Зиндаа.мн сайт эрхмийн эрхэм хүмүүсийн тухай өгүүлэх “ЭРХЭМ ЗИНДАА” хэмээх хөрөг нийтлэлийн шинэхэн булангаа уншигч танаа хүргэж эхэлсэн билээ. Холч мэргэн ухаан, хосгүй ховор авьяас билгээрээ өөрийн зиндааг хэдийнэ тодорхойлж, уншигч та бүхний хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүсийн хөргийг та “ЭРХЭМ ЗИНДАА” булангаас маань цувралаар уншаарай. Энэ удаагийн "Эрхэм зиндаа" булангаараа МУГЖ, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбууг та бүхэнтэй уулзуулж байна.
Төрийн дуудлагаар төвийг бараадсан бага нас
Монголд циркийн урлаг анхнаасаа сонгодог хэлбэрээр үүссэн гэж урлаг судлаачид үздэг. Учир нь бусад улс оронд циркийн урлаг гудамжны, тайзны, нүүдлийн хэлбэртэй үүсч хөгжсөн байдаг. Гэтэл Монголын цирк анх үзэгчдэд хөтөлбөрөө нээхдээ л циркийн урлагийн бүх л төрлийг хамарсан сонгодог хөтөлбөртэй байсан гэдэг. Харин уран нугаралтын урлаг циркэд анх 1959 онд орж иржээ. Тэгэхдээ уран нугаралт маань бусад урлагийг бодвол Монголд түлхүү хөгжиж дэлхийд Монголын нэрийг өргөж ирсэн төрөл юм. Нэг ёсондоо Монгол Улс үүх түүх, өв соёл, урлагаараа олон бахархах зүйлтэйн нэг нь уран нугаралт гэж болно. Хүний бие махбодь, сэтгэлийн агуу нөөц боломжийг илтгэдэг уран нугаралтын нарийн хөдөлгөөн, үзүүлбэр, дасгалуудыг хүссэн хүн бүр хийх боломжгүй. Тийм ч учраас нугаралтыг эр зориг, тэсвэр тэвчээрийн урлаг ч гэдэг. Энэ л гайхамшигтай урлагийг дэлхий нийтэд хүргэж, монгол орныхоо нэрийг дэлхийд гаргаж явсан хүн бол яахын аргагүй Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Монголын анхны уран нугараач, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Цэнд-Аюушийн шавь болж, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Мажигсүрэн, уран нугараач Доржпалам нарын халааг авч циркийн урлагт орж ирсэн тэрээр анх энэ урлагийн босгоор алхахдаа есөн настай байсан гэдэг. Завхан аймгийн Сантмаргад суманд төрж, Сонгино сумын сургуульд суралцаж байсан жаахан охин баримтат киноноос Мажигсүрэн гуайн нугарахыг харснаас хойш хөл, толгойгоо нийлүүлэхээр оролдож эхэлжээ. Учир жанцангүй юм орчлонд байхгүй гэж монголчууд ярих дуртай. Тийм л учир жанцангийн далд шижим түүнийг ийнхүү энэ урлагт бие сэтгэл, амьдралаа зориулахын эхлэлийг тавьсан байх. Яагаад гэвэл хоёрдугаар анги төгссөн зун нь урлагийн бригад Сонгино суманд очиход өнөө мундаг уран нугараач Мажигсүрэн нь очиж таарч, үеийнхнээсээ уян хатан биетэйг нь мэдэх биеийн тамирын багш нь түүнд бяцхан Норовсамбууг танилцуулж, нугаруулж үзүүлснээр тэрээр төрийн дуудлагаар Улаанбаатарт хотод циркийн сургуульд суралцахаар ирсэн түүхтэй юм.
Хоёр тэмээнийхээ нэгийг зарж зардал хийж ирсэн ээж охин хоёр Төрийн шагналт зохиолч Ванганы аав, ээжийн талын садан болох Ламзавындаа бууж, тэднийхнээр нэг хэсэгтээ л дамжин амьдрахаар болж, Норовсамбуу тавдугаар сургуулийн сурагч болжээ. Харин уран нугаралтын зам нь тийм ч шулуун дардан эхэлчихсэнгүй. Эхлээд гадаадад тоглолтоор явчихсан байсан Цэнд-Аюуш багшийгаа хэсэгтээ л хүлээв. Багш ч ирэв. Сургуулилт ч эхлэв. Гурван сар сургуулилт хийсэн ч хоёр гар нь болж өгсөнгүй. Циркийн удирдлага ч “Энэ хүүхэд циркчин болохгүй нь. Хол аймгаас ирсэн. Эртхэн нутаг буцаа” гэж тушаав. Харин хүн танихдаа гарамгай багш нь “Авьяастай хүүхэд байгаа юм аа, гурван сарын л хугацаа өгчих” гэснээр тэрээр цирктээ үлдэж, гурван сарын дараа шалгуулахдаа сайн болчихсон байсан учир 250 төгрөгийн цалинтай дагалдан жүжигчин болжээ. Энэ үед тэрээр арван настай байв. Нэг сарын дараа соёлын системд өөрчлөлт ороход 300 төгрөгийн цалинтай болсон бол жилийн дараа мэргэжлийн жүжигчин болжээ. Ингэж л уран нугаралтын урлагт бие сэтгэлээ, бүх л амьдралаа зориулах он жилүүд эхэлсэн гэдэг. Түүний анхны жүжигчин гэж дуудуулж тоглосон тоглолт бол Хэнтий аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт байлаа. Харин циркийн төв манежинд 1959 оны 12 дугаар сард “Цэцгэн дээрх эрвээхэй” ноймероороо гарчээ. Энэ цагаас хойш түүний циркийн урлагт оруулсан хувь нэмэр, уран нугаралтын төрөлд хийсэн шинэчлэлтүүд олон сайхан амжилтийг дагуулсан юм. Хамгийн эхнийх нь Ардын хувьсгалын 40 жилийн ойн наадмаар хийсэн тэнцвэрт нугаралт гэдэг ноймер. Энэ ноймерийг Монголын циркийг шинэчилсэн үзүүлбэр гэж үздэг. Үүнийг хийснийхээ төлөө 600 төгрөгөөр шагнуулж, шагналаараа төмөр ор авсныг ээж нь хожим хойно хүртэл “Хүүгийн минь шагналын ор” хэмээн хаашаа ч нүүсэн аваад явдаг байсан гэх сайхан дурсамж бий. Түүний ээж охиныхоо төлөө бүхий л амьдралаа зориулсан сайхан буурал. Энэ сайхан буурлын “Би хотод ирсээр улсад огт ажилласангүй ээ. Охин минь өдөрт дөрөв, таван тоглолттой байна. Бие нь дийлэхгүй хандлагатай болоод ирэхээр нь хоол ундыг нь тааруулж өгөх гэсээр улсад ажил хийж чадаагүй ээ. Гэхдээ би гомддоггүй. Охин минь таван тивээр явлаа” хэмээн ярьсан сайхан яриа хальснаа хадгалагдсан үлджээ.
Хайр дурлалаас хол халуун залуу нас
“Норовсамбууг ид мандаж явах үед түүнийг богтлох нь битгий хэл болзоход хэцүү” гэж тэр үеийн залуус ярьдаг байлаа хэмээн Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ яруу найрагч Б.Лхагвасүрэн тэр үеийн тухай дурсан ярьсан удаатай. Үнэндээ урлаг түүний халуун залуу нас, хувийн амьдралыг золиосолсон. Ямартаа л эр хүнтэй ойртуулахгүй байхыг багш, ээж хоёрт нь төр даалгасан гэдэг. Тиймдээ ч түүнийг гадаадад тоглолтоор явахад бусадтай нь цуг байлгалгүй настайвтар хүнтэй ч юм уу, багштай нь нэг өрөөнд оруулдаг, ерөнхийдөө 27, 28 нас хүртэл нь захиргаадан барьж байсан аж. Эрт хүүхэд гаргасан хүний бие хатуураад нугарч чадахаа больдог гэж үздэг байснаас тэр. Харин одоо тэрээр шавь нартаа эртхэн хүнтэй сууж, хүүхэд гаргаад, ажил хий гэдэг гэсэн. Залуу нас нь төрийн хатуу даалгаврын дор өнгөрч, гадаадад багш нь, эх орондоо ээж нь хажуунаас нь салдаггүй байснаас үеийн залуусынх нь дунд эрхэм найрагчийн ярьсан яриа явдаг байж л дээ. Тийм ч учраас тэрээр хожуу амьдрал зохион, аавынхаа хамгийн сүүлчийн захиасыг биелүүлж гараасаа хөтлөх сайхан хүүтэй болсон. Гэвч нөхөр, ханьтайгаа бүтэн амьдарч чадалгүй салсан байдаг. Энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа шинжлэх ухааны хүн, урлагийн хүн хоёр тохирдоггүй юм билээ хэмээн дурссан нь бий. Харин гайхамшигт уран нугараач маань энэ бүхэнд одоо ч харамсдаггүй. “Төр намайг золиосолсон ч би баярладаг. Надад байгаа бүх шагналаа өгч, миний амьдралыг өдий зэрэгт хүргэсэн” гэнэ.
Ээжийнхээ тухайд харин “Миний ээжий их ачтай хүн. Ээж минь үнэндээ намайг хүнтэй суулгахгүй гэж дагахаасаа илүүтэй Төрийн концертийг л үзэх гэж очдог байсан. Ээж минь өнгөрөхөд мөн ч хэцүү байсан шүү. Түүнээс хойш өчнөөн удаа гадаадад явсан. Ирэх болгондоо ээжийгээ бодоод халшраад онгоцноос буумааргүй санагдах үе олон байсан. Яагаад гэвэл гадагшаа яваад ирэхэд ээж минь хамгийн түрүүнд тосч байдаг байлаа. Хүнээс нулимсаа нууж орондоо уйлсан үе олондоо” хэмээн нулимстай дурсамж хэлхэнэ. Эх үрийн холбоо агуу гэдгийг тэр биеэрээ мэдэрдэг байсан учраас тэр байх. Жүжигчин бүр алдчихвал яана гэсэн айдастай ордог төрийн концертод тоглох бүрдээ тэрээр “би энэ төрийн томчуудын өмнө биш ээжийнхээ өмнө тоглож байгаа” гэсэн бодолтой ордог байж. Тийм ч учраас нэг ч удаа алдаж байсангүй. Үүнийгээ ээж минь надад хүч өгдөг байсан юм гэнэ. Үнэндээ ид мандаж байх үедээ мөн ч олон төрийн концертод оролцож, тэр үед Монголд ирж байсан гадаадын том орнуудын ерөнхийлөгч, зочид төлөөлөгчдийн өмнө тоглож, олон ч том театрын тайзан дээр гарсан. Тэр бүхэндээ ээжийгээ бодож, эх орноо бодон гарч нэг ч алдаа гаргаж байгаагүй нь сэтгэлийн том хүчний нөлөөлөл биз.
18 настай хамгийн залуу гавьяат
Түүнийг уг нь аравдугаар ангид байхад нь гавьяат цол өгөх гэж байгаад “сургуулийн хүүхдэд том шагнал арай ч өгч болохгүй юмуу даа” гээд өгөөгүй гэдэг. Ингээд сургуулиа төгссөнийх нь зун наадмаар МУГЖ гэдэг цолыг түүнд олгожээ. Норовсамбуугийн хувьд энэ талаар зүүдлээ ч үгүй байж. Тэр ч байтугай Хүүхдийн паркийн нээлтийг очиж үзье гэж ээжээсээ гуйн зөвшөөрөл авч чадалгүй хоол хийх үүрэг хүлээн зогсч байсан гэж байгаа. Гэтэл тухайн үеийн циркийн дарга Сосор утасдан гоё хувцсаа өмсөөд байж бай, парк явна гэхэд жигтэйхэн баярлажээ. Харин өнөө парк авч явах дарга нь дагуулж явсаар Самбуу даргын өрөөнд дагуулаад орсонд шууд тушаал уншин “БНМАУ-ын гавьяат жүжигчин” гэх эрхэм цолыг энгэрт нь зүүж өгчээ. Зүүд ч юм шиг энэ үйл явдалд тухайн үедээ нэг л итгэж өгөхгүй, хожим ч итгэж өгөхгүй байсан гэдэг. Тэгсэн хэрнээ шинэ жилээр Ж.Самбуу дарга, Ю.Цэдэнбал дарга нар хайрцаг баавгайтай чихрээр шагнахад хачин их баярлажээ. Жаахан хүүхэд болсон хойно медалиас илүү чихэрт дуртай байж. Ингэж л Монголын хамгийн залуу гавьяат болсон тэрээр аравдугаар ангиа онц төгссөний учир МУИС-ийн англи хэлний ангид урилгаар орж суралцаж, гавьяат юм чинь арын хаалгаар орсон байх гэж байнга шалгадаг багш нарынхаа хэцүү асуултуудыг торохгүй давсаар сургуулиа онц төгсжээ. Харин циркээс цалинтай байсны улмаас тухайн үеийн оюутнуудад олгодог байсан цалинг түүнд өгдөггүй байсан гэдэг. Гэхдээ энэ бүхэн түүнийг циркийн урлагтаа зүтгэхэд огтхон ч саад болсонгүй. Сургуулиа төгсөөд орчуулагч хийх уйтгартай санагдсан учир гуйсаар цирктээ үлдэж, Төрийн соёрхол, Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаан, одоо ч энэ урлагийнхаа төлөө хүчин зүтгэсээр, хойч үеэ бэлдсээр яваа юм.
Хүн эх орондоо эцгээрээ, хилийн дээс алхаад эх орноороо овоглодог
Энэ үгийг Б.Норовсамбуу гуай хэлсэн. Ингэж явсан үе түүнд олон. Анх 1962 онд Монголын циркийн бүтэн хөтөлбөр ардчилсан Вьетнам улсад тоглоход тэрээр анх багштайгаа хамт явж, хилийн дээс алхжээ. Түүнээс хойш жил алгасалгүй гадны улс орнуудаар явж тоглосон байна. Ингэж их гадаад орноор явахаар үндэсний үзэлтэй болдог гэнэ. Нэгэнтээ тэрээр Анголд тоглохоор болоход тайз нь жаахан хазгай учир өдөржин шахуу тайзан дээрээ өнжиж, ширээгээ хэрхэн байрлуулахыг тайз засагчдаас гуйжээ. Гэвч яг тайзан дээр ширээн дээрээ гарахад ширээ нь догонцож байв. Энэ чигээрээ тогловол алдана. Алдахаар улсын маань нэр гарна. Тэгэхээр алдах эрх байхгүй гээд анх удаа ширээн дээрээсээ буун толгой дээрээ тавьдаг шилэн ваараа тайзан дээр тавиад ширээний хөлөө засч байхад нулимс нь өөрийн эрхгүй асгарч байжээ, өдөржингөө гуйж байхад ширээг минь ингэж засах гэж гомдоод тэр. Гэхдээ бусад орныхон харж байхад инээх ёстой гээд ширээгээ засчихаад ваараа өргөөд босохдоо инээгээд босч, үзүүлбэрээ инээсээр хийж дуусгаад өрөөндөө гарцаараа ороод уйлж суусан түүх түүнийх. Тэгвэл шашны үзлээс болоод Бирмд тоглосон тоглолтод эвгүй байдалд орж, түүнийгээ эвтэйхэн залруулж байсан сайхан дурсамжийг орхиж боломгүй. Яагаад гэвэл нүцгэн шахуу, дотуур хувцастай нугардаг түүний үзүүлбэрийг Бирмчүүд нүүрээ даран харж чадахгүй байжээ. Тэгтэл орой нь дахиад тоглох ёстой байдаг. Тиймээс тэрээр ширээгээгээ тайзан дээр байрлуулан хөшгөө хаалгаад, өөрөө ширээн дээрээ дарь эхийн суудлаар суун хөшгөө нээлгэхэд өнөө харж чадахгүй байсан үзэгчид мөргөж байсан гэдэг. Шашин шүтлэгийг нь ашиглаж, үзүүлбэрээ үзүүлсэн нь энэ. Тэгвэл зарим газарт түүнийг резинэн хүн үү, барьж үзье гэж байсан тохиодол ч цөөнгүй. Иймэрхүү сонин сайхан дурсамжууд болгоныг сөхвөөс цаг, цаас хоёр нэлээд хэрэг болох нь дамжиггүй юм. Ямар ч байсан тэрээр дайн тулааны бүсэд ч, найрамдалд хөршүүдийн дунд ч монгол уран нугараачийн гайхамшигт үзүүлбэрийг үзүүлэн, дэлхийд гайхуулж явсан нь харин маргашгүй юм. Одоо ч тэрээр монгол уран нугаралтын гайхамшгийг шавь нараараа дамжуулан дэлхийд гайхуулсаар байгаа билээ.
Тэрээр циркийн түүхэнд “ Тэнцвэрт нугаралт”, “ Олноор нугаралт”, “Хосолмол нугаралт”, “Ганцаарчилсан нугаралт” зэрэг олон үзүүлбэрүүдийг бэлтгэн тоглож, агаарын гимнастикийн янз бүрийн хувилбарыг боловсруулжээ. Түүний дэглэсэн “Могойн чуулган” үзүүлбэрийг дэлхийн томчууд үзээд Монголын циркийг дэлхийн төвшинд гаргалаа хэмээн дуу алдсан бол өнгөрсөн онд л гэхэд түүний шавь охид дэлхийн циркийн их наадмаас “Цасны ирвэс” үзүүлбэрээр нь мөнгөн медаль хүртээд ирсэн амжилтын буухиа үргэлжилсээр байгаа юм. Тэр циркээ хувьчлагдсан сэтгэл дундуур явдаг. Тэгэхдээ сайн жүжигчин бэлтгэхэд мэддэг чаддаг бүхнээ хэлж өгөхсөн гэсэн хүслээр цирктээ байнга ирдэг. Түүний хүслийн биелэл олон сайхан шавь нь гайхамшигт уран нугаралтыг дэлхийд гайхуулсаар явна. Тийм болохоор тэр мөнхөд дэлхийд гайхагдах монгол бахархал мөн биз ээ.
Ш.Анхтуяа
Сэтгэгдэл ( 7 )
uuruu zohioloo bicheechee.... ingej muuhai hunii buteelig huulj bolohgui.. baliar gar ve
100 erhemiin yumig ingej muuhai huulj boldog yumuu
сайхан хүмүүн шүү та, урт насалж олон олон сайхан шавь төрүүлээрэй Бурхан өршөөг
Gaihaltai yumaa. Urt naslaarai
Сайхан хүний тухай сайхан нийтлэл байна. Энэ хүнээр бахарахахгүй байхын аргагүй.
Baharhaj baina Uneheer setgel hudulmuur tuuhtei gaihamshigt uran buteelch. Az jargal husie.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮