”Давс их хэрэглэх нь тархинд цус харвах, хавдар тусах эхлэл болдог”

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 19

-Давсны хэрэглээг бууруулснаар эдийн засаг, хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ-


Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Давсны хэрэглээг бууруулах долоо хоног” болгосон. Тэгвэл Zindaa.mn сайт энэ удаа давсны хэрэглээний талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Хоол судлалын секторын Эрдэм Шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагтай ярилцлаа.

- Давсыг хэтрүүлэн хэрэглэснээс болж хүний эрүүл мэндэд ямар ямар муу үр дагавартай вэ?

- Өнөөдөр дэлхий дээр жилд халдварт бус өвчний (ХБӨ) улмаас 38 сая хүн нас барж байна. Эдгээр хүмүүсийн 60 гаруй хувь нь буруу хооллолттой холбоотой хүчин зүйлүүдээс, 1.7 сая хүн нь давсны хэрэглээ илүүдэлтэйгээс болж тархины харвалтаар нас бардаг. Тэгэхээр давс хэтрүүлэн хэрэглэх нь хамгийн түрүүнд даралт ихдэх шалтгаан болж байна. Яагаад гэвэл давс нь натри, натри нь бөөрөөр хоногт 83 мл моль орчим гарч байх ёстой. Үүнээс хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч чулуужилт үүснэ. Нөгөө талаар натри нь эсийн доторх калийг хөөж гаргаад усыг татчихдаг учраас эс тэжээлээр дутагдаж хавагнах зэрэг сөрөг нөлөө үүснэ. Мөн их хэмжээний натри нь судасны хананд шингэнийг өөртөө татсанаар артерийн даралт нэмэгдэнэ гэсэн үг. Ингэж удаан хугацаагаар артерийн даралт их байх нь тархинд цус харвах бусад өвчлөлүүдэд хүргэдэг. Зарим оронд хийсэн судалгаагаар давсыг хавдар үүсэхэд нөлөөлж байна гэж үзээд байгаа. Амьсгалын дээд зам ялангуяа гуурсан хоолойд агшилт их өгч ингэснээр астам үүсэхэд нөлөөлж байна. Ийм олон сөрөг нөлөөтэй. Манайд хийсэн 2011 оны судалгаанаас үзэхэд  давс ихтэй цай уудаг хүмүүсийн дунд артерийн даралт илүү тархалттай байсан.

- Манай улсын хүн амын хэдэн хувь нь давсыг хэтрүүлэн хэрэглэж байна вэ?  

- Манайх таван жилийн зайтай давсны хэрэглээний судалгааг явуулж байхаар болсон. 2011 оны хүн амын давсны хэрэглээний судалгаанд 25-64 насны хүмүүс хамрагдсан. Энэ судалгаагаар хүн амын 90 хувь нь ДЭМБ-аас зөвлөмж болгосон өдөрт 5.5 граммын нормоос их давс хэрэглэж байна гэсэн тоо гарсан. Энэ нь дээрх зөвлөмжөөс бараг 3 дахин их байна гэсэн үг.

- Манай улс бусад орнуудтай харьцуулбал давсны хэрэглээгээр хэдэд ордог вэ?  

- Яг одоогоор ДЭМБ-аас улс орнуудыг давсны хэрэглээгээр нь жагсаачихсан юм байхгүй байна. Ер нь Монгол хүн амын дундажаар давсны хэрэглээ өндөртэй орнуудын тоонд ордог. Ялангуяа Номхон далайн баруун бүсэд Хятад, Монгол, Япон, Солонгос зэрэг орнууд давсны хэрэглээ хамгийн ихтэй байна.

- Ер нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэвийн хэмжээ хэд байх ёстой вэ?

- Хүнсний эрх зүйн комиссын 2013 онд баталсан стандарт байгаа. Энэ стандартаар хүнсний бүтээгдэхүүнийг гурав хуваасан давсгүй буюу 100 граммд 0.0005 гр, давс багатай буюу 100 граммд 0.004 гр, дундаж давстай буюу 100 граммд 0.12 гр байхаар зааж өгсөн. Гэтэл судалгаа хийхэд манайд зарагдаж байгаа боловсруулсан бүтээгдэхүүний 75.4 хувь нь, нийтийн хоолны  84.3 хувь нь давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн гэсэн ангилалд багтаж байсан. Тэгэхээр Үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, нийтийн хоол, сургууль,цэцэрлэгийн хоолны давсны хэмжээг бууруулахын тулд эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна. Нийтийн хоолны жор технологи л гэхэд 80-аад оны үед батлагдсан бөгөөд давсны хэмжээг тогтоогоогүй “давс” гээд л орхичихсон байдаг. Тийм учраас стандартыг нь өөрчилье гэж НЭМХ санаачлаад савласан хүнсний бүтээгдэхүүнд тавигдах үндэсний стандартыг боловсруулаад явж байна.

- Зарим аймагт давсны хэрэглээ маш их байдаг гэсэн. Тэдгээр аймгуудад давсны сөрөг нөлөөний талаар ямар нэг сургалт, семинар зохиодог уу?

- Хэнтий, Дундговь, Булган, Увс зэрэг аймгуудад хийсэн. Тэгэхэд Увс аймгийн давсны хэрэглээ 13.5 грамм байсан. 2012 онд Увс аймаг манай судалгааны үр дүнг ашиглаад дөрөв, таван сумаа хамруулсан судалгаа хийгээд давсны хэрэглээг бууруулах интервенцийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн. Хамгийн гол нь олон дахин давтамжтай мэдээлэл өгч сургалт, семинар зохиож байж үр дүнд хүрнэ.   

- Хэдэн оноос “Давсны хэрэглээг бууруулах долоо хоногт” нэгдсэн бэ? Энэ нь хэр өгөөжөө өгч байна вэ?

- ДЭМБ-аас давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх долоо хоногийг 2005 оноос хэрэгжүүлсэн. Манай улсын хувьд 2012 оноос энэ үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Үүнийг хэрэгжүүлж эхлэсэнээс хойш манайд хүмүүсийн давсны талаарх мэдлэг, хандлага өөрчлөгдсөн. 2011 оны судалгаагаар давсны агууламж ихтэй бүтээгдэхүүнийг нэрлэж чаддагүй байсан бол энэ үзүүлэлт харьцангуй буурч өнөөдөр таван хүн тутмын нэг нь нэрлэж чаддаг болсон байна. Мөн зарим үйлдвэрлэгчид санаачлага гаргаад давсны хэрэглээгээ бууруулсан. Жишээлбэл, “Талх чихэр” компани 10 нэрийн талхан бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулсан, 2014 оноос “Мах маркет”,” Мөнхийн болор” зэрэг хиамны үйлдвэр бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 10 хувиар бууруулсан.

- “Давсны хэрэглээг бууруулах долоо хоног” үйл ажиллагаа эхлэсэнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Тэгэхээр энэ хугацаанд  хамгийн их давсны хэрэглээгээ бууруулж , үр дүнд хүрсэн ямар улсыг байна вэ? 

- Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг орнууд хамгийн их үр дүнд хүрсэн. Австрали улс л гэхэд хоёр жилийн хугацаанд давсныхаа хэрэглээг бууруулахад  хүн амынхаа дунд байгаа тархины харвалтыг 18 хувиар, зүрхний шигдээсээр нас барагсадын тоог 24 хувиар бууруулсан байдаг. ДЭМБ Австралийн туршлага дээр үндэслээд давсны хэрэглээг багасгах юм бол Номхон далайн баруун бүсийн 600 мянган хүнийг, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг тархины харвалт, зүрхний шигдээстэй холбоотой нас баралтаас сэргийлж болно гэдэг тооцоог гаргасан. Зарим орнуудад хийсэн судалгаанаас харахад нилээн их хэмжээний мөнгө хэмнэх боломжтойг тогтоосон. Манай судалгаагаар хүн амын давсны дундаж хэрэглээ нь 11.1 грамм байсан. Судалгаанд оролцсон 25-64 насны буюу 1.4 сая хүн давсгүй цай уугаад байх юм бол өдөрт 2 грамм давсыг бууруулахаас гадна жилд 624 сая төгрөг хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж дээшилэх боломжтой.

- Дээрхээс гадна давсны хэрэглээг бууруулахаар ямар ямар ажлуудыг хийх зорилт тавьсан бэ? Энэ жилийн хувьд “Хүүхэд ба давс” гэсэн уриатай гэсэн?   

- Ер нь давсны хэрэглээг 40 хувиар бууруулах зорилт тавьчихсан байгаа. 2015 оноос НЭМХүрээлэн, ЭМЯ хамтраад давсны хэмжээг бууруулах үндэсний стратегийг боловсруулаад ЭМЯ-ны удирдлагын зөвлөлөөр батлуулчихсан одоо холбогдох яамдаас санал аваад ЗГ-аар батлуулна. Үүнд 2015-2025 оны хооронд монгол хүний давсны хэрэглээг 30 хувиар бууруулах бөгөөд үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 30 хувиар бууруулна гээд заачихсан байгаа. Үүнээс гадна хүүхэд биднээс бага давс хэрэглэх хэрэгтэй. 1-3 насны хүүхэд 1 грамм, 3-5 насны хүүхэд 2 грамм, 5-9 насны хүүхэд 3-4 грамм хэрэглэх ёстой. Тиймээс хүүхдийн хоолыг тусад нь хийх хэрэгтэй. Тиймээс бид зарим хоолны жорыг санал болгож http://www.ncph.gov.mn/ сайт дээр байрлуулсан байгаа.       

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүрх судас(202.179.20.66) 2015 оны 03 сарын 19

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.213) 2015 оны 03 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top