ЗИНДАА 2019.11.07 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 11 сарын 07

#1 МОНГОЛ УЛС 2020 ОНД ТООЦООЛООГҮЙ ТӨЛБӨРТ УНАХ ЭРСДЭЛ ҮҮСЭВ

Монголбанк, Хятадын ардын банктай хийсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн солилцоо буюу своп хэлцлийн гэрээний хугацаа ирэх онд дуусна. Гэрээний дүн одоогоор хоёр тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж буй. Үүний 85 хувийг Хятадын ардын банктай хийсэн валют солилцооны улмаас үүссэн төв банкны зээл эзэлж байна. Хуваарь ёсоор ирэх онд дахин гурван жилээр сунгах хэлэлцээ  одооноос эхлэх ёстой байсан ч Хятадын тал манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаагүй гэдэг мэдээлэл ирлээ. Хэдийгээр хоёр орны төв банкууд хоорон дахь эдийн засгийн гэрээ хэлэлцээ боловч эртнээс товлогдсон уулзалт цуцлагдсан нь улс төрийн шалтгаантай байх магадлалтай гэдгийг ойрын эх сурвалжуудын зүгээс хэлж байгаа. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд сүүлийн хэдхэн сарын хугацаанд БНХАУ-тай хөрш болоод шашин, үзэл санаа зөрчилтэй орнуудад хийсэн айлчлалын үйл явц, үр дүн үүнд нөлөөлсөн байж болзошгүй аж.

 

НЭГ ТӨРЛИЙН ӨР БУЮУ ВАЛЮТЫН СОЛИЛЦОО МОНГОЛД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ

Своп хэлцэл хүү, хураамжтай байдаг учраас нэг төрлийн зээл юм. Зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ хэлцлээр тодорхой нөхцөлүүдээ тохироод арай боломжийн  хүүтэй хөрөнгө татахыг своп хэлцэл гэж нэрлээд байгаа. Нөгөө талаар худалдааны түнш орнуудын хувьд харилцан ашигтай ажиллах дэмжлэг. БНХАУ бол Монгол Улсын худалдааны гол түнш орон. Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болоод буй тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт юань Монгол Улс болон БНХАУ-ын худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг хоёр дахь валют. Мөн валют солилцоо бол гуравдагч орны мөнгөн тэмдэгтийн хамаарлаас эдийн засгаа хамгаалах хамтын ажиллагаа ч үзэж болох аж. Монголбанк, Хятадын төв банкны хооронд байгуулсан своп хэлцэл гадаад валютын ханшийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэдгийг албаныхан хэлдэг. Дашрамд дурдахад, юань бол Олон улсын валютын сангаас хүлээн зөвшөөрсөн албан ёсны нөөц валют бөгөөд  дэлхий даяар худалдааны санхүүжилтэд ашиглагддаг хоёр дахь идэвхтэй мөнгөн тэмдэгтэд тооцогддог. Иймд манайх шиг урд хөршөөсөө худалдааны хараат, жижиг зах зээлд юанийн эргэлт нэмэгдэх нь ашигтай гэж үзэн анх 2011 оны тавдугаар сард Монголбанк, Хятадын ардын банктай гурван жилийн хугацаатай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлэлцээр хийсэн байдаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#2 ХАГАЦЛЫН ӨМНӨ СӨХРӨӨГҮЙ ЭЭЖ

“БҮГД Л НҮД ЧИХГҮЙ ЮМ ШИГ ХАНДАЖ БАЙНА”

Б.Болороо бүсгүйн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн зургаадугаар сард болсон энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд түүний нөхрийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан билээ. Тэрбээр шүүх эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийж, хэргийн харьяаллыг өөрчилж өгөхийг шаардан энэ сарын 1-нээс эхлэн Сүхбаатарын талбайд 12:00-16:00 хооронд суулт зарлаад байгаа юм. Түүний энэ тэмцэл хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар бид Сүхбаатарын талбайг зорилоо.

Өдрийн 11 цаг 35 минут Б.Болороо хараахан ирээгүй. Харин түүнийг хүлээн суух хүмүүс олон байв. Учир нь тэрбээр иргэдийн гарын үсэг цуглуулж байгаа аж. Нялх хүүхдээ тэвэрсэн залуухан ээжээс эхлээд таяг тулсан хөгшин буурай хүртэл энд цуглажээ. Тэд бүгд гарын үсэг зурахаар, Б.Болороод сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээр ирээд байгаа нь энэ юм.

Гадаа жиндүүхэн, намрын адаг сарын хүйтэн салхи үлээнэ. Түүнийг хүлээх хэдхэн минутад би ингэж даарч байгаа юм чинь тэр энэ хэдэн өдрүүдэд яасан их даарч байгаа бол. Эр нөхрөө алдчихсан, хонгор жаахан үр нь “аав аа” гэж дуудах хүнгүй болчихсон түүнд намрын салхи хэчнээн жиндүүхэн санагдаж байгааг төсөөлөхөд ч бэрх. Түүний сэтгэл ямар их ганцаардаж, шаналж, даарч байгаа бол.

12 цаг 05 минут Б.Болороо ээжтэйгээ ирж яваа харагдана. Энд байсан хүмүүс “Өө Б.Болороо ирчихлээ” гээд өөдөөс нь тослоо. Би ч бас тэдний адилаар очин ярилцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд хэлэх гээд байгаа юмыг иргэдэд буруугаар ойлгуулаад байх юм. Гэхдээ зүгээр ээ. Ярилцъя” гээд зөвшөөрсөн юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#3 Н.ОЮУНДАРЬ: БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ХҮМҮҮС ХЭҮК-Т ГОМДОЛ ГАРГАЖ АСУУДЛАА ШИЙДҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БИЙ

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.


-Та УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга. Танай ажлын албанаас Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой хэлэлцүүлэг хийхээр болжээ.  Хэлэлцүүлгийн зорилго юу вэ?

-Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд энэ нийгэмд тулгамдсан, олон нийтийн эрх ашгийн үүднээс хийхээр бодсон, төлөвлөсөн ажил олон байгаа. Тэдгээрийн нэг нь “Ажлын байр-Дарамтгүй орчин” хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 19-нд төрийн ордонд хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн энэ асуудалд анхаарал хандуулж нийгэмд хүргэхэд бүх нийтээрээ оролцоно. Монголчууд өөр зуураа ажлын байрны зүй бус дарамтын талаар яриад л, хэн нэг нь хохирсоор л  байх уу. Эсвэл цаашдаа хүний хөдөлмөрийн орчныг аюулгүй байлгах тал дээр бүх нийтээрээ хүчин чармайлт гаргаж бэлгийн хийгээд сэтгэл зүйн дарамтаас иргэдээ хамгаалдаг хуультай улс болох уу гэдгээ шийдэх цаг нь нэгэнт болжээ. Дэлхий нийтийн чиг хандлага ямархуу байгааг манай иргэд сайн мэддэг болсон. Айл бүрээс нэг хүн гадаад улсад явж ажиллаж, сурч байна. Гадаадад байгаа монголчуудаас ажлын байранд хэрхэн биеэ авч явах, дарга удирдах албан тушаалтантай хэрхэн харьцвал асуудал үүсдэг талаар цахим орчинд мэдээлсээр  л байгаа. Бид яагаад дэлхийн бусад улс шиг хүний эрхийг дээдэлдэг болж болохгүй гэж. Энэ л бидний нэгдмэл зорилго. Өндөр хөгжилтэй оронд хүний эрхийг ингэж дээдэлдэг. Харин манай улсад ийм байна гэсэн харьцуулалтыг зүгээр л ярьсаар суухгүй. Ажил хэрэг болгоё гэсэн зорилготой байна.    

-Ажлын байран дахь бэлгийн дарамт их байна уу. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Ажлын байран дахь бэлгийн дарамт их болжээ. Хүмүүс тэр бүр энэ асуудлаа  шийдүүлэх гэж оролддоггүй. Хууль зүйн хувьд бас тийм ч таатай орчин бүрдээгүй учраас эл хэрэг нуугдмал байдалтай, явган яриа маягтайгаар гэр бүл, найз нөхдийн хүрээнд яригдаад л үлдэж байна. Хохирсон иргэн маань сэтгэлдээ улам гүн шархтай, хамт олны зүгээс дарамт, гадуурхал их байхад өнөөх дарамтлагч этгээд 100 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрөх нь шударга явдал уу. Бэлгийн дарамтад өртсөн хүмүүс Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх эрх зүйн орчинтой. Судалгаанууд хийсэн байгаа, давхар хийж ч байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#4 ТЭД БИДНИЙ ТУХАЙ: СТИВЕН КИНГИЙН ЗОХИОЛ МЭТ МОНГОЛ ОРОН

Эх сурвалж: “TUT.BY”, Полина Кузьмицкая, Беларусь

Монгол гэдэг үгийг сонсоход танд юу бодогддог вэ? Зөв, юу ч бодогддоггүй. (За яах вэ, Татар-Монголын дарлал байж болох юм)

Манай нийтлэлийн баатрууд ч яг л ийм бодолтой байсан юм. Гэхдээ тэд өөртөө, уншигчдадаа шинэ юм нээж, үзүүлэх дуртай залуус. Хэрэв та Монгол хэмээх алс холын оронд очих төлөвлөгөөгүй ч ямар орон гэдгийг нь мэдмээр байвал энэ нийтлэл яг танд тохирно. Магадгүй очмоор санагдаж болох юм.

Тодруулга:

Денис Дудинский – “Беларусь 1” телевизийн хөтлөгч, олон улсын аялал жуулчлалын “ФарЭвей” агентлагийн үүсгэн байгуулагч, DaVinci хамтлагийн дуучин.

Катерина Раецкая - TV/event-продюсер, PR-менежер, DaVinci хамтлагийн дуучин.

Монгол орон тэр чигээрээ сэтгэл татам

Денис хэзээ ч Монголыг сонирхож байсангүй. Гэвч тэнд очиход виза хэрэггүй, Москвагаас нисээд л хүрнэ гэдгийг мэдээд очихоор шийджээ.

“Монголд сэтгэл татсан зүйл байхгүй” гэснээ Денис “Өөрөөр хэлбэл Монгол орон тэр чигээрээ, бүхэлдээ сэтгэл татам” гэж нэмлээ.

Монголын газар нутаг Беларусаас найм дахин том. Гурван сая хүн амтайн тал нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Үлдсэн 1.5 сая нь...

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#5 НӨЛӨӨ БҮХИЙ ТАВАН БАНКНЫ АКТИВ  СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ИНГЭЖ ӨСЖЭЭ

Монголын банкны салбарын актив энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсөж, 35 их наяд төгрөгт хүрээд буйг өчигдөр товч мэдээлсэн. Тэгвэл банкны системд нөлөө бүхий таван банкны актив сүүлийн гурван жилд хэдий хэмжээгээр нэмэгдсэнийг тодруулан хүргэе.

Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банкны актив  системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж байдаг. Тэгвэл Монголын банкны холбооны энэ оны гуравдугаар улирлын тоймд системийн нөлөө бүхий ТАВАН  банкны актив, зээл, чанаргүй зээл, харилцах, хадгаламж, өөрийн хөрөнгө болон ашиг, алдагдлыг харьцуулсан байна.

Нөлөө бүхий ТАВАН  банкны активийн  сүүлийн гурван жилийн өсөлтийг харахад 2017 онд Хаан, Худалдаа хөгжлийн банкны актив аль аль нь 7.2 их наядаар хэмжигдэж байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хаан банкных 9.9 их наяд, Худалдаа хөгжлийн банкных  7.7 их наяд төгрөг байна. Тэгэхээр Хаан банкны актив гурван жилийн дотор 2.7 их наядаар нэмэгдсэн бол Худалдаа хөгжлийн банкных 500 тэрбумаар өсжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top