Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун Израил Улсын Кнессетийн гишүүн, Кнессет дахь Израил-Монголын парламентын бүлгийн дарга Д.Илоүзтэй цахим уулзалт хийлээ.

Бүлгийн дарга О.Саранчулуун уулзалтын эхэнд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Монгол Улс Ойрхи Дорнодын улс орнууд, түүний дотор Израил Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндлэл, ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

 

 

Мөн Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд өндөр, дээд түвшинд болон яам, агентлагийн түвшинд төлөөлөгчдөө харилцан айлчлуулж, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбаруудад хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

 

 

Түүнчлэн хууль тогтоох байгууллага болон парламентын гишүүд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал гүүр болдог бөгөөд цаашид Израил Улстай хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрчим хүч, технологи, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, инноваци зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов.

 

 

Бүлгийн дарга Д.Илоүзийн зүгээс хоёр талын парламентын бүлэг хоорондын анхны танилцах уулзалт амжилттай болсныг сайшааж, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн хууль тогтоох байгууллага хооронд сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэв. Мөн хоёр улсын хооронд болон Улаанбаатар, Тель Авив хотноо зохион байгуулагдах олон улсын хурал чуулганд Израилын тал идэвхтэй оролцоход бүлгийн даргын зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top