Монголбанк, Хятадын ардын банктай хийсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн солилцоо буюу своп хэлцлийн гэрээний хугацаа ирэх онд дуусна. Гэрээний дүн одоогоор хоёр тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж буй. Үүний 85 хувийг Хятадын ардын банктай хийсэн валют солилцооны улмаас үүссэн төв банкны зээл эзэлж байна. Хуваарь ёсоор ирэх онд дахин гурван жилээр сунгах хэлэлцээ одооноос эхлэх ёстой байсан ч Хятадын тал манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаагүй гэдэг мэдээлэл ирлээ. Хэдийгээр хоёр орны төв банкууд хоорон дахь эдийн засгийн гэрээ хэлэлцээ боловч эртнээс товлогдсон уулзалт цуцлагдсан нь улс төрийн шалтгаантай байх магадлалтай гэдгийг ойрын эх сурвалжуудын зүгээс хэлж байгаа. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд сүүлийн хэдхэн сарын хугацаанд БНХАУ-тай хөрш болоод шашин, үзэл санаа зөрчилтэй орнуудад хийсэн айлчлалын үйл явц, үр дүн үүнд нөлөөлсөн байж болзошгүй аж.
НЭГ ТӨРЛИЙН ӨР БУЮУ ВАЛЮТЫН СОЛИЛЦОО МОНГОЛД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ
Своп хэлцэл хүү, хураамжтай байдаг учраас нэг төрлийн зээл юм. Зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ хэлцлээр тодорхой нөхцөлүүдээ тохироод арай боломжийн хүүтэй хөрөнгө татахыг своп хэлцэл гэж нэрлээд байгаа. Нөгөө талаар худалдааны түнш орнуудын хувьд харилцан ашигтай ажиллах дэмжлэг. БНХАУ бол Монгол Улсын худалдааны гол түнш орон. Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болоод буй тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт юань Монгол Улс болон БНХАУ-ын худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг хоёр дахь валют. Мөн валют солилцоо бол гуравдагч орны мөнгөн тэмдэгтийн хамаарлаас эдийн засгаа хамгаалах хамтын ажиллагаа ч үзэж болох аж. Монголбанк, Хятадын төв банкны хооронд байгуулсан своп хэлцэл гадаад валютын ханшийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэдгийг албаныхан хэлдэг. Дашрамд дурдахад, юань бол Олон улсын валютын сангаас хүлээн зөвшөөрсөн албан ёсны нөөц валют бөгөөд дэлхий даяар худалдааны санхүүжилтэд ашиглагддаг хоёр дахь идэвхтэй мөнгөн тэмдэгтэд тооцогддог. Иймд манайх шиг урд хөршөөсөө худалдааны хараат, жижиг зах зээлд юанийн эргэлт нэмэгдэх нь ашигтай гэж үзэн анх 2011 оны тавдугаар сард Монголбанк, Хятадын ардын банктай гурван жилийн хугацаатай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлэлцээр хийсэн байдаг. Тухайн үед таван тэрбум юаниар тогтсон ч 2012 онд дахин таван тэрбум юаниар нэмэгдүүлсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр гэрээний дүнг дахин таван тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд хүргэж байлаа. Улмаар 2017 онд 15 тэрбум юань бүхий 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн гэрээг шинэчлэн дахин гурван жилээр сунгаж баталсан. Монгол Улсын санхүүгийн байдал 2017 онд хүнд байдалд ороод байсан учраас гурван жилийн хугацаатай сунгах хэлэлцээрт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, манай тал буцааж төлөх ёстой юанийн төлбөрөө хийх чадваргүй байсан гэсэн үг.
ВАЛЮТЫН СОЛИЛЦОО МОНГОЛД ЯАГААД АШИГГҮЙ ВЭ
Монгол Улсын Аюулгүй байдал судалгааны хүрээлэнгээс своп хэлцлийн талаар судалгааны нийтлэл бэлтгэсэн байдаг. Нийтлэлд дурдсанаар БНХАУ 2013 онд “Бүс ба Зам” стратегийг зарлахтай зэрэгцэн 20 гаруй оронтой валютын своп хэлцэл хийж эхэлжээ. Цаашид ч валютын своп хэлцлийн хэмжээ болон тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гол шалтгаан нь юанийн гүйлгээг тэлэх бодлого байх боломжтой аж. Учир нь ам.доллараар голлох түүхий эдийн худалдаа явагдаж байгааг юаниар орлуулахаар оролдож эхэлсэн байна. Хятадын төв банкнаас валютын своп хэлцлийн хэмжээ нэмэгдэж байгааг эерэгээр тайлбарлахдаа, гадаад худалдааг улс орнуудтай гуравдагч орны валютаар бус үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх замаар худалдааг дэмжих бодлого хэмээдэг аж. Гэвч яг үнэндээ валютын своп хэлцэл хийсэн оронд төрийн өмчит банкууд нь салбараа нээх хүсэлт гаргах замаар үйл ажиллагаа явуулдаг. 2013 оноос хойш зөвхөн “Bank of China” найман улсад шинээр салбараа нээсний дотор Турк, Пакистан зэрэг “Бүс ба Зам” стратеги дагуух улс багтжээ. Тухайлбал, Хятадын төв банк, Пакистаны төв банктай хийсэн валютын своп хэлцлийн хэмжээ 20 тэрбум юань буюу 3.1 тэрбум ам.доллартай дүйцсэн байна.
Монгол Улсын талаар баримтлах бодлого нь өнгөрсөн хугацаанд улам бүр зөөлөрч ирсэн. Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг БНХАУ-ын зарим мужийн зах зээлд албан ёсоор чөлөөтэй хөрвөдөг валют болгосон. Өвөр Монголд төгрөгийг юанийн адил чөлөөтэй ашиглахыг Ардын банкнаас зөвшөөрсөн юм. Монголын компаниуд болон жижиглэн худалдаа эрхлэгчид голчлон тус улсыг зорьж арилжаа наймаа хийдэг. Хятадад аялж байгаа иргэдийн тоо өсч байгаатай холбоотойгоор төгрөгийг Эрээн хотод түгээмэл ашигласаар ирсэн. Тэгвэл Өвөр Монголын нутаг дэвсгэрт төгрөгийг чөлөөтэй ашиглахыг зөвшөөрснөөр юаниар солилгүй гүйлгээ хийх боломжтой болсон аж. Төгрөгийн хэрэглээг зөвшөөрсөнтэй зэрэгцээд Хятадын төрийн өмчит банкууд манай улсад ажиллах сонирхлоо илэрхийлэх болсон юм. Хэрвээ хятадын төрийн өмчит банк Монголд ажиллаж эхэлбэл аажмаар төгрөгийн ханшид шууд нөлөөлдөг болж, алсдаа манай мөнгөний бодлого алдагдах магадлалтай талаар судлаачид онцолжээ. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд өргөжсөөр ирсэн своп хэлцлийн дүнд БНХАУ-ын төв банкинд байршсан 5.4 их наяд төгрөг буюу Монгол Улсын нэг жилийн төсвийн бараг тал хувьтай тэнцэх хөрөнгөөр манай зах зээлд нөлөөлөх бүрэн боломжтой. Энэ байдлаас нь харвал, Хятадын төв валют солилцох гэрээгээ урт хугацаандаа үргэлжлүүлэхээр харагдаж байгаа. Гэхдээ эрсдэл хаана ч, аль ч нөхцөлд байдаг.
СВОП ХЭЛЦЭЛ ЗОГСВОЛ ТӨСӨВТ ТАВАН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЧААЛАЛ ИРНЭ
Төв банкны гадаад өр 2011 оноос хойш огцом өссөн нь Хятадын ардын банктай хийсэн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл”-ийн хүрээнд авсан зээлтэй холбоотой. Уг хэлцлийг өнөөдрийн байдлаар ам.долларт шилжүүлэн тооцвол 1.8 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Тиймээс ирэх онд гурван жилийн хугацаатай сунгах төлөвлөгөөг хоёр тал гаргасан. Гэвч Хятадын төв банкныхан тодорхойгүй шалтгаанаар манай төлөөлөгчдийг хаалттай хаалга мөргүүлснээр ирэх онд сунгах эсэх нь эргэлзээнд ороод байна. Хэрэв Хятадын тал гэрээний хугацааг сунгахаас татгалзвал, Монгол Улс 2020 онд тооцоолоогүй өр төлбөрт унаж, ирэх жилийн төсвийн төсөл, мөнгөний бодлого гэх мэт эдийн засгийн суурь тооцоо үндсээрээ өөрчлөгдөхөөр байна. Мэдээж, хоёр тэрбум ам.долларын гэнэтийн төлбөр гэдэг бол эдийн засагт хангалттай шок өгөх хэмжээний том мөнгөн дүн. Зөвхөн улсын төсвөөс ирэх онд 960 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлөхөөр тооцож байгаа. Дээр нь төв банкны таван их наяд төгрөгийн төлбөр орж ирвэл, улсын төсвийнхөө тал хувийг зээлд өгснөөр дампууралтай нүүр тулж мэдэхээр байна. Эсвэл гадаад зах зээлээс өндөр хүүтэй бонд босгон богино хугацааны сэргэлт авч болно. Гэхдээ урт хугацаандаа байдал улам л хүндрэх болов уу. Сангийн яам, Монголбанкны тооцооллоор ирэх онд зээлийн үндсэн төлбөр төлөхгүй гэж харж байгаа юм. Сангийн яамны мэдээллээр Монгол Улс 2020 онд зөвхөн хүүгийн төлбөр төлөх бөгөөд 2021 онд “Мазаалай” бондын төлбөрт 500 сая ам.долларыг 10.875 хувийн хүүгийн хамт шилжүүлэх учиртай. Түүнчлэн 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум сая ам.долларыг 5.125 хувийн хүүтэйгээр, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларыг 5.625 хувийн хүүтэйгээр, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг 8.75 хувийн хүүтэйгээр төлөх юм. Монголын төр ирэх жилүүдэд нийтдээ ес тэрбум ам.долларын өр төлөх үүрэг хүлээгдэж байна.
Харин хувийн хэвшил, арилжааны банкууд, Засгийн газар, төв банкны өрийг нийлүүлбэл, Монгол Улс 2020-2024 онд 13.5 тэрбум ам.долларын гадаад өрийг эргэн төлөх учиртай. Энэ нь гадаад валютын одоогийн нөөцөөс 3.6 дахин их дүн. Иймд гадаад өрийн эргэн төлөлтийг өндөр хүүтэй бондоор дахин санхүүжүүлэх магадлал өндөр байгаа юм. Эдийн засаг дахь гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэх хамгийн ойрын эрсдэл нь Хятадын ардын банкны төлбөр байна даа.
Сэтгэгдэл ( 8 )
Bid busee changalj negiig bodoh tsag irjee
Бодлогогүй төрийн балаг. өр бол өр. монголын төрийн алба тансаглалаа зогсоож , иргэд бүсээ чангалах болж дээ.
Hyatad ingelee teglee geed l bas heniig ni mongo tsohilduulah bodlogo ve? Dandaa humuusiig tolbortei niitleleer buhimduulna. Teneg yum hoino unshsan bugd uurlaad sohorchihno.
Hyatad ingelee teglee geed l bas heniig ni mongo tsohilduulah bodlogo ve? Dandaa humuusiig tolbortei niitleleer buhimduulna. Teneg yum hoino unshsan bugd uurlaad sohorchihno.
Улс орныг маань мэдлэг чадваргүй, хулгайч нар сөхрүүлж дууслаа
Царцаа дэвхрээд буух газраа олохгүй ээ гэж
Золжаргалын балаг
женко гуай америк энэтхэг гээл их далжганасан одоо яая гэхэв