В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй гурван цаг гаруй уулзжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төлөөлөгчдийг Кремлийн “Улаан танхимд” хүлээн авч уулзсан бөгөөд уулзалт 3 цаг 10 минут орчим үргэлжилсэн тухай Кремлиэс мэдээллээ. Энэ удаагийн уулзалт ихээхэн ажил хэрэгч, Украины энхийн асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзсэн гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков хэлсэн байна. Одоогоор талууд чухам ямар асуудлыг хөндөн ярилцсан нь тодорхойгүй байгаа юм.

ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлагийн мэдээлснээр уулзалтын үеэр Владимир Путин ОХУ-ын цэргийн ажиллагаа үр дүнд хүрч, цэргүүд нь амжилт гаргаж байгааг цохон тэмдэглэсэн байна. Харин АНУ-ын CNN болон барууны бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагаан ордны албан тушаалтан энэхүү уулзалтаар талууд дараагийн бодит алхмуудыг хэлэлцэж, энхийн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох тухай мэдээлжээ.

АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Стив Виткофф нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай найм дахь удаагаа уулзаж байгаа бол Д.Трампын хүргэн Жаред Кушнер Украины энхийн асуудлаар гурав дахь удаагаа хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top