ЗИНДАА 2019.12.19 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 12 сарын 19

#1 ОРД ГАЗРАА ДУУСГАЧИХААД МАЛЧДЫН БЭЛЧЭЭР РҮҮ ДАЙРЧИХ ВИЙ

Өмнөговь аймагт гурав дахь боомт буюу “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг шинээр нээх, тухайн чиглэлд авто зам тавих гэж байгааг эсэргүүцэж Өмнөговь аймгийн иргэд хэвлэлийн бага хурлыг хийлээ. “Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг Өмнөговь аймгийн иргэд эсэргүүцэж, иргэдийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын есдүгээр хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болон Хүрмэн, Ханхонгор, Номгон сумын иргэд мэдээлэл өглөө. 

Өмнөговь аймгийн иргэн, сэтгүүлч Х.Мандахбаяр “Өчигдөр Төрийн ордонд “Байгал эх - Хариуцлагатай уул уурхай” чуулганд Өмнөговь аймгийн 15 сумын 94 иргэн оролцсон. Дээрх хэлэлцүүлгээс шаардлага, зөвлөмж гарч байгаа. Чуулганд оролцсон Өмнөговийн иргэд гэлтгүй нийт оролцсон 800 гаруй иргэн тус боомт байгуулахыг эсэргүүцэж байна. “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг нээж болохгүй гэдэг асуудлыг дэмжсэн.

Мөн “Байгал эх - Хариуцлагатай уул уурхай” чуулганыг Өмнөговь аймагт зохион байгуулахад Хүрмэн, Ханхонгор, Номгон сумын иргэд энэ асуудлыг онцгойлон анхааруулж байсан. Боомт байгуулахыг эсэргүүцэж 2000 гаруй мянган иргэний гарын үсэг цугласан. Юу нь болохгүй вэ гэдгийг та бүхэнд тайлбарлая.

Анх 2006 оноос боомт байгуулах асуудал яригдаж эхэлсэн. 2014 онд Засгийн газрын 42 дугаар тогтоол гарч, аялал жуулчлалын чиглэлээр боомт байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл өнгөрсөн 2018 оноос Цагаан дэл уулын чиглэлд хатуу хучилттай зам тавих асуудал яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын боомт байгуулна гэсэн шийдвэр нь халхавч байсан гэсэн үг юм. Тэгэхээр энэ зам нь нүүрсний тээврийн зам гэдэг нь ойлгогдож байна. Нүүрсний тээврийн замыг иргэд яагаад эсэргүүцэж байна вэ гэхээр зам дагуу 20 орчим нүүрсний уурхай, алтны уурхай бий. Уул уурхайн салбарын 80 хувь нь Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ уул уурхайд хамгийн бага өртсөн нь Хүрмэн, Ханхонгор, Номгон сумдын газар нутаг. Уул уурхайд талхлагдаагүй үлдсэн энэ газар нутаг сүйдэхэд хүрч байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#2 ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН ЯМАР Ч АСУУЛТАД ХАРИУЛАХАД БЭЛЭН

Этгээд хувцас, зөөлөн тоглоом, чамин малгай. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины анхаарлыг татаж, асуулт тавих боломж хайсан сэтгүүлчдийн хүлээдэг хэвлэлийн бага хурал багт наадмыг санагдуулдаг. Арван тав дахь удаагийн энэ арга хэмжээ оролцох сэтгүүлчдийн тоогоороо дээд амжилт тогтоогоод байна. Энэ жил хэвлэлийн бага хуралд 1702 сурвалжлагч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ. Гэхдээ энэ жил Кремль хэвлэлийн бага хурлын дэгт бага зэргийн өөрчлөлт оруулжээ.

Хэвлэлийн бага хурал хэр удаан үргэлжлэхийг В.Путин өөрөө ч мэдэхгүй. Телевизийн сувгууд эфирийнхээ гурван цагийг нөөцлөөд байгаа ч статистикаас үзвэл дунджаар дөрвөн цаг болдог. 2008 онд таван цаг үргэлжилж дээд амжилт тогтоож байсан.

Сэтгүүлчид асуулт тавих эрх олж авах үүднээс Путины анхааралд өртөхийн тулд янз бүрийн зураг хуудас ашигладаг бөгөөд энэ жил Кремль гэрэл зурагчид, операторуудын хүсэлтийн дагуу зурагт хуудасны хэмжээг 297х420 мм бага байхаар тогтоожээ

Путины хэвлэлийн бага хурал өнгөрч буй жилийн ажлыг дүгнэх арга хэмжээ юм. Уламжлал ёсоор арга хэмжээний эхэнд В.Путин улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч тайлагнадаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#3 Б.ЭНХТУЯА: ХҮН ӨДӨРТ 100 ГРАММ ТАВАН ЦУЛ ИДЭХЭД Л УУРАГ, ЭРДЭС БОДИСОО НӨХДӨГ

“Бэлчээрийн монгол малын мах” номын авторуудын нэг, ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн профессор Б.Энхтуяатай ярилцлаа. 


-Бэлчээрийн малын махны давуу тал юу вэ?

-Мах бол хүний уламжлалт хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг. Бэлчээрийн монгол малын мах чанарын хувьд бусад орны үржүүлгийн махнаас зарим талаар илүү. Хүнс тэжээлийн чанарыг нь дүгнэдэг хэдэн гол үзүүлэлттэй. Нэгдүгээрт, бэлчээрийн малын маханд уургийн агууламж дунджаар 20 хувь байгаа юм. Үүнийг бусад улс оронд үржүүлдэг сайн үүлдэрт тооцогддог малын махтай харьцуулахад адилхан байна. Монголчууд нутгийн үүлдрийн малын мах хэрэглэдэг бол бусад улс оронд махны чиглэлээр үржүүлсэн, амьдын жин илүү, махны гарц нь өндөр фермерийн мах хэрэглэдэг. Монгол мал ашиг шим муутай. Тиймээс малаа эрлийзжүүлэх шаардлагатай гэдэг. Гэвч гадаадад тасалгааны хэмд жилийн дөрвөн улирал байлгаж, хүчтэй тэжээлээр тэжээсний дүнд тэр ашиг шимийг авдаг. Монгол мал болохоор дөрвөн улирал бэлчээрт явдаг мөртлөө махан дахь уургийн агууламж өндөр ашиг шимтэй үүлдрийнхтэй адилхан байна. Хоёрдугаарт, малын өөх тосны агууламж. Монгол малын өөх идэх хэрэггүй гэдэг ойлголт нийгэмд түгэх болсон. Оронд нь гахай, тахиа, загасны мах зөвлөдөг. Гэтэл судалгаагаар бэлчээрийн малын маханд судас хатууруулж, цусны даралт нэмэгдүүлдэг агууламж бага гэдгийг тогтоосон. Үүнийг гадаадын лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Бид өөрсдөө ч бэлчээрийн малын махнаас дээж аваад үзэхэд, адилхан дүн гарч ирж байгаа. Хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бус харин ч эерэг нөлөө үзүүлдэг тосны эзлэх хувь хэмжээ нь 65-70 хувь гараад байгаа. Хүний биед эерэг нөлөө үзүүлдэг бодисын агууламж ийм өндөр хувьтай байгаа юм. Мах хүний биед сайн гэхээр заавал их хэрэглэн ёстой гэсэн үг биш. Өдөрт 100 граммыг л идэхэд хангалттай. Таван хошуу малын мах нь төгс уураг, үл орлогдох амин хүчил омега-3 тосны хүчлүүд, эрдэс бодис зэрэг зохицуулагч үйлчилгээтэй биологийн идэвхт нэгдлийг хангалттай хэмжээгээр агуулж байгаа нь “Эрүүл хүнс”-ний тухай ойлголтод тохирч байна. Бэлчээрийн мал аж ахуйд өсөлтийг түргэтгэх, ашиг шимийг дээшлүүлэх химийн нэгдлүүд хэрэглэдэггүй учраас, монгол малын мах бүх талаараа унаган шинж чанараа хадгалж байгаа нь “Органик хүнсний бүтээгдэхүүн”-ий тодорхойлолтод мөн нийцдэг.   

-Малын өөх тосыг хаях тохиолдол их байна. Гэтэл монголчуудын гадаадаас импортоор авч хэрэглэдэг савласан витаминууд ч өөх тосонд агуулагддаг талаар та ярьж байсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Өөхөнд муу нөлөө гэж байхгүй. Хонь, үхэр, сарлаг, ямаа, адууны, дотор, гадар өөх, сүүл, тэмээний бөх тосны хүчлийн бүрдэл төстэй.  Зэрэгцээ холбоот линолийн хүчил, омега-3 зэргийг өдрийн хоол хүнснээсээ авч чадахгүй бол нэмэлтээр хэрэглэ гэдэг зөвлөгөө бий. Манайхан энэ тосны хүчлүүдийг маш өндөр үнээр гадаадаас худалдан авч хэрэглэдэг болсон. Гэтэл хүний биед шаардлагатай эдгээр бодис бэлчээрийн малын мах, өөхөнд агуулагдаж байна. Энэ нь байгалийн өвс ургамлаас улбаатай. Бэлчээрийн өвс ургамал маш баялаг учраас зэрэгцээ холбоот тосны линолийн хүчил, омега-3 зэргийг агуулдаг юм байна. Монгол мал түүнийг иддэг учраас мах, өөхөнд нь шингэдэг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#4 МОНГОЛД АРГАЛЬ АГНАСАН ТРАМПЫН ХҮҮГ АМЕРИКИЙН ТӨР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ 

АНУ-ын холбооны засгийн газарт харьяалагдах Загас, зэрлэг байгалийн хороо тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампын хүүг Монгол Улсад аялж байхдаа хууль бусаар аргаль агнасан асуудлыг хянаж үзэхээр болжээ. АНУ-ын зэрлэг байгаль, биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг уг байгууллагад ирсэн мэдээллийг үндэслэн уг хяналт шалгалтыг хийхээр болсон байна.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаар  "Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй" гэж ярьж байсан юм.

Анх энэ тухай ProPublica хараат бус цахим хуудас мэдээлсэн нь олон нийтийн анхааралд өртсөн билээ.

Ерөнхийлөгч Доналд Трампын хүү манай улсын нутагт хууль бусаар аргаль агнасан гэх хэрэг дараах учир шалтгаантай.

Нэгдүгээрт, Аргаль агнах зөвшөөрлийг хэрхэн яаж авсан нь тодорхойгүй. Уг нь Доналд Трамп Жр-н хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ бүх зүйл хуулийн дагуу гэж мэдээлсэн. Түүний хэлж буйгаар Трамп Жр эцэг буюу Доналд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болохоос жилийн өмнө 2015 онд АНУ-ын Галт зэвсгийн хорооноос зарласан дуудлагаар худалдаагаар авсан гэжээ. Гэвч одоогоор энэ тухай ямар ч мэдээлэл тодорхой болоогүй байна.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хүү АНУ-ын холбогдох хоёр ч хуулийг зөрчсөн байж болзошгүй. АНУ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах төвөөс тавьсан шаардлагад түүнийг 1900 онд батлагдсан “Лейсигийн хууль”, 1975 онд батлагдсан “Нэн ховор амьтны төрөл зүйлийн тухай” хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

1900 онд батлагдсан “Лейсигийн хууль” нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна харь улсын нутагт агнасан амьтны эд, эрхтнийг импортлох нь хууль бус бөгөөд хоёр жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэлтэй аж.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#5 ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЯГТЛАХЫГ ҮҮРЭГДЭВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслүүдтэй холбоотой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тооцдог байхаар оруулж ирсэн. Энэ нь бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгааг нягтлах үүрэг өгч байна. Мөн малын хулгайн гэмт хэргийн талаарх хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнтэй холбогдуулан хоёр хуулийн төслийн уялдаа холбоог нягталж, давхардал үүсгэхгүй байхыг анхаарах шаардлагатай. Эрүүгийн хуульд заасан төрийн нууцыг задруулах, үрэгдүүлэх гэмт хэргийн хоёр дахь хэсэгт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой бусад хэсгүүдэд өөрчлөлт орох шаардлагатай эсэхийг нягтлах шаардлагатай байна. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотой зөрчил хянан шалгахтай холбоотой өөрчлөлт хэрхэн тусгагдсан тухай болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн зүйл заалтууд нь холбогдох хуулиудтай нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэг өгч байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top