Украины гурав дахь том хот болох Одесса хот орос хэлийг хориглох эсэхийг хэлэлцэж байна. Хар тэнгисийн эрэг дээрх Одесса хотын зөвлөлийнхөн орос соёлын нөлөөг багасгах, хэлний нөлөөг сааруулах зорилгоор орос хэлийг халах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ үүнд нэг онцлог байгаа нь Одесса хотын иргэдийн дийлэнх нь орос хэлээр ярьдаг, орос соёл нэвт шингэсэн нутаг дэвсгэр ажээ.
Одесса хотын зөвлөл төрийн үйлчилгээнд орос хэлийг ашиглахыг хориглохоос гадна олон нийтийн газарт оросын хөгжим, уран зохиол ашиглахгүй байх, төрийн өмчийн бүх газарт орос хэлээр түгсэн соёлын зүйлсийг хориглохоор хэлэлцэж байгаа юм. Оросын уран зохиол, хөгжмийн урлагт Одесса хотын нөлөө их, алдартай олон хүн төрөн гарсан. Яг үүнийг харвал орос хэлийг халах эсэх асуудал нь ихээхэн маргаан дагуулж байгаа аж.
Оросын арми Украины газар нутагт халдсанаас хойш орос хэл нь тухайн дайны хамгийн том суртал ухуулгын зэвсэг гэж Украины эрх баригчид үзэх болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )