Г.Амарсанаа: “Нээлттэй өгөгдөл” энэ зууны нийтийн баялаг

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

“Нээлттэй өгөгдөл” хэмээх нэр томьёо утга агуулгаараа амьдрал дээр ил тод болж эхлэх, “Нээлттэй өгөгдөл”-ийн мэдээллийг цахимаар авч ашиглах боломжийг хангахуйц төслийг Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП), МУИС-ийн харьяа ХШУИС хамтран эхний хувилбарыг нэвтрүүлж байна.

Уг төслийг нэвтрүүлснээр нэгдсэн цахим хуудсаар байгууллагуудын статистик мэдээлэл бүхий “Нээлттэй өгөгдөл”-ийг хүссэн иргэн, байгууллага бүр алба, амины ажилдаа ашиглах гарц бий болж байгаа юм.

Тус төслийн санаачлагыг хэрэгжүүлж буй МУИС-ийн ХШУИС-ийн багш Г.Амарсанаатай хийсэн ярилцлагыг Та бүхэнд хүргэж байна.

-Данс тооцооны бүртгэл ил тод байдлаар шилэн дансаар зохицуулагдаад эхэлсэн. Үүнтэй адилхан “Нээлттэй өгөгдөл”-ийг амьдралд илүү ойртуулсан төслийг санаачлан хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж сонслоо. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү. “Нээлттэй өгөгдөл” гэдэг нэр томьёонд яг юуг хамаатуулж ойлгох вэ?

-Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран манай сургууль хамгийн анхны нээлттэй өгөгдлийн санаачлагыг хэрэгжүүлж уг ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо.Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн нэгэн ямар ч зорилгоор чөлөөтэй ашиглаж хэрэглэх бүрэн болмжтой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Товчхондоо нээлттэй ашиглах зөвшөөрөл(open license)-өөр түгээдэг өгөгдлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл нээлттэй өгөгдлийг ашиглаад хэн ч, юу ч боловсруулж, гүйцэтгэж болох бөгөөд өгөгдлийг боловсруулж мэдээлэл гарган авч түүнийгээ ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж болно.

Нөгөө талаас мэдээллийг боловсруулж гарган авахад хэрэглэх түүхий эд буюу өгөгдлийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хоорондоо солилцсоноор нэг нэгнээ сайн мэддэг болж хамтын ажиллагаа сайжирч нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх замаар сайн сайхан нийгэм байгуулах боломжийг олгодог ач холбогдолтой.

-Цар хүрээний хувьд өргөн, өндөр ач холбогдолтой гэдэг нь Таны товч тодорхойлолтоос л харагдаж байна. Манайд арай л сүүлд нэвтэрч байна гэж ойлгож болох уу. Ер нь олон улсын жишиг, чиг хандлага ямар түвшинд явж байгаа бол?

-Аливаа улс орон өөрт цугларсан нээлттэй байж болох өгөгдлийг нийтэд түгээснээр төр, засаглалын талаарх иргэдийн мэдээлэл, мэдлэг сайжирч иргэдийн оролцоо сайжирч, иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ гэж үздэг байна.

Энэ зарчим нь эргэх холбоогоор төрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, төр тунгалаг байх тогтолцоог бүрдүүлдэг байх нь. Нөгөө талаас бизнесийн байгууллагууд ч гэсэн нээлттэй өгөгдлийн хүрээнд хамтын ажиллагаагаа сайжруулж болно. Орчин үеийн глобалчлагдсан нийгэмд асуудлыг маш олон хүний санал, оролцоогоор шийдвэрлэдэг болсон.

Тэгвэл энэ оролцоог хангахын тулд оролцогч талуудыг мэдээлэлтэй болгох шаардлагатай. Үүнийг мэдээллийн технологийн ололтыг ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамаарч өгөгдлийг хүртээмжтэй түгээх арга бол нээлттэй өгөгдөл юм.

Өнөөдөр нээлттэй өгөгдлийг олон улсад маш эрчимтэй хөгжүүлж байна. Сүүлийн хоёр жилд өгөгдлийн хэмжээ маш их нэмэгдэж байна. Жишээ нь, Их Британы Засгийн газар 13000 өгөгдлийн бүрдэл нийтэлж нээлттэй байж болох өгөгдлийнхөө 97%-ийг түгээж байна.

Төрийг илүү нээлттэй, хариуцлагатай, иргэдэд хүртээмжтэй болгох зорилготой олон улсын санаачлага болох “Нээлттэй засгийн түншлэл”-д одоогоор 65 улс нэгдээд байгаа юм.

Түүнчлэн нээлттэй өгөгдөл нь дэлхий даяар боловсрол, тээвэр, эрүүл мэнд гэх мэт 7 салбарт жилд их наяд ам. доллараас илүү баялаг бүтээх боломжтой гэж байгаа. Энэ хэдэн баримтаас харахад олон улсын түвшин ямар байгаа нь тодорхой болов уу.

-Манай орны хувьд “Нээлттэй өгөгдөл”-ийн хөгжлийн түвшин хаагуурхан явж байгаад дүгнэлт өгч чадах уу Та?

-Нээлттэй өгөгдлийг түгээх 5 одны схем гэж байдаг. Энэ схемийн дагуу 1 одтой өгөгдөл бол вэб хуудсаар нийтэлж буй бичвэр, график, эсвэл PDF файл форматаар татаж авах боломжтой өгөгдлийг хэлдэг.

Ийм төрлийн өгөгдөл бол манай улсад бий. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай зэрэг хуулийн дагуу гаргаж байгаа төрийн мэдээллүүдийг энэ ангилалд оруулж болно. Гэвч бидэнд нээлттэй өгөгдлийг түгээх нэгдсэн платформ, каталоги, стандарт, бодлого дутагдаж байна.

Хууль эрх зүйн хувьд мэдээллийг ил тод болгох боломжтой болсон боловч эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа. Энэ бүх ажлыг хийхэд төр манлайлан ажиллах шаардлагатай юм. Тиймээс бид нээлттэй өгөгдлийг нийгэмд сурталчлан таниулах, нээлттэй өгөгдлийг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор нээлттэй өгөгдлийн санаачлагыг эхлүүлээд байна.

-Та бүхний эхлүүлсэн энэхүү “Нээлттэй өгөгдөл”-ийн ажил хэр явцтай байна вэ?

-МТҮП, МУИС-ийн ХШУИС хамтран нээлттэй өгөгдлийн санаачлагыг эхлүүлж байгаа. Эхний ээлжинд нээлттэй өгөгдлийн системийг байгуулж, МТҮП өөрийн нээлттэй байж болох өгөгдлийг нийтлэж гаргалаа.

Мөн МТШХХГ энэ санаачлагад нэгдэж анхныхаа өгөгдлийг нийтэлсэн. Бидний ажлыг Үндэсний Дата Төв (ҮДТ) дэмжиж data.gov.mn домэйн нэр олгож, нээлттэй өгөгдлийн системийг байрлуулах боломжийг олгосон. Одоогоор data.gov.mn домэйн дээрх системийг альфа хувилбараар ажиллуулж эхлээд байгаа бөгөөд дараагийн хувилбарыг ҮДТ-д байршуулах юм.

МУИС-ийн хувьд өөрсдийн нээлттэй өгөгдлийг нийтлэх гээд байж болох өгөгдлүүдээ тодорхойлохоор ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар Улаанбаатар хотын нээлттэй өгөгдлийг үүсгэхээр ажиллаад эхэлчихсэн байгаа.

Бид эхний удаа тодорхой хэмжээний өгөгдлийг нийтэлсний дараа нийгэмд сурталчлах, сургалт зохион байгуулах, дараа дараагийн байгууллагуудыг нэгтгэх, нээлттэй өгөгдлийн ач холбогдлыг таниулсан сайн жишээг харуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Нээлттэй өгөгдлийг ярьж эхэлсэнээс хойш өнгөрсөн жилийн хугацаанд энэ санаачлагын хувьд өнөөдөр хүрчихээд байгаа үр дүн маань энэ. Энэ санаачлагыг ойлгож нэгдэж байгаа салбарын байгууллагууддаа талархал илэрхийлье.

-Таны бодлоор ямар өгөгдлийг нэн тэргүүнд нээлттэй гаргах хэрэгтэй вэ.Эдгээрийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар…?

-Миний бодлоор нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдлүүдийг нэн даруй нээлттэй болгох хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол, хотын тээвэр, эрүүл мэндийн нээлттэй өгөгдлүүдийг нэрлэж болно. Манай улсын нийт хүн амын тал орчим хувь нь нийслэлд амьдарч байна.

Авто замын түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэхэд авто замын ашиглалт, хотын тээврийн зохицуулалт, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх өгөгдлийг нээлттэй болгосноор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, холбоодууд асуудлыг бодитой тооцоо судалгаан дээр үндэслэж тодорхойлсноор шийдвэрлэх арга замыг тал бүрээс тодорхойлж хэлэлцэх боломжтой.

Нөгөө талаас энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй тэдгээр байгууллагуудад бодитой тооцоо судалгаа хийхэд өгөгдөл чухал хэрэтэй. Мэдээллийг гаргаж авахын тулд эх өгөгдөл чухал. Мөн үүнийг ашиглаад мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшил шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах боломжтой.

Бодит хугацааны авто замын ашиглалтын тухай өгөгдлийг нийтэд түгээвэл гэрээсээ ажилруугаа явахад ямар замаар явах нь оновчтой болохыг санал болгоход програм хангамжийн бүтээгдэхүүн бий болох боломжтой. Хэр их хэмжээний өгөгдөл нийтлэнэ төдий чинээ боломжийг нийгэмд бий болгоно гэсэн үг.

Гэх мэтчилэн бусад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдлийг тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд нээлттэй болгох тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэд ингэж ажилласны үр дүнд асуудлыг зөвхөн өөрсдийн хүчээр шийдвэрлэх бус бусдын хүчийг ашиглан хамтран шийдвэрлэх боломжтой болно.

Өөрөөр хэлбэл, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн өмнөөс хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэх боломж бүрдэх юм.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх маш хэрэгтэй санаачлагыг эхлүүлж буй Та бүхний ажлын гараа сайн байна гэж товч дүгнэлээ. Та бүхэн мэдээллийн технологийн давуу талыг ашиглан цахим нээлттэй орчныг ашиглан “Нээлттэй өгөгдөл”-өө улам бүр дэлгэрүүлээрэй хэмээн хүсч, ажлын амжилт хүсье?

-Та бүхэнд ч бас ажлын өндөр амжилт хүсье. Төсгөлд нь хэлэхэд төрийн өгөгдөл бол ард түмний өмч. Газрын доорх баялаг бол нийтийн баялаг гэдэгтэй адил өгөгдөл бол 21-р зууны нийтийн баялаг юм. Энэ баялагаа олон нийтэд хуваалцаж, өөрсдийн тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, асуудлыг оновчтой шийдвэрлэж чадаж байгаа улс орны хөгжлийн зам дардан байх болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Зочин(202.180.216.234) 2015 оны 04 сарын 29

Сайхан санаачилга байна. Ажлын амжилт хүсье.

0  |  0
Top