Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн санаачилсан “Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа билээ. Энэхүү хуулийн төсөлд “Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөр нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг, уран сайхны болон олон ангит киноны 50 хувиас доошгүй нь үндэсний кино байна” гэх зэргээр арилжааны телевизүүдийг боомилохыг оролдсон олон заалт орсон нь тухайн салбарынхны эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэгвэл өчигдөр Монголын телевизүүдийн холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, Өдөр тутмын сонинуудын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ талаар Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Цогжавхлангаас тодрууллаа.
-Хэвлэл мэдээллийн холбоод хамтарч ажиллахаар болжээ. Соёлын тухай хуульд орох гэж байгаа нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор эдгээр холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж ойлгож болох уу?
-Хэвлэл, мэдээллийн салбарынхан амь нэгтэй байх цаг нь иржээ гэж үзсэн учраас Монголын телевизүүдийн холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, Өдөр тутмын сонинуудын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ер нь бол бид нэг нэгнээ дэмждэг, хамгаалдаг, нэг нэгэндээ тусалдаг байх хэрэгтэй юм. Өмнө нь хэвлэл мэдээлийн аль нэг салбарын үйл ажиллагаанд бүдүүлэгээр халдаж байхад бид дуугүй л байдаг байлаа. Сайтуудын сэтгэгдэлд хяналт тавихад телевиз, сониныхон дуугүй л хараад суусан. Энэ асуудал зөвхөн цахим ертөнцөд шуугиад өнгөрсөн байх жишээтэй. Гэтэл одоо телевизүүдийн эрх ашгийг хөндөөд эхэллээ. Энэ байдал цаашид яаж ч даамжирахыг хэлж мэдэхгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд амь нэгтэй байх нь ёстой гэж үзэж байгаа юм. Үнэндээ Соёлын яам бий болж, сайд томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сайд маань хэвлэл, мэдээллийн салбарынхан яаж ажиллаж байна, юу дутагдалтай байна, юу нь болж байна, юу нь болохгүй байна, өөрчлөх шинэчлэх, засах сайжруулах, тусалж дэмжих юм юу байна гэж нэг удаа асууж, нэг ч байгуулагаар орж үзэж байгаагүй. Гэтэл хэм хэмжээг тогтоосон буюу хуульчилсан актаар бидний үйл ажиллагааг хязгаарлах болон хаах болохоороо сайд маань биднийгээ өөрийнх нь салбарт хамааралтай гэдгийг мэдэж байгаа нь сонин. Телевизийнхэн бид чинь соёлын яаманд харьяалагддаг юм байна, сайдтай юм байна гэдгээ сая л мэдлээ.
Уг нь 1992 онд Хэвлэл мэдээллийн хуульд өөрчлөлт хийж цензурыг хүчингүй болгосон байдаг. Гэтэл 2014 онд буюу 22 жилийн дараа эрхэм сайд маань цензурын хууль өргөн барилаа. Үүнийх нь талаар юм яриад эхэлсэн чинь популизм хийж байна.
-Тухайлбал ?
-Өнөөдөр Ц.Оюунгэрэл сайд “Монгол контентыг дэмжээд явах гэсэн чинь солонгос киноны улаан фэнүүд барьж идэх гэж байна. TV5 телевизийнхэн яагаад сандраад байна” гэж жиргэж байх жишээтэй. Засгийн газраас Соёлын яамыг байгуулахдаа соёл, мэдээллийн салбарыг дэмжээсэй гэж томилсон болов уу. Гэтэл УИХ-д сонгогдсон зарим нөхдүүд масст таалагдахын тулд сонгодог популизмын хэлбэрээр хөдлөшгүй үнэт зүйл рүү халддаг нэг аргатай боллоо. Тухайлбал, телевиз үзэгчдээс зар сурталчилгаа их гараад үзэж байгаа киног чинь мартагдуулаад байгаа биз гэж асуудаг. Тийм байна гэхээр нь тэдэнд таалагдахын тулд тэрийг чинь болиулаад өгье гэх мэтээр хууль санаачилдаг, баталдаг. Ингэхдээ өнөөх телевизүүдээ зар сурталчилгаанаас санхүүждэг, түүгээрээ үйл ажиллагаа нь хөдөлдөг байгууллага гэдгийг ор тас мартчихсан.
-Үнэндээ “Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөр нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг, уран сайхны болон олон ангит киноны 50 хувиас доошгүй нь үндэсний кино байна” гэж хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан нь хэт өрөөсгөл санагдсан л даа. Монголд хэдэн кино бий билээ, хэчнээн хүүхэлдэйн кинотой билээ гээд бодохоор...?
-Тиймээс ийм хууль санаачилж байгаа нь энэ хүн салбараа огт мэддэггүй гэдгээ харуулж байгаа хэрэг юм. Үнэндээ манай улс өнөөдөр хэчнээн хүүхэлдэйн кинотой билээ. Хэчнээн монгол кино бий билээ. Монгол кино нэгтгэл түүхэндээ 180-200-гаад уран сайхны кино хийсэн байдаг. Энд арилжааны киног оруулаагүй шүү. Тэгэхээр өнөөдөр монголд арилжааны 17, кабелийн 63, орон нутгийн телевизүүдтэйгээ нийлэхээр 200 гаруй суваг бий. 200 гаруй телевизээр дээрх тооны киног хэдэн өдөр хэдэн сар хэдэн жил давтах вэ.
Тэгж ярьвал харин ч телевизүүд аль болох монгол контент үйлдвэрлэхээр чадлынхаа хэрээр л зүтгэцгээж байна. “Тусгай салаа”, “Сонголт”, “Наран мандах нутаг”, “Нарны жим” гэх мэт олон ангит кинонуудыг өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа өчүүхэн мөнгөнөөсөө хумслаад хийж байна шүү дээ.
Гэтэл нөхөд цензур тавьж буюу нэвтрүүлэгийн агуулгад хяналт тавих аргаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд саад учруулж байна. Дээрх хязгааруудыг зөрчсөн тохиолдолд 1-10 сая төгрөгөөр торгох эсвэл үйл ажиллагааг нь зогсооно гэж байна. Ингэснээрээ хэвлэлийн эрх чөлөөний халдашгүй байдалд халдаад эхэллээ шүү дээ. Хаагдахаасаа айгаад бид нар хайрцаглагдах ёстой юм байна л даа. Уг нь энэ салбар чинь хайрцлагдахгүйгээр, цэвэр өрсөлдөөний журмаар хөгждөг салбар шүү дээ.
-Телевизүүдийн монгол контентын эзлэх хувийг өндөр зааж өгсөн нь гадны соёлын довтолгооноос үндэстнээ хамгаалах гэсэн оролдлого гэж харж таашааж байгаа хүмүүс цөөнгүй. Тиймдээ ч төрөөс тодорхой мөнгийг үүнд төсөвлөсөн гэж ойлгоод байгаа?
-Төрөөс монгол контент үйлдвэрлэхэд 5 тэрбум төгрөг төсөвлөснийг телевизүүд, монголоо гэсэн хүн бүр дэмжиж байгаа. Харин зөв зүйл дээ л зарцуулагдаасай. Харамсалтай нь Ц.Оюунгэрэл сайд үүнийг санаачилж байхдаа салбараа судлаагүй л байж. Учир нь телевиз, сонин, вебсайт гэдэг бол мэдээллийг дамжуулдаг хэрэгсэл болохоос биш кино бүтээдэг салбар биш. Түүнийхээр бол тэр 5 тэрбумаас нь бид аваад л кино хийх юм байна л даа.
-Солонгосын KBS ч юм уу, дэлхийн стандартаас харахад телевизүүд кино хийгээд л байна. Монголд ч зарим нэг телевизүүд олон ангит кинонуудыг хийгээд хүмүүсээс өндөр үнэлгээ авч байна шүү дээ?
- Яг үнэндээ монголын телевизүүд Ц.Оюунгэрэл сайдын хэлээд байгаа шиг солонгосын улаан фэн болчихоод киног нь гаргаад байгаа юм биш . Сайд орчноо мэдэхгүй байна. Бүр төсөөлөх ч үгүй байна. Түүний шагайдаг цонхоор бид шагайдаггүй байж магадгүй. Гэхдээ бидний шагайдаг цонх руу нулимж болохгүй. Бид солонгосын соёлын довтолгооны 17 цуврал кино орж ирлээ гэдгийг мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр өртөг зардлынх нь тухайд авч үзэх юм бол солонгосын цувралын нэг анги 300-500 долларын үнэтэй байдаг. Монголд энэ мөнгөөр цуврал кино хийж өгөх үү. Бүтэхгүй шүү дээ. Нэг жүжигчний өдрийн хөлсөнд ч хүрэхгүй. Өнөөдөр нөхцөл байдал ийм л байгаа.
Мөн нэр бүхий хоёр кабелийн телевизийн гадаад контент, спортын суваг, хүүхдийн сувагт зориулан цацсан мөнгө нь өнгөрсөн жил албан бус тоогоор 18 тэрбум төгрөг байгаа. Засгаас өгнө гээд байгаа 5 тэрбумаас 3.6 дахин илүү байгаа юм. Ийм байхад хаана нь гадагшаа мөнгө урсаад байгааг сайд мэдэхгүй байна.
-Тэгэхээр телевизүүдийн хувьд төрөөс өгөх гэж байгаа 5 тэрбум ч хангалттай биш гэж ойлгож болох уу?
- Телевизүүд кабельд холбогдох гэж өчнөөн сая төгрөг төлдөг. Дээрээс нь сар бүр өчнөөн мөнгө өгнө. Үүн дээр төр 40 гаруй төрлийн татвар авдаг байх жишээтэй. Энэ асуудлууд дээр анхаараад энэ олон татвараас хөнгөлөөд дэмжээд өгвөл бид заавал төрийн халааснаас 5 тэрбумыг авах шаардлагагүй шүү дээ.
-Дээрх хууль нөгөө талаараа монголын телевизүүдийн цөөлөх гэсэн бодлого байж болох уу?
- Телевизүүдэд зөвшөөрөл өгөөд өнөөдрийг хүргэчихсэн нөхдүүд коридорыг нарийсгах буюу фашист аргаар цөөлөх гэж үзэж байна л даа. Гэтэл энэ чинь зах зээлийнхээ өрсөлдөөний хуулиар шийдэгдэх ёстой юм. Тиймээс Ц.Оюунгэрэл Л.Эрдэнэчимэг нарыг фашист хууль санаачлагч нар болчихоод байна.
-Л.Эрдэнэчимэг гэснээс та бүхэн яагаад согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг эсэргүүцээд байгаа билээ. Архины сурталчилгаанаас асар их мөнгө олох боломжтой болохоор тэр үү?
-Телевизүүд одоог хүртэл архины сурталчилгаанаас нэг ч төгрөгийн ашиг авдаггүй. Харин 16 градусаас доош хатуулагтай пиво, вино мэтийг 22 цагаас хойш рекламдаж болно гэсэн дүрэм журмын дагуу сурталчилгаа явуулдаг байсан. Гэтэл Эрдэнэчимэг гишүүний санаачилсан хуульд бүгдийг нь тас хаачихсан. Тэр ч байтугай архи үйлдвэрлэдэг компанийн нэрийг аливаа юман дээр дурьдаж ч болохгүй гээд заачихсан. Үнэндээ пивоны сурталчилгаагаар тийм их мөнгө орж ирдэггүй л байхгүй юү. Харин ч архи сурталчилж болохгүй гэснээс хойш Монголын үйлдвэрлэгчдийн мөнгө гадагшаа урсах болсон. Учир нь архи үйлдвэрлэгчид “Одон” телевизээр архиа сурталчлуулах болсон. Яагаад гэвэл энэ телевиз кабелийн сувгаар манайд цацагддаг. Одоо шар айргийн сурталчилгааг хорьчихвол “Российя” ч юм уу аль нэг монголд кабель нь чөлөөтэй гардаг сувгаар үйлдвэрлэгчдийн валют чөлөөтэй гадагшаа урсах болно. Мөн архи үйлдвэрлэгчид архи, пивоноос гадна ниймгэмд ашигтай маш олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэтэл согтууруулах ундаа үйлдвэрлэдэг компанийн нэрийг ч дурьдаж болохгүй гээд хуулинд заачихаар өнөөх бүтээгдэхүүнүүдийг яаж сурталчилах вэ. Энэ мэтээс эхлэн хууль нь өөрөө маш их учир дутагдалтай байгаа юм.
Түүнээс гадна хүний заяагдмал үндсэн эрх буюу бизнес эрхлэх эрхэд халдаж байна. Яаж гэхээр архины үйлдвэрлэлүүдийн 20-иос дээш хувийн хувьцааг эзэмшдэг хүмүүсийн нэр бүртгэлийг, хаягийн хамт байгууллагын вебсайтад байршуулсан байна гээд заачихсан. Ийм байж болох уу. Бид үүнийг харахдаа танхим дотор архи үйлдвэрлэдэг хэдэн гишүүн байна эд нарыг алаадахья гэдэг хувийн сэдэлтэй энэ хуулийг санаачилсан гэж ойлгож байгаа. Хэн нэгэн хүн бэлгийн сулралтай болохоороо секс хийхийг хориглосон хууль баталж болохгүй биз дээ. Түүнтэй л адилхан зүйл.
-Тэгэхээр хууль санаачлагчид өөрийнхөө давуу байдлыг тогтоож чадахгүй болохоороо хууль санаачлах эрхээ зэвсэг болгон хэрэглэж байна гэж үү?
-Ерөөсөө л тийм байдал монголын төрд тогтож байна шүү дээ. Энэ хууль батлагдсан ч эс батлагдсан ч импортыг орлох экспортыг дэмжих үйлдвэрлэлийн бодлого хаана байна вэ? Үндэсний бүтээгдэхүүнээ танилцуулахгүй бол гадны гоё ганган шошго, сав баглаатай хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд нийгэмд заналхийлэхгүй гэж үү. Мөн архи, тамхийг хорьсон газарт хар тамхины хэрэглээ дэлгэрсэн байдаг. Тиймээс санаачлагчид маань аливааг зөв буруу гэсэн хоёр туйл руу тасдаж шидэхээсээ урьтаж хуулийн нөлөөллийг нь боддог байх хэрэгтэй.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 3 )
50 телевизэд 5 тэрбумыг тарааснаас ОНРТ-ээ дэмжих хэрэгтэй!!! Сайн муу юу гэж хэлсэн ч ийм нэгстатустай байгууллага ардчилсан гэгддэг улс болгонд байдаг, тэрийг нь хэвийн ажиллах нөхцөлийг нь, хууль эрх зүйн орчинг нь төр бүрдүүлж өгдөг, боловсронгуй болгодог...энэ энгийн үнэнийг УИХ-ын гишүүдээс авахуулаад арилжааны телевизийн хөлсний ажилчид ч /захирал нь ч мөн адил/ хүртэл ойлгохыг хичээх хэрэгтэй
Битгий дэмий юм яриад бай өмхий Солонгосын савангийн дуурийг монголд хориглох цаг болсон монгол улс юм бол монгол нэвтрүүлгээ ихэсгэ. Бид гадны соёлын довтолгоонд дэндүү автаад байна. Оюунгэрэл сайд анхаарах ёстой. Монголын түүх монголын соёл нэвтрүүлэхгүй бол муусайн телевизүүдийг хаа
unen unen