Ирээдүй судлаачид манай гарагийн ойрын хэдэн зуун жилийн өөрчлөлтийн тухай өөр өөрсдийн таамгийг дэвшүүлдэг. Нисдэг машин, тэнгэр баганадсан өндөр барилгууд, хүний биеийн онцлогийн тухай шинжлэх ухааны хүрч боломгүй өөрчлөлтүүд гэх мэт. Гэтэл хүн төрөлхтний ойрын 100 жилийн ирээдүйд нэгэн аюултай үзэгдэл хүлээж байгаа тухай хэл судлаачид анхааруулах боллоо.
Яг одоо манай дэлхийн оршин суугчид өөр хоорондоо 6000 хэлээр ярьдаг гэсэн судалгаа гарчээ. Гэтэл энэ тоо ердөө 100 жилийн дараа 600 хүрнэ гэсэн аймшигт судалгааг “Wall Street Journal” сэтгүүлийн редактор, хэл шинжээч, доктор Жонн МакУортер (Dr John McWhorter) анхааруулав.
Түүний бичиж тэмдэглэснээр хүн төрөлхтний соёлын их өв болсон олон үндэстний хэл, яриа дараачийн зуунд буюу 2115 онд эрс цөөрч, бүр одоо байгаагаас 90 хувиар буурах аж. Учир нь технологийн өндөр хөгжил хэт хурдтай явагдсанаар, хүмүүс хоорондоо техник ашиглан өөр орны хэлийг орчуулсаар эцэстээ үндэстнүүдийн хооронд маш цөөхөн хэл үлдэх аюул нүүрлэсэн гэв.
Жонн МакУортер ирэх зуун жилийн хугацаанд хүн төрөлхтөн тэс өөр орчин, соёл, нийгэмд амьдарч эхэлснээр олон үндэстний төрөлх хэл устан мөхөж, олон сая хүн жилээс жилд цөөн тооны хэлд уусах аж. Түүний таамагласнаар зуун жилийн дараа хүн төрөлхтний ойлголцох цөөхөн хэлэнд Англи, Хятад хэл багтах юм байна. Хүн төрөлхтний талаас илүү хувь нь энэ хоёр хэлээр ярьж эхлэх бөгөөд энэ нь хэл соёлын чимээгүй довтолгоо байх болно гэжээ.
Хэл судлаач доктор Жонн МакУортер “Одоо ч зарим үндэстнүүд төрөлх хэлийнхээ ихэнх хувийг мартаж байна. Жижиг үндэстнүүд эх хэлээ мартсанаар тэдний аливаа зүйлийг нэрлэх, ойлгох инстикц үгүй болж, харь орны хэлээр орлуулан ярих болно. Энд технологийн шинэчлэл, орчуулгын үсрэнгүй хөгжлүүд маш өндөр үр дүн үзүүлнэ. Австраличууд төрөлх хэлээ бараг мартсан. Тэнд цагаачлан очигсод англи хэлийг нутагшуулж, бараг л дууссан. Австралийн уугуул иргэд ажилдаа явахдаа, амарч зугаалахдаа үргэлж англи хэл дээрх заавар, замын тэмдэг тэмдэглэгээ хардаг. Энэ бэрхшээл ирэх зуун гэхэд нийт хүн төрөлхтөнд хамаарах болно” гэжээ.
МакУортер хурдацтай сөнөж байгаа жижиг үндэстнүүдийн хэл соёлын мөхлийн шалтгааныг тодорхойлов. Тэрбээр “Аливаа үндэстний дотоод ястнуудын хэлний жижиг группууд яг л хүний биеийн хялгасан судастай адил. Хамгийн жижиг хэлний нэгжүүд нэг нэгэндээ уусч, мартагдсаар эцэстээ бүлгийн хямралд ордог. Аливаа жижиг үндэстнүүд эх хэлээ аварч үлдэх цорын ганц арга зам бол ирээдүй болсон үр хүүхэдтэйгээ эх хэлээрээ ярих, тэдэнд эх хэлнийхээ язгуурыг таних мэдрүүлэх хэрэгтэй. Үгүй бол дэлхий дээрх бүх үндэстэн хоёрхон хэлээр ярих цаг хаяанд ирсэн. Энэ аюул зуу хүрэхгүй жилийн дотор хүн төрөлхтнийг бүрэн эзлэх болно” гэжээ.
“Магадгүй бид өөрсдийгөө 600 үндэстэнд хамааран, тус тусынхаа соёлыг үргэлжлүүлэн амьдарч байгаа гэж ойлгож болох юм. Гэхдээ хүн төрөлхтөн ирээдүйд нэгэн цул дэлхийд амьдарч эхлэх тухай огт санаа зовохгүй байна.
Хэл бол зүгээр л дүрмийн цуглуулга биш юм. Энэ нь үндэстэн бүрийн соёлын нэг хэсэг. Хүүхдүүдэд зөвхөн өөрсдийнх нь хэлийг эцсийн шат хүртэл нь заах ёстой. Хүмүүс нэгэн цул хатуу соёлд нэгдээд ирэхээр үндэстэн бүр өөр өөрсдийн онцлогуудаа алдах болно. Эцэг эхчүүд хүүхдүүддээ зөвхөн англи хэл зааж, англиар бичүүлж, яриулж эхлэх үед жижиг үндэстнүүд хормын дотор үгүйрэн сөнөнө.
Хүн төрөлхтөн дэлхий дээр 6000 хэл байсан тухай зөвхөн номноос уншиж, хүүхэд багачууд Google Translate-ийн хамгийн орчин үеийн хувилбарыг суралцсаар үндсэн хэлээ тэр чигт нь мартах бодит заналхийллийн тухай хүмүүс маш бага ярьж байгаа нь харамсалтай” хэмээн МакУортер бичжээ.
Эх сурвалж: “Дэйли Мэйл”
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )