ЗИНДАА 2019.12.20 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 12 сарын 20

#1 УИХ-ЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХЭРХЭН БАТАЛСАН БЭ?

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоос 7 саналын томъёоллоор нь нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Гэвч төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#2 Д.НИНЖ: Б.БУЛГАН ТЭР ОРОЙ ЮУ БОЛСНЫГ ХЭЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Ардчилсан хувьсгалын анхны 13 тэмцэгчийн нэг, дипломатч Д.Нинжтэй ярилцлаа. 


-Ардчилсан намаас Ард­чилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн арга хэмжээнүүдэд та оролцов уу?

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой гэж нэрлэж байгаа арга хэмжээний оройн хүлээн авалтад очсон. Сайндаа ч биш, тэнд ардчиллын анхны тэмцэгчид болох 2000 хүн байсан учраас би очсон. МоАХ-ноос намайг урьсан. Ардчилсан холбооны ерөнхий менежер, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн. Намайг үг хэлүүлнэ гэж бодоогүй байтал, МоАХ-ны анхны 13-н нэг гэж урьж, нөхдөө төлөөлүүлж үг хэлүүлсэн. Түүнд нь харин их цочирдсон, сэтгэл хөдөлсөн.

Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүн болгон тэмдэглэх ёстой. Гэхдээ цаашид Ардчилсан хувьсгал гэдэг нэрээрээ явж болохгүй. Яагаад гэхээр ардчилал гэдэг нэрийн дор 1990 оны тавдугаар сарын 6-наас хойш өөр зүйл рүү явсан. Шинэ цагийн коммунизм, социализмыг манайхаас урвасан хүмүүс МАН-тай нийлээд хэрэгжүүлсэн. Бидний тавьж байсан зорилтоос одоо өөр зүйл байгуулчихаад байна. Би ийм зүйлийн төлөө яваагүй. Тэгэхээр “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой” гэдэг зүйлийг хүлээж авахгүй. Улс төрийн шинжлэх ухааны талаасаа ингэж нэрлэх нь тохирохгүй. Яагаад гэхээр Монголд ардчилсан хувьсгал явагдаагүй. Хоёрдугаарт биеэ даасан ардчилсан хувьсгал гэж байхгүй.

-Танаас С.Зориг агсны хэргийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. Та С.Зориг агсантай найз байсан. Түүнийг хөнөө­сөн хэргийг шалгаж, гурван хүнийг шүүхээс гэм буруутай гэж шийдвэр­лэсэн. Та шүүх үнэн зөв шийдсэн гэж үздэг үү?

-Би С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар 1998 оны аравдугаар сараас эхлүүлээд бүх зүйлийн талаар дуугарчихсан шүү дээ. Олон юм бодолгүй төрийн байгууллага нь шударга ажиллах ёстой.

С.Зоригийн үхэл хэнд хэрэгтэй байсныг хөөх хэрэгтэй. С.Зориг амьд байсан бол Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрын нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь улсын баатар, хотын дарга болохгүй байх байсан. Өөрөөр С.Зоригийн үхэл хэнд ч хэрэггүй.

-Энэ хэрэгт Э.Бат-Үүл, Ц.Элбэг­дорж холбоотой гэж та яриад, таныг хуулийн байгуул­лага шалгаж, баривчлах ял оноож байсан?

-Би “С.Зоригийг хэн алсан, Оюутолгой, Тавантолгойг гадны­ханд өгөхдөө УИХ-ын гишүүд, хоёр намын удирдлага хахууль авах гэж байна. Нэг хүн гэхэд 1-2 сая ам.доллар хахуульд авч байна. Монголд хахуулийн хэмжээ улсын төсвөөс даваад явчихлаа” гэж хэлснийхээ төлөө шийтгэл хүртэж, шоронд суусан хүн. Гэтэл гарч ирсний дараа намайг цагаатгасан.

Шүүх хурал дээр МАН, АН-ын удирдлагууд оролцсон. Өөрөөр хэлбэл Засгийн газар, шүүх засаглалтайгаа тэр зааланд сууж байсан. Хамгийн сонин нь шүүх “Энэ олон эрх мэдэлтэй хүнийг гомдоосон нь хэн бэ” гэсэн чинь иргэн Д.Нинж. Шүүхээс “Д.Нинжээс хэдэн төгрөг нэхэмжлэх вэ” гэхэд хэдэн ч төгрөг авахгүй гэсэн. Хохиролтой гэсэн мөртөө мөнгө авахгүй гэдэг нь сонин байгаа биз дээ. Тийм л юм болсон. Хуулийнхан улс төрийн хүрээнийхэнтэй хэт хутгалдаад саарал ордноос өгсөн үүрэг даалгаврын дагуу намайг яллах гэж оролдсон нь үнэн. Тэр шүүхийн тогтоолыг нийтлэхэд бид онигоо болно. Удахгүй тэр тогтоол баруунд нийтлэгдэх гэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#3 ШИЙДВЭР: БОДЛОГЫН ХҮҮГ 11 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

 Мөнгөний бодлогын хороо 2019 оны сүүлийн хурлаас гарсан шийдвэрээ танилцууллаа. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргажээ.

Бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг зарим гишүүн оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгалж үлдсэн байна. Банкны Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%, Гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргажээ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай улсын гадаад валютын нөөц энэ оны эцэст 4.2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоололтой байгааг хэллээ. Энэ нь 8-9 сарын импортын хэрэгцээг  хангах  хэмжээ. Ер нь  импортын 1 жилийн хэрэгцээг хангах хэмжээнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#4 ТЭД БИДНИЙ ТУХАЙ | ХОНКОНГИЙН ЖАГСААЛААС МОНГОЛ ХОЖИХ УУ?

-Хятадууд тансаг зэрэглэлийн зах зээлд дэлхийд тэргүүлж байна. Монгол Улс энэ бялуунаас хүртэж чадах уу-

АНУ-д төвтэй “OZY” мэдээллийн агентлаг Хонгконгийн жагсаалаас шалтгаалан Монголд ирэх Хятад жуулчдын тоо нэмэгдсэн нь тансаг зэрэглэлийн зах зээлээс монголчууд ашиг хүртэх боломжтой гэдгийг онцолжээ. Тансаг зэрэглэлийн зах зээлээрээ дэлхийд тэргүүлдэг урд хөршийнхөө бялуунаас Монголчууд хүртэж чадах эсэхийг өгүүлсэн нийтлэлийг та бүхэнд хүргэе.


Нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр Армени, Тувалу, Шри Ланкаас ч доогуур Монгол бол тансаг хэрэглээтэй улс биш. Агаарын бохирдол ихтэй, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх Улаанбаатар бол энэ улсын цор ганц хот.

Гэвч энэ бүхнийг үл ажран дэлхийн том брэндүүд энэ улсад аль хэдийнээ мөрийгөө тавиад эхэлсэн, тэр дундаа хятадууд. Хонконгод болж буй хямрал үүний хамгийн том шалтгаан нь ажээ.

Монгол Улс бүхэлдээ уул уурхай дээр тогтсон эдийн засагтай. Уул уурхай салбар дундаа зэсээс хамгийн их хамааралтай учраас түүхий эдийн ханшийн хэлбэлзлээс шалтгаалан ойж, буудаг улс. Гэвч тансаг, сайхан руу улам шунан тэмүүлэх болсон Хятад жуулчид энэ улсын эдийн засгийг огт өөр тийш чиглүүлэх нэг шинэ луужин ч байж мэдэх юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#5 ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ ИРГЭНИЙГ ЦАЙНЫ ГАЗАРТ БЭЛТГЭГЧЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙЖЭЭ

-ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нь ажил хийх эрхтэй ч бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх үүрэгтэй-

ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-ны өдөр гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Сануулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин суух, 41 настай эмэгтэй нас барсан байдаг.Үзлэг шалгалтаар талийгаачийн биед олон тооны хөх толбо үүссэн байсан бөгөөд шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогдсон юм. Талийгаач нь дээрх өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан ба түүний хамтран амьдрагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон юм.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба шалгалтын явцад хэд хэдэн ноцтой мэдээлэл ил болоод байна. Тухайлбал, талийгаач эмэгтэй нь архины хамааралтай нэгэн байсан гэх ба хамтран амьдрагчийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулахад мөн ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогджээ. Түүнийг ХӨСҮТ-д хяналтад аваад байгаа ба хавьтагч нарыг илрүүлэх тандалт судалгаа явуулж эхэлсэн хэмээн албаныхан мэдээллээ.

Түүнчлэн талийгаач нь өвчний улмаас ил харагдах газар /гар, шууны хэсэг гэх мэт/ олон тооны шархтай байсан бөгөөд тэрбээр Сүхбаатар дүүрэгт байрлах  нэгэн цайны газарт бэлтгэгчээр ажилладаг байжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top