ЗИНДАА 2019.12.17 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 12 сарын 17

#1 ОРД ГАЗРАА ДУУСГАЧИХААД МАЛЧДЫН БЭЛЧЭЭР РҮҮ ДАЙРЧИХ ВИЙ

Монгол Улс газар зүйн онцлогоороо их хөөрхийлөлтэй. Дэлхий дээр хоёрхон супер хөрштэй ийм орон үгүй. Юу үнэн гэвэл бусад бүх орнууд биднээс хол юм. Тэд бидэн дээр ирэх замд үйлдвэрлэгч хятадууд, газрын тос, хийн баялаг нөөцтэй оросууд тээглэдэг. Гутлын үйлдвэр ашигтай ажиллахгүй байгаа нь, бензины үнэ өндөр байдгийн учир нь, энэ. Манай улсын гадагш нь гаргаж мөнгө олж болох ганц зүйл байгалийн баялаг болчхоод байгаа юм. Тиймээс бид өнөөхөндөө малаа маллаад байж байхад өлсөхгүй боловч хөгжиж дэвжие, хорвоогийн хүн ардтай урд, хойноо ороод явъя гэвэл уул уурхайгаа түшиглэхээс аргагүй. Мөнгөтэй болж байж бусадтай өрсөлдөх боломжоо нэмэгдүүлнэ гэсэн санаа.

Харин уул уурхайгаа хариуцлагатай хөгжүүлж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд бид байгалийн баялагтаа найдаж байсан ч эргээд харахад лицензийн наймаа задгайрч, төрийн албаны авлига, хээл хахуулийг гааруулжээ. Хуулийн байгууллагад шалгуулж байгаа төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсээ харахад л ойлгомжтой шүү дээ. Энэ алдаа завхралыг улстөрчид, намууд өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тухайлбал, МАХН-ын яриад байдаг “МАНАН”, Н.Алтанхуягийн хэлээд байдаг “хонгил”, Х.Баттулга Ерөнхийлөгчийн ярьдаг байсан “Нүүрсчдийн нам”, З.Энхболдын “30 гэр бүл” бүгд угтаа нэг зүйлийг олон талаас нь хэлсэн хэлбэр. Харин хэн яг хариуцлагатайгаар юу хийв гээд бодоход байхгүйтэй ижил. Ердөө л “Бидэнд юу ч оногдсонгүй”, “Тэд баяжиж, бид хоосорлоо” гэсэн өнцгөөр хандаж иржээ. Улстөрчид нийгмийн аль болохгүй байгаа сэдвийг барьж аваад өрсөлдөгчдөө намнадаг ч хэзээнийх л дээ. Дундуур нь уул уурхайтай тэмцэх нэрээр рэкет хийж мөнгөжих гэсэн түр зуурын хөдөлгөөнүүд ч төрсөн. Энэ бүх холион бантан эцэстээ “Ерөөсөө энэ уул уурхай чинь сүйрүүлж дууслаа” эсвэл “Байгалийн баялгаа худалдахгүйгээр бид амьдрахгүй шүү” гэсэн хоёр логикийн тулаан хэлбэрээр архагшаад таг зогсох шахав.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#2 Л.БОЛД: ШИНЭ НАМЫН БОДЛОГЫГ АРД ТҮМЭН ЧИГЛҮҮЛЖ, НЭР ДЭВШИГЧИЙГ НЬ ТОДРУУЛЖ ӨГНӨ

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдтой ярилцлаа.

-ШИНЭ нам тэргүүтэй улс төрийн намууд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнд санал хүргүүлсэн байсан. Та бүхэн ямар санал хүргүүлсэн бэ?

-Улс төрийн 20 гаруй нам ажлын уялдаагаа хангаж хамтран ажиллахаар болж холбогдох шаардлагуудаа нэгтгэж байна. Яг энэ цаг үед УИХ Сонгуулийн тухай хуулийг яаравчлан батлах ажилд ороод байгаа. Намуудын зөвлөгөөнөөс Сонгуулийн тухай хуулийг сайжруулах тал дээр бүх саналаа нэгтгээд ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд өглөө. Улс төрийн нөхцөл байдал, цаашид гарах үр дагаврыг олон талаас нь тайлбарласан юм. Шаардлагад сонгуулийг шударга явуулах, намуудын тэгш эрхийг хангах, сонгогчдын эрхийг зөрчихгүй байх. Цаашлаад улс төрийн намууд эвлэлдэн нэгдэх, эвсэл байгуулах эрхээ эдлэх, сонгууль будилаангүй болох, мөнгөнөөс хамааралгүй байх зэрэг гол гол асуудлуудаар шаардлага хүргүүлсэн. Хамгийн гол анхаарал тавьж ярилцсан зүйл бол хар хайрцаг. Өнөөдөр хар хайрцагт итгэх итгэл буурсан. Бид хар хайрцгийг цаашид хэрэглэхгүй байх санал гаргаж байгаа. Монгол Улс цөөхөн сонгогчтой. Хяналтаа тавиад хар хайрцаггүйгээр сонгуулиа явуулах боломж бий. Бусад орон ч ийм жишгээр сонгуулиа явуулдаг. Бид сонгуулиа эргэлзээгүй, үр дүнгээ бүгд хүлээн зөвшөөрдөг болгох тогтолцоо руу орох нөхцөлийг бүрдүүлэх тал дээр саналаа хэлсэн юм. Хэрэв хар машинаар тоолохоор болбол хяналтын тооллогыг 100 хувь хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн тойргийг байгуулахдаа нэг мандатад ногдох сонгогчийн тоог ижил тэнцүү байх зарчимд тулгуурлах нь зүйтэй гэдэг саналыг хүргүүлж байна. Сонгогчийн эрхийг зөрчсөн олон арван заалт уг төсөлд байгаа учраас эдгээр зүйл заалтыг эргэн харж, сонгогчийн эрхийг баталгаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, ялангуяа авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдсэн, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргээр ял авч, шийтгэл эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг нь хязгаарлах нь зүйтэй. Ер нь Д.Тогтохсүрэн дарга саналууд дээр өөрийнхөө зүгээс саналуудыг нааштай хүлээж авлаа. Энэ долоо хоногт ажлын хэсэг дээр дахин нарийвчилж саналуудыг нэг бүрчлэн ярьж байж УИХ-ын төвшинд шийдүүлэхээр бэлтгэл хангаж ажиллахаар харилцан тохиролцсон.

-Та ажлын хэсгийн гишүүн. Ажлын хэсэг дээр танилцуулах боломжтой саналаа парламентад суудалгүй бусад намуудын дэмжлэгтэйгээр хүч түрэх шаардлага байсан уу?

-Ажлын хэсэгт УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл байгаа. ШИНЭ намын хувьд парламентад төлөөлөлтэй гурав дахь нам болж ажилладаг. Бид манай намын хоёр гишүүний санал гээд гүйгээд байхаасаа илүү Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын нэгдсэн санал гэж гаргаж ирэх нь чухал. Учир нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн 35 нам бүгдээрээ нийгмийн сайн сайхны төлөө иргэдийг төлөөлөхөөр мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ бүх хүчийг нэгтгэж Монголын төрд үндэсний эв нэгдлийг бий болгох чиглэлээр бид чармайлт гаргаж ажиллаж байна. Тиймээс ажлын хэсэгт байгаа давуу талаа ашиглан бусад улс төрийн намуудын саналыг УИХ-ын сонорт хүргэхээр өөрсдөдөө хариуцлага аван ажиллаж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#3 Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН НОТЛОХ БАРИМТЫГ БҮРЭН ЦУГЛУУЛААГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм.

Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа Шүүх хурлын дараа мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл ялтан Б.Амархүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.17/ боллоо. Шүүх бүрэлдэхүүн Б.Амархүүд холбогдох хэргийг прокурорт буцааж, батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан юм.

Учир нь, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:
 

-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн

-Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй

-Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй

-Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна.

Эдгээр үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. 


#4 СОНГУУЛЬ 2020: Найман сонгууль, найман хууль 

Монгол Улс найм дахь удаагаа ардчилсан сонгууль явуулах гэж байгаа бол энэ хэрээр сонгууль бүхнийхээ өмнө хуульдаа өөрчлөлт оруулдаг. Ардчилал шинэ тутам хөгжиж буй орнууд сонгуулийн системдээ өөрчлөлт оруулах нь энгийн үзэгдэл учраас тэр л жишгээр явж байгааг судлаачид дурдсан нь бий. Өөрөөр хэлбэл сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа улам чанаржуулахыг хичээдэг ч алдаа оноо нь эн тэнцүүхэн явж ирсэн нь ойлгомжтой. Шинэ цагийн Үндсэн хуулиа баталж, анхны ардчилсан сонгууль өгөхөд шинээр мөрдөгдсөн хуулиас хойш яг найм дахь удаагаа Сонгуулийн тухай хуулиа өөрчилж байгаа хэрэг юм.

Гэхдээ манай улсын хувьд сүүлийн жилүүдэд сонгуулийн өмнө, хуулийн хугацааг тулгаж байж өөрчлөөд дадчихсан. Юуны өмнө улс төрийн намууд, тэр тусмаа олонхийн бүлгээс сонгогчдын дунд рейтинг ямар байгаагаа хардаг нь нууц биш. Үүний дараа ямар тогтолцоогоор явбал бидэнд ашигтай байна вэ гэсэн судалгааны үндсэн дээр өөрчлөлт хийдэг нь жишиг болчихсон мэт харагддаг. Гэхдээ энэ удаад олон улсын жишигт нийцсэн өөрчлөлтүүд оруулж ирж  байгаа нь олзуурхах нэгэн шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл цаашид сонгуулийн тогтолцоонд тойргийг аль болох томсгох, нийт сонгогчдыг хамруулах зарчим баримтлан ажиллах тухай ч ярьж байгаа нь сайн хэрэг.

Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар олонхийн бүлэг олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог сонгож, улмаар олонхийн бүлэг дэмжлээ. Энэ бол Төрийн эрх барьж байгаа ч улс төрийн нэг намын шийдвэр. Тиймээс УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо, дараа нь нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн байж эцэслэнэ гэсэн үг. УИХ-д 64 суудалтай Намын бүлэг дэмжсэн цагт энэ ч нэг их асуудалгүй байж болох юм. Тэгэхээр айсуй 2020 оны сонгууль 1992, 2008, 2012 оны хувилбараар явах магадлалтай боллоо.

Өдгөө санал нэгдэж байгаа хувилбар бол Үндсэн хуулиа зөрчихгүй байх талаас нь боловсруулсан бололтой. Түүнээс бус 2012 оны олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоо нь Үндсэн хуулиа зөрчсөн байдаг. Учир нь тухайн жил 50 мандатыг тойрогт, 28 мандатыг намын жагсаалтад хийж өгсөн нь Үндсэн хуульд заасан "Иргэд шууд сонгоно” гэсэн заалтыг илэрхий зөрчсөн. Гэтэл 2008-2012 оны парламентад ч  Засгийн газарт ч хамтран ажилласан намууд тохиролцоонд хүрснээр ийнхүү “Эцэг” хуулиа зөрчин сонгууль явуулсан нь дараагийн сонгууль хүртэл маргаан дагуулсаар байсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#5 [БИДНИЙ НЭГ] “Цөмөөхэй”-д бүжиглэх ЦААТАН ХҮҮ Б.СУГАРАА

“Цөмөөхэй”-д Хөвсгөлийн тайгаас ирсэн цаатан хүү дүр бүтээнэ

“Монголын балетын хөгжил сан”-гаас зургаа дахь жилдээ толилуулж байгаа “Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ жил онцгой нэгэн зочинтой байгаа. Түүнийг Б.Сугараа гэдэг. Хөвсгөлийн тайгаас их хотыг зорин ирж, Дуурийн театрын тайзнаа “Цөмөөхэй”-д тоглож, дүр бүтээж буй цаатан хүүгийн ярилцлагыг хүргэж байна. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Хөвсгөл аймагт аялж явахдаа түүнтэй анх танилцан, хүүг “Цөмөөхэй”-д тоглохыг урьжээ. Б.Сугараа хүү аав, ээжийн хамт Улаанбаатарт ирж, бусад хүүхдүүдийн хамт бүжгийн бэлтгэлээ хийж байх үеэр түүнтэй уулзсан юм.


-Сайн байна уу. Хамгийн холоос ирсэн зочинтойгоо танилцъя?

-Намайг Б.Сугараа гэдэг. Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, баруун тайгаас ирсэн. 11 настай. Бараг 12 настай гэж болно. Арванхоёрдугаар сарын 18-нд 12 нас хүрнэ.

-Удахгүй төрсөн өдөр нь болох юм байна. Б.Сугараа хаана төрсөн бэ?

-Би баруун тайгад, цаатны урцанд төрсөн. Аав маань бас баруун тайгадаа төрсөн.

-Тайгын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Цаагаа хариулах. Бас цаагаа унаад уралдаанд орох нь гоё.  

-Танайх хэдэн цаатай вэ?

-Манайх 160 гаруй цаатай. Аав олон жил цаа буга маллаж, тэжээгээд шагнал авч байсан.

-Баруун тайгад нь танайхаас өөр олон цаатай айл байдаг уу ?

-Байгаа. Гэхдээ манайх хамгийн олон цаатай айл нь.

-Цаа буга хариулж аав, ээждээ тусалдаг уу?

-Тусалдаг. Би өглөө 8 цаг гээд цаагаа туухаар гэрээсээ гардаг. Өдөржин цаатайгаа явсаар орой 19 цаг гээд гэртээ ирдэг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top