭДЭВ: ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ НЬ АМИА ХОРЛОХ АЮУЛД ХҮРГЭЖ БАЙНА
Өсвөр насныхан ирээдүйн хөгжлийг тодорхойлогч гол хүчин болж төлөвших ёстой. Мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай, төлөвшсөн, зөв хүн байхыг дэлхийн хөгжил бидэнд сануулж буй. ДЭМБ-ын 2013 оны судалгаагаар Монгол Улсын 13-17 насны хүүхдүүд сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэж гарчээ. Томчууд гэлтгүй хүүхдүүдэд хүртэл сэтгэцийн тулгамдсан асуудал байсаар байна. Нийгэм өөрчлөгдөх тусам хүний сэтгэл зүй дагаж өөрчлөгддөг ажээ. Ялангуяа хүүхдүүд энэ өөрчлөлтийг яаж хүлээж авахаа мэдэхгүй, даван гарч чадахгүй байсаар урт хугацаанд нөлөөлөх бодит хямрал үүсгэж байгааг ДЭМБ-аас онцолж байлаа. Үүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Улсын хэмжээнд халдварт бус өвчинтэй тэмцэх хүүхдийн хөгжил, хамгааллын болон үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж, ЭМЯ, БСШУСЯ-наас хамтарсан төлөвлөгөө боловсруулж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ажлууд өрнөлөө. Зарим үр дүн гарсан хэдий ч асуудлууд шийдэгдсэнгүй.
Өсвөр үеийнхэн мансууруулах бодис хэрэглэж, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, хямарсандаа сэтгэл гутралаар өвчилж, дарамт шахалт, стрессээ тайлж чадаагүйн улмаас амиа хорлох оролдлогууд ч хийж байна. Ямар их үнэ цэнээр хорвоод мэндлээд, олон сайхан учрал тохиолдож болох байсныг харамсалтайгаар мэдэрч амжилгүй, түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөр бүрэн амьдралаа сольж болохгүй шүү дээ. Тэгвэл асуудлын суурь нь юундаа байна вэ гэдгийг “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” эрдэм шинжилгээний хурлаас сурвалжиллаа. Говь-Алтай аймгийн өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар 36 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтайг оношилжээ. Харин таван хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй болсон байна. Өсвөр насынхны сэтгэл зүйд үе тэнгийнхний дарамт шахалт, гэр орон шилжин суурьших, эцэг эхийн хэрүүл маргаан, үл ойлголцол, ганцаардал, дааврын өөрчлөлт сөргөөр нөлөөлж сэтгэцийн тулгамдсан асуудлыг үүсгэх эрсдэлтэй гэнэ. Мөн томчуудын зүгээс хүүхдүүдэд “Сайн сурах хэрэгтэй” гэсэн шахалт үзүүлсний улмаас хүүхдүүд амьдрахын төлөө хэт их хичээж, хямрах, сэтгэл зүйг нь гэмтээх нэгэн шалтгаан болдог юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37