ЗИНДАА 2020.03.04 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2020 оны 03 сарын 04

#1 МОНГОЛ УЛСЫН ВАЛЮТЫН НӨӨЦ ИМПОРТЫН ЕСӨН САРЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ХЭМЖЭЭНД БАЙНА

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2019 оны арваннэгдүгээр сард 4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрснийг Төв банкнаас мэдэгдэж байсан. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 4.3 тэрбум ам.долларын нөөц Монгол Улсад байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрэх үед Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай улсын гадаад валютын нөөц  оны эцэст 4.2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоололтой байгааг хэлж байсан. Энэ нь 8-9 сарын импортын хэрэгцээг  хангах  хэмжээ.

Тэгвэл одоогийн байдлаар гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.доллартай тэнцэж буй  нь импортын 9 сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн гэсэн үг.

Ер нь  импортын 1 жилийн хэрэгцээг хангах хэмжээнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Төв банк анхаарч ажиллаж байгаа аж.

Коронавирусний улмаас эдийн засагт  үүсэх нөлөөллийн асуудлууд яригдаж буй энэ үед валютын нөөцийн өнөөдрийн хэмжээ нөхцөл байдлыг “зөөллөж” буйг тодотгоё.


#2 Ц.ЦОГЗОЛМАА: ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛЫГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ БАЙГАА НЬ ЗӨВ

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-УИХ-ын чуулган завсарлаад байна. Зарим гишүүд гадаад томилолт авсан, тойрог руугаа явсан сурагтай. Таны хувьд ямар ажил амжуулж байна даа?

-Би олон нийтийн жишгээс ялгараад байх дургүй. Тийм болохоор нийтийнхээ жишгийг дагаж хорио цээрийг хүндэтгээд үндсэндээ гэр зуураа л байна. Тухай нь, орон нутагт ажиллая гэж бодоход төр засгийн гаргасан шийдвэрийг зөрчиж таарна шүү дээ. Энд тэнд очиж хүн цуглуулж, хүнтэй уулзаж болохгүй. Ажлаа хийж байгаа хүмүүст хүндрэл учруулаад янз бүрийн ажил зохион байгуулах нь зохисгүй.

-Нэгэнт коронавирусний хориотой холбоотой яриа руу орсных асуух зүйл байна. Манай улсад энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх чиглэлд нэлээд идэвхтэй ажиллаж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн онцгой комиссууд гээд үүрэг хүлээж байгаа төрийн захиргааны байгууллагууд үнэхээр хариуцлагатай ажиллаж байгаад үнэхээр талархаж байгаа.

“Өвчин хэлж ирдэггүй” гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хөршид маань энэ өвчин гарсан болохоор хамгийн түрүүнд манайд дэгдэх магадлал байсан. Харин цаг хугацаа алдалгүй тодорхой горим, дэглэмийг тогтоож, үүнийг  ард иргэд маань ухамсартайгаар даган биелүүлсний үр дүнд шинэ коронавирусний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнгүй. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Хорио дэглэмийг иргэд сайн барьж, төр засгаас шийдвэрүүдээ шуурхай гаргаад явсныг сайн үзүүлэлт гэж бодож байгаа.

-Гэхдээ өвчин орж ирээгүй байхад орон нутгийн замыг хаах мэтээр жаахан хэтрүүлээд байна гэх хүн ч бий?

-“Энхийн цагт хөлс их дуслуулбал, дайны цагт цус бага урсгана” гэдэг үг байдаг шүү дээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авснаар буруутна гэсэн ойлголт байхгүй. Магадгүй өнөөдөр манай улсад орж ирээгүй болохоор хүмүүст айдас түгшүүр бага байгаа. Хэрэв нэг иргэн өвчлөөд хүндэрчихсэн байгаа бол бид яаж сандарч байх байсан бол гэдэг өөрөө өөр асуулт байхгүй юу. Улс үндэстнээрээ энэ халдварын тархалтад өртөхгүйгээр даван туулах гэдэг бол эцсийн зорилго шүү дээ. Тийм болохоор анхаарлаа сулруулж болохгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#3 “ОЮУТОЛГОЙ”-Н ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ АЖИЛ АЛБАН ЁСООР ЭХЛЭЭГҮЙ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2020.03.04/ Төрийн ордонд мэдээлэл өгөх үеэр “Оюутолгой”-н гэрээг сайжруулах талаар гаргасан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх, Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард суух ажил албан ёсоор эхлээгүй тухай мэдээллээ. 

Түүний хэлж байгаагаар гэрээг сайжруулах ажлыг Засгийн газар чиг үүргийн яамдад өгсөн бөгөөд судалгааны ажил үргэлжилж буй аж.

“Татвартай холбоотой асуудлыг Сангийн яам, Уул уурхайн ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, цахилгаан станцтай холбоотой асуудлыг Эрчим хүчний яам Ус, байгаль орчинтой холбоотой асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд чиг үүргийн яамд хариуцан ажиллаж байгаа” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярилаа.

"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" УИХ-ын тогтоолыг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар баталсан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#4 КОРОНАВИРУС 149 УДАА МУТАЦАД ОРЖЭЭ

Хятадын судлаачид шинэ төрлийн коронавирусийн хоёр дэд төрлийг илрүүлснээс нэг нь нөгөө дэд төрлийгөө бодвол илүү халдвартай болох нь тогтоогджээ.

Хятадын шинжлэх ухааны академийн мэдээллээр, судлаачид шинэ төрлийн коронавирусийн 103 сорьцыг шинжилж, сүүлийн үед эл вирус 149 хувирал буюу мутацад орсныг тогтоожээ. Түүнчлэн, вирус S болон L гэх хоёр дэд төрөлд хуваагдан хөгжсөн нь 101 сорьцод илэрчээ. Эдгээрийн 30 хувь нь S төрөлд хамаарах бол 70 хувь нь L төрөлд орох гэнэ. L төрөлд төрөл нь нөгөө төрлийг бодвол илүү халдвартай гэж мэргэжилтнүүд онцолж байна.

S төрлийн коронавирус сарьсан багваахайд илэрсэн вирустэй ихээхэн төстэй бөгөөд энэ төрөл титэм вирусийн “хуучин” хувилбар гэсэн дүгнэлтэд хүрчээ. L төрөл Ухань хотод халдварын тархалтын эхэн үед дэлгэрсэн ба энэ оны нэгдүгээр сарын эхний долоо хоногоос хойш ховор тохиох болсон аж.

КОВИД-19 коронавирусийг SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж, MERS буюу Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж өвчний үүсгэгч вирусийн бүлэгт хамруулжээ. Сүүлийн арван жилд аль аль вирус Ойрх Дорнод болон Зүүн Азид олон зуун хүний амийг авч одсон ба тэмээ, гэрийн тэжээвэр шувуугаар дамжин халдварладаг халдварт өвчин дэгдэхэд хүргэжээ. КОВИД-19 коронавирусийн анхдагч тээгчийг сарьсан багваахай байсан гэж эрдэмтэд таамаглаж байна. Үүнтэй зэрэгцэн, панголин эсвэл могойноос халдварласан болохыг илтгэх нотолгоо олдсон юм.


#5 УЛААНБУУДАЙ БОЛОН БҮХ ТӨРЛИЙН БУДААГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, хилээр нэвтрэх зорчигчдын хөдөлгөөнийг хорих, гол нэр төрлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах талаар барьж буй бодлого, Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн 4.1-т “Хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахыг” ХХААХҮЯ-нд үүрэг болгосон. Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх юм.

Монгол Улс 2019 онд 339.4 мянган га талбайд улаан буудай тариалсан. Гэвч оны 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байж хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсөн, 6 дугаар сард хуурай, халуун олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж буудайн өсөлт хөгжилт, бутлалтыг бууруулсан зэрэг байгаль цаг уурын давагдашгүй нөхцөл үүссэн шалтгааны улмаас улсын хэмжээнд нийт 26.9 мянган га талбайн ургацыг хураах боломжгүй болсон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top