ХӨНДҮҮР СЭДЭВ: Хүүхэд хүчирхийлэлд өртөх нь АМИА ХОРЛОХ АЮУЛД хүргэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Өсвөр насныхан ирээдүйн хөгжлийг тодорхойлогч гол хүчин болж төлөвших ёстой. Мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай, төлөвшсөн, зөв хүн байхыг дэлхийн хөгжил бидэнд сануулж буй. ДЭМБ-ын 2013 оны судалгаагаар Монгол Улсын 13-17 насны хүүхдүүд сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэж гарчээ. Томчууд гэлтгүй хүүхдүүдэд хүртэл сэтгэцийн тулгамдсан асуудал байсаар байна. Нийгэм өөрчлөгдөх тусам хүний сэтгэл зүй дагаж өөрчлөгддөг ажээ. Ялангуяа хүүхдүүд энэ өөрчлөлтийг яаж хүлээж авахаа мэдэхгүй, даван гарч чадахгүй байсаар урт хугацаанд нөлөөлөх бодит хямрал үүсгэж байгааг ДЭМБ-аас онцолж байлаа. Үүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Улсын хэмжээнд халдварт бус өвчинтэй тэмцэх хүүхдийн хөгжил, хамгааллын болон үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж, ЭМЯ, БСШУСЯ-наас хамтарсан төлөвлөгөө боловсруулж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ажлууд өрнөлөө. Зарим үр дүн гарсан хэдий ч асуудлууд шийдэгдсэнгүй.

Өсвөр үеийнхэн мансууруулах бодис хэрэглэж, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, хямарсандаа сэтгэл гутралаар өвчилж, дарамт шахалт, стрессээ тайлж чадаагүйн улмаас амиа хорлох оролдлогууд ч хийж байна. Ямар их үнэ цэнээр хорвоод мэндлээд, олон сайхан учрал тохиолдож болох байсныг харамсалтайгаар мэдэрч амжилгүй, түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөр бүрэн амьдралаа сольж болохгүй шүү дээ. Тэгвэл асуудлын суурь нь юундаа байна вэ гэдгийг “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” эрдэм шинжилгээний хурлаас сурвалжиллаа. Говь-Алтай аймгийн өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар 36 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтайг оношилжээ. Харин таван хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй болсон байна. Өсвөр насынхны сэтгэл зүйд үе тэнгийнхний дарамт шахалт, гэр орон шилжин суурьших, эцэг эхийн хэрүүл маргаан, үл ойлголцол, ганцаардал, дааврын өөрчлөлт сөргөөр нөлөөлж сэтгэцийн тулгамдсан асуудлыг үүсгэх эрсдэлтэй гэнэ. Мөн томчуудын зүгээс хүүхдүүдэд “Сайн сурах хэрэгтэй” гэсэн шахалт үзүүлсний улмаас хүүхдүүд амьдрахын төлөө хэт их хичээж, хямрах, сэтгэл зүйг нь гэмтээх нэгэн шалтгаан болдог юм байна.

 

ХАЛАМЖЛАХГҮЙ, ҮЛ ХАЙХРАХ НЬ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН НЭГ ХЭЛБЭР

Хүчирхийллийн төрлийн гэмт хэргийн хохирогчид хүүхэд, өсвөр насныхан болж байна. Хүч, эрх мэдэл, давуу талаа ашиглан хүүхдийн бие махбодь болон сэтгэл санаанд хохирол учруулах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, анхаарал халамж тавихгүй байх буюу үл хайхрах, хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх буюу мөлжих зэргээр эрүүл мэнд, амь насанд аюултай бүхий л үйлдлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж үздэг аж. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дотор бэлгийн хүчирхийлэл дэлхий дахинд элбэг тохиолддог. Манай улсад гэхэд 2016-2017 онд “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах болон хүчиндэх” гэмт хэрэгт бага насны 213 хүүхэд өртөж хохирсон бол 2017 оны байдлаар улсын хэмжээнд хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг өмнөх оныхоос 49.2 хувиар өсжээ. Тиймээс судлаач, эмч нар 2015-2018 оны хооронд хүүхэд өсвөр үеийн клиникт бэлгийн хүчирхийллийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 69 өвчний түүхийг судлаад байна. 4-19 насныхан судалгаанд хамрагджээ. Тэдний “65.2 хувь нь гэр бүлийн бүтэц ямар нэг байдлаар алдагдсан, өв тэгш бус гэр бүлд амьдардаг. 50 гаруй хувь нь нэгээс дээш удаагийн давтамжтай олон сар, жилээр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байж. Мөн дөрвөн хүүхэд тутмын гуравт нь нойр хямрах, айдас, хар дарж зүүдлэх, сэтгэл санаа тогтворгүй болох шинж тэмдгүүд явагддаг. Улмаар амиа хорлох бодол төрж, оролдлого хийдэг” хэмээн хариулжээ. Хүүхэд хүчирхийлэлд олон удаа өртөх нь амиа хорлох оролдлогыг 29 дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг судлаач П.Энхчимэг хэлсэн юм. Хүчирхийлэл үйлдэгчдийн үйлдсэн хэрэг хуулийн дагуу хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь харамсалтай. 

 

СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ НЭГ Л ӨДӨР ГЭНЭТ ҮҮСДЭГГҮЙ. УДААН ХУГАЦААНЫ ТУРШИД ЯВАГДДАГ

Өсвөр үеийнхний ирээдүйд тулгамдаж болзошгүй бас нэгэн асуудал бол ихэвчлэн 18-35 насны залуус холбогдогчоор татагдах болсон мансууруулах төрлийн бодисын хэрэглээ. Саяхан хар тамхины дамжуулагч орон байсан манай улс одоо хэрэглэгч орон болсон. Хүүхдүүдийн даган дуурайдаг зарим “алдартнууд” хэрэгт холбогдож байгааг ч үе үе мэдээлдэг боллоо. “Зөвхөн 2019 онд гэхэд мансуурах бодис, сэтгэцэд нөлөөт эмтэй холбогдох гэмт хэрэгт 300 хүн холбогдсон. Энэ бол нийгмийн өмнө тулгамдаж байгаа сэтгэцийн эмгэг, хямрал” гэдгийг СЭМҮТ-ийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал О.Баатаржав хэлж байна. 2017-2018 онд зургаан сарын хугацаанд СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын кабинетад мансууруулах, сэтгэц идэвхт эм бодистой холбоотой магадлан шинжилгээ хийлгэсэн 106 хүний сэтгэцийн байдлыг судалжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 50 гаруй хувь нь өөрөө сонирхож мансууруулах бодис хэрэглэсэн бөгөөд үүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсоны улмаас үүсч буй сэтгэл хөдлөлийг судлахад гайхмаар үр дүн гарсан байна. Тэдгээр хүмүүсийн 63.6 хувьд нь сэтгэл түгшилт, бухимдал, айдас зэрэг тааламжгүй сэтгэл хөдлөл илэрч байсан бол 26.4 хувь нь сэтгэл санааны хувьд хэвийн байсан нь эмч, судлаачдын анхааралд байна. Харин судалгаанд хамрагдагсдын 88.7 хувь нь “Сэтгэцийн хувьд эрүүл” оноштой байсан нь бас ч гэж найдвар байгааг харуулна. Мансууруулах төрлийн бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хор уршгийг таниулах нь нийгэмд тулгамдаж байгаа хөндүүр асуудлын нэг болжээ. Ялангуяа 18-21 насны залуучуудад мансууруулах бодисын хор уршгийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг байгаа учраас саваагүйтэж, сонирхсон байдлаар, зарим тохиолдолд бусдын ятгалгад автан мансууруулах бодис хэрэглэж байгааг судалгаанаас дүгнэж болох юм.

Мөн хүүхдүүд стрессээ тайлах зорилгоор цахим орчинтой нөхөрлөснөөс үүдэлтэй дэлгэц, тоглоомонд донтох өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа аж. “Сөрөг сэтгэл хөдлөлөө тайлахдаа дуртай зүйлээ хийх нь хамгийн зөв арга юм. Сайхан зүйлс олон байдгийг хүүхдүүдэд мэдрүүлэх хэрэгтэй. Бага нас, өсвөр наснаас нь эхлээд хэн нэгэндээ сэтгэл зүйн гэмтэл учруулахгүй байя. Гэмтэл учирсан бол стрессээ тайлах ур чадвар эрт сургая. Үүний тулд ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулж эрүүл мэндийн боловсролыг эрт олгоё. Боловсрол олгох хөтөлбөрийн агуулгад сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил гэсэн хоёр хөтөлбөрийг оруулж өгөх нь чухал байгаа” хэмээн СЭМҮТ-ийн тэргүүлэх зэргийн их эмч В.Баярмаа хэлж байна. Сэтгэцийн тулгамдсан асуудал нэг л өдөр гэнэт үүсдэггүй. Удаан хугацааны туршид явагддаг сэтгэл зүйн гэмтэл учраас хүүхэд, өсвөр үеийнхэн томчууд бид стрессээ эерэгээр тайлж сурах хэрэгтэй юм байна. Олон улсын туршлагаас сонирхвол “НҮБ-ын гишүүн орон бүрийн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн тогтвортой хөгжлийн зорилтуудын олонх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбогддог. НҮБ, ДЭМБ-аас улс орны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мөнгөн тусламж, хөрөнгө оруулалт өгдөг ч гэсэн олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх нь чухал. Энэ хүрээнд олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүд чиглэж байна” гэж Флоренс Найтингейлийн сангийн Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн клиникийн профессор Фиона Нолан хэлсэн юм. Ийнхүү иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажилладаг эмч, судлаачид чуулж, асуудлуудаа хэлэлцэн, шийдлүүд боловсрууллаа. Энэ хүрээнд ЕБС-иудыг сэтгэл зүйчтэй болгох ажил хэрэгжиж эхэлсэн билээ. Цаашлаад сэтгэл зүйчдийг тогтвортой, чанартай ажиллуулах шаардлагатай гэнэ. Эцэг, эх, ялангуяа багшийг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг үнэлэх зөв арга техникт сургах нь чухал. Мөн хүүхдийг сонсох, нууцыг нь чанд хадгалах, өсвөр үеийн кабинетийн үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй аж. Тэгэхээр хүүхдэд тулгамддаг асуудлуудыг эцэг, эх, багш, асран хамгаалагч ойлгох хэрэгтэй. Үүний тулд мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг эмч, судлаачид онцлов.

 

Х.БААВГАЙ: МАНАЙ УЛСАД ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛД ЯЛЫН БОДЛОГО СУЛ БАЙГАА

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэл чухлаас гадна боловсролын орчин, цахим орчин, гэр бүлийн орчин, хууль эрх зүйн хувьд гээд нийгмийн бүх хүрээнд хүүхдийн эрхийн асуудал яригдана. Тэгвэл хүүхэд хамгаалах хууль, эрх зүйн асуудлаар “Гүүд Нэйборс” олон улсын ТББ-ын ерөнхий менежер Х.Баавгайгаас тодрууллаа. Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарч хийж байгаа “Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах нь” хэлэлцүүлэгт оролцож байсан юм.


-Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин хэр байгаа вэ?

-Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин боломжийн хэмжээнд бүрдсэн гэж судлаачид үздэг. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан. Олон улсын хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц гэх мэт олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлдэг.

-Хамгийн гол нь хуулиудын хэрэгжилт, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх асуудал чухал байна?

-Хуулийг хэрэгжүүлэх нь хууль батлахаас дутахааргүй чухал асуудал. Хэлэлцүүлгээс гурван гол үр дүнг харж байна. Нэгдүгээрт, манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэлд олгож байгаа ялын бодлого сул байгаа. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогын асуудалд анхаарах ёстой. Хэлэлцүүлэгт Герман, Канад, Солонгос Улсын Эрүүгийн хуулиудад хүүхдийн эсрэг бодлого ямар байгааг харьцуулсан судалгааг дүгнэнэ. Хоёрдугаарт, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад зарим нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ. Гуравдугаарт, хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн саналуудыг нэгтгэж, холбогдох яам, агентлаг, УИХ-ын ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлэх зорилт тавьж байна. Ингэснээр Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчин илүү сайжирна. Хуулиудаа сайжруулж, эрх зүйн орчинг олон улсын төвшинд хүргэх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top