ЗИНДАА 2019.12.11 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 12 сарын 11

#1 РИО ТИНТО КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг голлох хөрөнгө оруулагч Рио Тинто хүлээн авсан тухай цахим хуудастаа мэдээлжээ.

 “Рио Тинто компани Монгол Улсын парламентаас баталсан тогтоолыг бүрэн хүлээн авч байна. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ бүх талаар хүчин төгөлдөр гэдгийг мартаж болохгүй. Энэ гэрээний дагуу өнгөрсөн арван жилийн хугацаанд 10 орчим тэрбум ам.долларыг зарцуулаад байна. Монгол Улсын хувьд ихээхэн өгөөжтэй төсөл бөгөөд цаашид үүнийг үргэлжлүүлэх болно” гэж “Рио Тинто” компанийн Зэс-Очир эрдэнийн гүйцэтгэх захирал Арно Сойрат ярьжээ.

Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэж үзэж буй аж.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#2 СУРВАЛЖИЛГА: ГАЦУУР 60-980 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Шинэ жилийн ганган ногоон гацуур модгүй төсөөлөхийн аргагүй. Тиймээс шинэ жилийн гол бэлгэдэл болсон гацуур мод, чимэглэл, гэрэлтүүлэг ямар ханштай байгааг сонирхохоор  “Дүнжингарав”, “Нарантуул” худалдааны төвийг зорилоо.

Айл гэр болон албан байгууллагын хоймрыг гэрэлтүүлэн сүндэрлэх мөнх ногоон гацуурын үзэсгэлэн худалдаа аль хэдийн худалдааны төвүүдийн тасалгааг чимээд эхэлжээ.

“Дүнжингарав” худалдааны төвд дугардаг, дугардаггүй, гэрэлтэй, гэрэлгүй, сагсгар мөчиртэй, өөрөөсөө саатай, өндөр нам гээд төрөл бүрийн гацуурууд 50 см-ээс хоёр метр 40 см хүртэл байна. Үнийн хувьд 60 мянгаас эхлээд 980 мянган төгрөгийн хооронд байлаа. Дан ганц мод авах, багцаар нь авах гээд үнэ бүр өөр. Жишээ нь, хоёр метр 10 см-тай гацуур багцаараа /гэрэл, тоглоом, хашаа, буга/ 350-850 мянга байхад, дангаараа 50-80 мянгаар хямд байх ажээ. Худалдагчтай тохиролцож чадвал гацуурын үнээ 5-15 мянган төгрөгөөр буулгаж болохоор байв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#3 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨСӨВТ АВЧРАХ ҮҮРЭГТЭЙ ЗЭСИЙН ХАНШ ХЯТАДААС ХАМААРНА

Зэс Монгол Улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй учраас эл металлын дэлхийн зах зээлийн эрэлт, ханшийн хөдөлгөөн  анхаарал татсан сэдэв байдаг. Тэгвэл өнөөдөр Лондоны металлын биржийн санал болгож буй  ханшийг харахад тонн зэс 6055 ам.доллар байна. Энэ нь сүүлийн гурван сарын дундаж болох 6087 ам.доллартой харьцуулахад 32 ам.доллароор уруудсан үзүүлэлт ч  өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдрийн  5763 ам.доллартой харьцуулахад 292 ам.доллароор өссөн ханш юм.  Харин энэ оны гуравдугаар сард 6450.3 ам.доллар байсантай харьцуулахад 395.3 ам.доллароор ханш нь урууджээ.

Ер нь бол улаан металлын ханш өнгөрсөн 2018 онд уналттай байсан.  Энэ оны тухайд ханш өсөлттэй байгаа ч жилийн өмнөх уналтыг нөхөх хэмжээнд хүртэл өсөөгүй. Түүнчлэн ханшийн уналтын цикл ойр байгааг шинжээчид сануулж байна.

Дэлхийн зэсийн хэрэглээ сүүлийн 50 жилд гурав дахин өссөн бөгөөд нийт хэрэглээний тэн хагасыг  БНХАУ эзэлж байгаа. Тэгэхээр зэсийн ханшийн үнийн төсөөлөл тус улсын эрэлтийн төлөвтэй зайлшгүй холбоотой. Тэгвэл БНХАУ-ын зэсийн эрэлт уруудах төлөвтэй байгааг таваарын захын шинжээчид прогнозолж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#4 Г.ХЭРЛЭН: ИРГЭН БҮР ҮНЭМЛЭХЭЭ ШИНЭЭР СОЛИХ ШААРДЛАГАГҮЙ

Иргэний үнэмлэх солих болсонтой холбоотойгоор иргэдийн дунд ташаа мэдээлэл цацагдаж, санал, шүүмжлэл өрнөөд байна. Иймд иргэний үнэмлэхний шинэчлэлийн асуудлаар тодорхой мэдээлэл хүргэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Хэрлэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 


-Иргэний үнэмлэх шинэчлэхээр талаар иргэд ташаа ойлголттой байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авъя. Хэзээнээс шинэ үнэмлэх нэвтрүүлэх ажил эхлэх вэ?

-Ирэх 2020 онд буюу Орон нутгийн сонгуулийн дараа Иргэний үнэмлэхийг шинэчилнэ. “Нэг иргэн, нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн үргэлжлэл юм. Өнгөрсөн 2018 оны зургаадугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинээр баталж, арваннэгдүгээр сараас нь хэрэгжиж эхэлсэн. Ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлье гэхээр сонгууль таарч, олон нийт буруу ойлголт авч болох учраас хойшлуулсан. Тиймээс 2020 оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр болсон гэсэн үг. 

-Иргэний үнэмлэх Регистрийн дугаар /РД/-гүй болж байгаа гэх мэдээлэл байна?

-Иргэний үнэмлэх дээр байгаа РД-т нас, хүйс зэргээр тухайн хүний мэдээлэл ил харагддаг. Регистрийн дугаарын сүүлийн хоёр оронгийн тоо гэхэд тэгш, сондгойгоороо эрэгтэй, эмэгтэй хүн гэдэг нь мэдэгддэг. Шинэ хуульд энэ мэдээллийг хязгаарлагдмал мэдээлэл гэж тусгасан. Тиймээс мэдээллийг нууцлах зорилгоор РД-ийг далд шивдэг болно. Өөр бас нэг өөрчлөлт бий. Одоогийн иргэний үнэмлэх дээр 12 оронтой тоо далд байрласан байдаг. Энэ далд байгаа 12 оронтой тоог ил гаргаж, ил байгаа Регистрийн дугаарыг далд шивдэг болж байгаа. Өөрөөр хэлбэл, 12 оронтой тоо, регистрийн дугаар хоёрын байрыг нь сольж байна гэсэн үг. Иргэд болохоор РД-ыг хүчингүй болгож, шинэ иргэний үнэмлэхээр бизнес хийх гэж байна гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#5 SOS: МОНГОЛД БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧЛӨЛ АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛӨӨС ӨНДӨР БАЙНА



Монгол Улсад 2019 он гарсаар бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38 хувийг эзлэх үзүүлэлт болжээ. Бэлгийн замын өвчлөл өмнөх оны үзүүлэлтээс 4.3 хувиар өссөн бөгөөд нийт өвчлөлийн 40.3 хувийг тэмбүү, 33.3 хувийг заг хүйтэн, 26.3 трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.

Иймд үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсон бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын нөхцөл байдлын талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ны байнгын хорооноос өнөөдөр /2019.12.11/ Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үеэр дурдагдаж буй тоо баримтыг хүргэж байна.
 

  • Монгол Улсад бэлгийн замын өвчлөл амьсгалын замын өвчлөлөөс өндөр байна.
  • 2019 онд бэлгийн замын өвчлөлийн 13685 тохиолдол бүртгэгдээд байна.
  • ХДХВ/ДОХ-ын тохиолдол 281 /100 хувь бэлгийн замаар/
  • ХДХВ/ДОХ-ын тохиолдлын 228 нь эрэгтэй, 53 нь эмэгтэй
  • ХДХВ/ДОХ-ын тархалт Улаанбаатарт 220, орон нутагт 61
  • 2018 онд шинээр ХДХВ/ДОХ-ын тохиолдол 18
  • 2019 онд тэмбүүгийн 54 тохиолдол бүртгэгдсэн
  • 2019 онд тэмбүүгийн нас баралт 10, амьгүй төрөлт 20
  • 2019 онд 253827 иргэнийг тэмбүүгийн шинжилгээнд хамруулсан
  • 2019 онд шинээр илрүүлсэн тэмбүүгийн 4453 тохиолдлын 2988 тохиолдлыг бүрэн эмчилсэн, 1465 тохиолдлын эмчилгээ үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top