Монгол Улс найм дахь удаагаа ардчилсан сонгууль явуулах гэж байгаа бол энэ хэрээр сонгууль бүхнийхээ өмнө хуульдаа өөрчлөлт оруулдаг. Ардчилал шинэ тутам хөгжиж буй орнууд сонгуулийн системдээ өөрчлөлт оруулах нь энгийн үзэгдэл учраас тэр л жишгээр явж байгааг судлаачид дурдсан нь бий. Өөрөөр хэлбэл сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа улам чанаржуулахыг хичээдэг ч алдаа оноо нь эн тэнцүүхэн явж ирсэн нь ойлгомжтой. Шинэ цагийн Үндсэн хуулиа баталж, анхны ардчилсан сонгууль өгөхөд шинээр мөрдөгдсөн хуулиас хойш яг найм дахь удаагаа Сонгуулийн тухай хуулиа өөрчилж байгаа хэрэг юм.
Гэхдээ манай улсын хувьд сүүлийн жилүүдэд сонгуулийн өмнө, хуулийн хугацааг тулгаж байж өөрчлөөд дадчихсан. Юуны өмнө улс төрийн намууд, тэр тусмаа олонхийн бүлгээс сонгогчдын дунд рейтинг ямар байгаагаа хардаг нь нууц биш. Үүний дараа ямар тогтолцоогоор явбал бидэнд ашигтай байна вэ гэсэн судалгааны үндсэн дээр өөрчлөлт хийдэг нь жишиг болчихсон мэт харагддаг. Гэхдээ энэ удаад олон улсын жишигт нийцсэн өөрчлөлтүүд оруулж ирж байгаа нь олзуурхах нэгэн шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл цаашид сонгуулийн тогтолцоонд тойргийг аль болох томсгох, нийт сонгогчдыг хамруулах зарчим баримтлан ажиллах тухай ч ярьж байгаа нь сайн хэрэг.
Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар олонхийн бүлэг олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог сонгож, улмаар олонхийн бүлэг дэмжлээ. Энэ бол Төрийн эрх барьж байгаа ч улс төрийн нэг намын шийдвэр. Тиймээс УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо, дараа нь нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн байж эцэслэнэ гэсэн үг. УИХ-д 64 суудалтай Намын бүлэг дэмжсэн цагт энэ ч нэг их асуудалгүй байж болох юм. Тэгэхээр айсуй 2020 оны сонгууль 1992, 2008, 2012 оны хувилбараар явах магадлалтай боллоо. Өдгөө санал нэгдэж байгаа хувилбар бол Үндсэн хуулиа зөрчихгүй байх талаас нь боловсруулсан бололтой. Түүнээс бус 2012 оны олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоо нь Үндсэн хуулиа зөрчсөн байдаг. Учир нь тухайн жил 50 мандатыг тойрогт, 28 мандатыг намын жагсаалтад хийж өгсөн нь Үндсэн хуульд заасан "Иргэд шууд сонгоно” гэсэн заалтыг илэрхий зөрчсөн. Гэтэл 2008-2012 оны парламентад ч Засгийн газарт ч хамтран ажилласан намууд тохиролцоонд хүрснээр ийнхүү “Эцэг” хуулиа зөрчин сонгууль явуулсан нь дараагийн сонгууль хүртэл маргаан дагуулсаар байсан. Тодотговол, Намын жагсаалтад 28 мандатыг эрэмбэлж, ямар ч өрсөлдөгчгүйгээр, намд өгсөн саналын рейтинг дагаж, парламентад сууж байсан юм. Үүний бодит жишээ нь гудамжны улс төр хийж байсан МАХН УИХ-д бүлэгтэй болж байв. МАХН-ын жагсаалтад эрэмбэлэгдсэн Хорооны Засаг дарга, Өмгөөлөгч гэх мэт улс төрд бэлтгэгдээгүй хүмүүс орж ирсэн түүх өнөөдөр бүлээнээрээ байна. Тиймээс хуулийн өөрчлөлтөөр энэ мэт алдаагаа зассан нь сайн хэрэг гэдгийг хаа хаанаа ярьж байна.
Өнгөрөгч 2016 онд жижиг буюу мажоритар тогтолцоонд хуулиа “хөрвүүлээд” үзсэн нь гал намдаасан төдий зүйл байснаас тийм ч олзуурхаад байх зүйл бас л биш. Харин хууль тогтоогчдын ярьж байгаагаас харвал одоогийн өөрчлөлтөд давуу тал байна. Тойрог томорч байгаа нь төсөв олон хуваахгүй, олон талд хүч тарамдахгүй сайн талтай. Түүнээс биш жижиг 76 тойргоор өрсөлдөхөөр зардал чирэгдэл ихтэй. Тэр ч бүү хэл улсын төсвөөс эхлээд улс орны хөгжлийн бодлого шийдвэрлэхэд хүндрэл гардаг жишээ олон. Ердөө 2000 гаруйхан хүн амтай суманд 240 хүний суудалтай хоёр давхар аймгийн статустай Соёлын төв барьж байна. 1500 хүн амтай суманд 120 хүүхдийн цэцэрлэгийн төсөв суулгаж гэх мэтээр төсөв тарамдах нь элбэг. 2000 хүн амтай суманд аймгийн статустай Соёлын төв барихын хэрэг юун. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр энэ байдал цэгцэрнэ. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн хувьд ч жалга довны үзэл гаргах, жижиг тойргийн эрх ашиг хамгаалахаас эхлээд сөрөг зүйл бий.
Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нөхөр жижиг тойрогт ялалт байгуулчихаад 6000 хүний эрх ашиг хамгаалаад бусад нь огт хамаагүй байдгийг нуух юун. Тэд чинь 6000 сонгогчийн эрх ашгийн төлөө бус нийт монголчуудын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн шүү дээ. УИХ-ын гишүүн бол Монголын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөх улсын хэмжээний хууль батлах учиртай болохоос биш, цэцэрлэг бариулах ч үүрэг хүлээсэн хүмүүс биш. Ямартай ч энэ удаагийн хувилбараар бол нэг аймгийг нэг гишүүн төлөөлөх бололтой. Олон хүн амтай аймагт хоёр мандатын тоо оногдох байх. Энэ бол ардчилсан үзэл санаа, зарчимд дөхөж очиж буй хувилбар юм.
Түүнээс бус 60 гаруй мянган хүнтэй Хэнтий аймгийг гэхэд гурав хувааж 5000 гаруй хүний санал авсан нөхөр Төрийн эрх барих дээд байгууллагад Монгол Улсад хууль тогтооно гээд сууж байна. Архангай аймаг 100 гаруй мянган хүнтэй, гурван мандаттай. Гэтэл өнгөрөгч сонгуулийн статистик мэдээнээс харахад 38 мянган хүн саналаа өгснөөр УИХ-ын гурван гишүүнтэй болж байх жишээтэй. Үүний дараа өөрт оногдсон тав, зургаан сумын иргэд болон тэдний нийгмийн асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй.
Тэр ч бүү хэл манай хөрөнгөтнүүд жижиг тойргийн нөлөө бүхий хэдэн зуун хүнд мөнгө төгрөг тарааж, хадгаламжийн данс мөнгөжүүлэн нээж өгснөөр үүнийгээ ялалт болгодог жишээ бий. Хүүхдийн баяраар таван сумын хүүхдэд 100 сая төгрөгөөр бэлэг тараан үүнийгээ өндөр рейтинг болгодог. Энэ мэтээр дурдаад байвал жижиг тойрогт будилаан их байдаг. Хэрвээ энэ хууль эцэслэн шийдэгдэх юм бол эрхэм гишүүн таван сумын хүүхдэд 100 сая төгрөгөөр бэлэг тараах бус 15 сумын хүүхдэд 300 сая төгрөгөөр бэлэг тараана гэхээр төсөв зардал өндөр гарна. Мөнгөжүүлсэн хадгаламжийн данс бэлэглэх гэхээр нөлөө бүхий хэдэн зуун өрхийн тэргүүнд бус хэдэн мянгаар тоологдох өрхийн тэргүүнд өгөх болно. УИХ-ын гишүүд бүгдээрээ баян биш. Жижиг тойргийг бол аргалж байсан бол томсгосон тойрог дээр энэ бүх асуудал нурна. Тэгэхээр одоо батлагдахаар зэхэж буй хууль энэ бүх сөрөг зүйлийг хязгаарлаж байгаа сайн талтай. Тэгэхээр найм дахь удаагийн сонгуулийн өмнө өөрчилж буй Сонгуулийн тухай хуулийн найм дахь өөрчлөлтөд найдах зүйл олон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mun magtah yumaa olj yadvaa.Irgediin sanalyn huvi UIHyrald shuud tusdaggui gajuudal mojirator sistemd ih baidag. Tuhailbal:2016 ond MAN-d soogogchdiin 37 %,AN-d 33%-ni sanal ugsun bolovch parlamentiin gishuudiin 85.52% ni MAN-d,,11.84%-ni AN-d huvaarilagdsan gajgiig heveer ni uldeelee.MAN 100 jjiliinhee tuuhend hezee ch Monglol ulsyn erh ashgiig namynhaasaa deeguur 1-rt tavij uzeegui,tsaashdaa ch uzehgui.Sanal shuud tusna gedeg chini urgelj namaar damjin ner devshihiig heldeg bolohoos songuuliin mojirator bolon nronortsional sistemees ogt hamaaralgui yum.